ЖАГСААЛ, СУУЛТ ПАРЛАМЕНТЫГ ГАЦААВ

МАН-ынхан жинхэнээсээ гудамжинд гарсныг илтгэх vйл явдал өнгөрсөн долоо хоногийн сvvлчээр өрнөж, олны анхаарлыг татлаа. Нэг vе төрийн эрх барьж байсан тус намынхан УИХ-ын хоёр гишvvний суудлаас болж анх удаа гудамжинд гарч тэмцлээ илэрхийлэв.
УИХ-ын өнгөрсөн пvрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ноос гаргасан шийдвэрийг vндэслэж, Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөл болох Г.Батхvv, Д.Зоригт нараар УИХ-ын гишvvний тангараг өргvvлэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх байлаа. Гэвч МАН-ынхан СЕХ-ны шийдвэрийг хууль бус, дараагийн шатны шvvхийн шийдвэр гартал энэ асуудлыг чуулганаар хэлэлцэхгvй, хойшлуулахыг шаардаж, тэмцлийн хэлбэрт шилжсэн юм. Намын гишvvд дэмжигчид хоёр өдрийн турш гудамжинд жагссан бол УИХ дахь МАН-ын гишvvд Төрийн ордны чуулганы танхимын гурван хаалгыг буйдан, сандалаар таглаж, суулт хийлээ. Тэднээс болж УИХ-ын ажил гацаанд орж, пvрэв, баасан гарагт нэгдсэн чуулганаа хуралдуулж чадсангvй. МАН-ынхан парламентыг хэзээ болтол гацаах нь ч тодорхойгvй байна.

Чуулганаар хэлэлцэх асуудлыг чухал бус гэв

УИХ-ын өнгөрсөн долоо хоногт болох чуулганы хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр жагсаалт гаргасан байлаа. Тухайлбал, Компанийн тухай хуулийн зарим заалт Vндсэн хуулийн холбогдох зvйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Vндсэн хуулийн цэцийн 2012 оны 4 тоот дvгнэлт, Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гvйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхvvгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцvvлэг/, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцvvлэг/, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хvрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хvний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хvртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдvvлсэн, хэлэлцэх эсэх/, “Vнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцvvлэг/ хэлэлцэх байв.
Гэтэл МАН-ын гишvvд Өвөрхангай аймагт сонгууль будлиантуулсан хоёр хvнийхээ эрх ашгийг дээгvvрт тавьж, улс орон, иргэдийн амьдралд чухал асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх ажлыг гацаагаад байгаа юм. УИХ дахь тус намын гишvvд чуулганаар хэлэлцэх асуудлууд чухал биш зvйлvvд байсан гэж хэлсэн нь ч олны эгдvvцлийг төрvvлж буй.

“Ардчиллаа аваръя” буюу шvгэлтэй жагсаал

МАН-ын туг, далбаатай хамт “Хууль шийдвэр гаргадаг СЕХ огцор”, “Ардын хvv ялж болдоггvй сонгууль уу”, “Ялсан нь ялтан болж, Ялагдсан нь гишvvн болох уу” гэх мэт эсэргvvцлээ илэрхийлсэн янз бvрийн vгтэй уриа лоозон барьсан хvмvvс. Хааяа тvн тvн хийтэл нvдэх поошиг. “Портер” маркийн машины тэвшин дээрх индэр. Энэ бол МАН-ынхны анх удаа гудамжинд хийсэн жагсаалын өнгө төрх. Сvхбаатарын талбайд өмнө нь хийж байсан жагсаал, цуглаанаас ялгарах гэсэндээ ч тэр vv, жагсагчдад шvгэл тараажээ. Жагсаал зохион байгуулагч, дээрх мэт уриагаа хэлэхэд жагсагчид давтан хэлж, шvглээ vлээнэ. Нэг vгээр хэлбэл, МАН-ынхан аврал эрж, өрөвдvvлэх гэж байгаа ч юм шиг.
Тэд “Ардчиллаа аваръя” уриан дор жагсагчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хvргvvлсэн юм. Эл шаардлагаа өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өгөх гэсэн боловч, спикер өрөөндөө байгаагvй учир цуглаан зохион байгуулагчид хаалга мөргөв. Харин шаардлагаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт хvлээлгэж өглөө. Тэд шаардлагын хариуг энэ сарын 26-ны дотор өгөхгvй бол тэмцлийн өөр хэлбэрт шилжихээ ч илэрхийлэв.

МАН-ынханд ямар хариуцлага
тооцох вэ

УИХ дахь МАН-ын гишvvд хоёр өдрийн турш чуулганы хуралдаан явуулах танхимын vvдэнд нэг нэг лоозон барин, суулт хийлээ. Тэдний энэ vйлдэл хууль бус гэдгийг олон хvн хэлж байгаа юм. Тухайлбал, тэд Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийг зөрчиж буй гэнэ. Эл хуулийн 11,4-т “Төрийн ордон, тvvний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийхийг хориглоно” гэж заажээ. МАН-ынхан гишvvд чуулганы танхимын vvдийг хааж, суулт хийснээр хуулийн энэ заалтыг зөрчиж байна. Vvгээрээ МАН-ын тэмцэл онцлог болж байна гэхэд ч болно.
УИХ-ын гишvvн Г.Уянга Төрийн ордны чуулганы танхимын vvдэнд суулт хийж буй МАН-ын гишvvдэд хандан “Та нар ингэж хууль зөрчиж болохгvй” гэж хэлж, тэдэнд “идvvлэх” шахсан. Өмнө нь Төрийн ордонд битгий хэл, Сvхбаатар талбайд ном журмын дагуу жагсаал цуглаан зохион байгуулснаас болж АНАТХ-ны тэргvvн Г.Уянга, МАЧХ-ны тэргvvн Г.Баасан гэх мэт хvнийг хууль хяналтынхан Жагсаал, цуглааны журмын тухай хууль зөрчсөн гэж буруутган хорьж ч байсан удаатай. Харин энэ удаад Жагсаал, цуглааны журмын тухай хууль, Монгол Улсын Төрийн ордны тухай хууль зөрчсөн МАН-ынханд ямар хариуцлага тооцох бол гэж олон нийт ч хvлээж сууна шvv, хууль хяналтынхаан.
Төрийн ордны тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд иргэнийг 20-50 мянган төгрөг, албан тушаалтныг 20-60 мянган төгрөг, байгууллагыг 50-250 мянган төгрөгөөр торгох тухай заалт ч байна билээ. Харин Жагсаал, цуглааны журмын тухай хуулийг ямар нэг байдлаар зөрчсөн тохиолдолд торгохоос гадна баривчлах хvртэл хариуцлага тооцох заалттай аж.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих