ONYX монголчуудыг нэлээд доромжилжээ

Хип хопын амьд домог “ONYX” хамтлаг манай улсад айлчлан ирлээ. Монголын хип хопыг төлөөлж “Click click boom” хамтлаг хамтран тоглож оригналь хип хопыг мэдрүүлнэ хэмээн хэд хоног шуугив. Хип хоп сонирхогчдын хүсэн хүлээсэн тоглолт уржигдар буюу аравдугаар сарын 20-ны бямба гаригт Буят-Ухаа спорт ордонд болсон юм. Гэвч тоглолтын эхлэх цагаагаас гуч, дөчин минут өнгөрсөний дараа ч тайз хоосон. Уйдсан үзэгчид спортын ордноор нэг нааш цааш холхино. Тоглолт яагаад эхлэхгүй байгаа учрыг лавлавал “Үзэгчдийн тоо ONYX хамтлагийнхны санаанд хүрээгүйгээс тэд буудал руугаа буцаад явчихсан. Гэхдээ ямар ч байсан тоглолт болдогоороо болно. Үзэгчид жаахан цуглахаар эхэлнэ байх” гэсэн хариултыг тус тоглолтын зохион байгуулагч нь хэлэв. 5045 хүний суудал бүхий Буянт-Ухаа спортын ордонд ойролцоогоор 700-гаад үзэгч цугласан нь ONYX хамтлагийнхны дургүйцлийг төрүүлжээ.

Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр тоглолт эхлэх цагаас хоёр цаг гаруй хугацаа өнгөрсний дараа Рэппер Gee тэргүүтэй “Click click boom” хамтлагийхан нэг нэгээрээ цувран гарч ирцгээв. Тус хамтлагийн дуунуудад Монголын хип хопчид дуртай хэдий ч энэ удаа тэд сонин биш байлаа. Үзэгчид ONYX хамтлагийн тоглолтыг үзэх гэж ирсэн нь илт. Гэтэл үзэгчдийн өөдөөс нөгөөдүүл нь “…Хараал идсэн гадны соёл надад хамаагүй би бол тусдаа хүн… гахайд байна уу П… минь…” хэмээн хуруу гараараа чичих нь нөхцөл байдлыг улам эвдэж орхив.

Харин хараалын үгийг хамаагүй угсруулан хэлэх нь оригналь хип хоп юм гэж ойлгох болсон хэдэн бацаануудад тэр нь тун таатай байгаа бололтой. Тэдний дуулахыг алсаас харж зогссон хип хоп сонирхдог шинжтэй хоёр залуу “Энэ Gee дууныхаа үгэнд шинэчлэл хиймээр юм. Хэнийг хараагаад байгаа юм бол. Гадны соёл надад хамаагүй гэчихээд ONYX хамтлагын далбаан дор өөрийгөө рекламдах гэж байж” хэмээн ярилцана.

Тоглолтын тасалбар гурван янз. Суудалтай нь 15 мянга, тайзны өөдөөс харж босоогоороо тоглолтыг үзэх нь 25 мянган төгрөгийн үнэтэй аж. Мөн тоглолтыг VIP өрөөнд тухлан сууж үзэх эрхтэй 100 хүний тасалбарыг 100 ам.доллараар заржээ. Гэсэн ч сүүлдээ энэ эрэмбэ зиндаа хэнд ч хэрэггүй болов. Үзэгчид цөөхөн байсан тул бүх хүнийг тайзны өөдөөс харж босоогоороо үзэхийг Рэппер Gee уриалж байв.

Үзэгчид ONYX хамтлагийнхныг хэзээ гарч ирэх бол гэж битүүхэндээ хүлээсээр л байлаа. Тоглолтын нийт хугацаа 200 минут. “Click click boom”-ийнхэн 80 минут, ONYX хамтлаг 120 минуг тоглоно гэж тоглолтын танилцуулгад дурдсан боловч нөхцөл байдал эсрэгээрээ эргэв. “Click click boom”-ийнхэн бараг 120 минут дуулсныхаа дараа өөрсдөө ч ONYX хамтлагийг хүлээж эхлэв. Үдшийн 21:40 цагийн үед хүсэн хүлээсэн ONYX-ийнхэн тайзнаа гарч ирсэн юм. 1988 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан тус хамтлаг өдгөө хоёр гишүүнтэй болсон аж. Стики Фингас, Фредро Старр нар үүргэвч болон зузаан хүрэмтэйгээ тайзан дээр шууд гарч ирсэн нь олны гайхшралыг төрүүлэв. Зарим хүмүүс “Энэ муу харууд биднийг хүндлэхгүй байна” хэмээн эгдүүцэж байв. Тэдний бие хамгаалагч нь болох булиа эр хаана ч гэсэн дагаж явах аж. Тайзан дээр хүртэл тэдний ард нааш цааш холхин ажиг тавих нь үнэхээр сүрдмээр. ONYX-ийн хоёр хүрэмнүүдээ тайлан гайзан дээр шидэхэд нөгөө булиа эр эмхлэн тавих аж. Тэднийг дуулж эхлэхэд олон хүн тайзны өмнө шаван бүжиглэж эхлэв. Хамтлагийн гишүүн Стики Фингас “Микрафоны дуу сул байна” хэмээн баахан цухалдав. Гэвч хөгжмийн техник хариуцсан ажилчид бүхий л бололцоогоороо микрофоныхоо дууг өсгөжээ. Стики Фингас “Микрофон чинь шаардлага хангахгүй байна” гэж байн байн хэлж байв. Бүр хэд хэдэн микрофон сольж үзсэн боловч сэтгэлд нь нийцэх юм олдсонгүй. Тэрээр нөхцөл байдалтай эвлэрэхээс аргагүй болж, тайзны бэхэлгээ төмөр рүү авиран дүүжлэгдсэн мөртлөө хөгжмийн хэмнэлээр үглэв. Түүний энэ байдал үзэгчдийг бүрэн сэргээж чадсан юм. Түүнээс хойш үзэгчид нэгэн зэрэг “ONYX, ONYX” хэмээн орилолдоход тэд хувцсаа нимгэлэн үзэгчид рүү шидэж байлаа. Ялангуяа Стики Фингас халууцсандаа цэвэр ус толгой руу асган сэрүүцэж, зарим үед тэр усаа үзэгчид рүү цацах нь галзуу рэппер гэдгийг нь батлах мэт.

ONYX ойролцоогооор нэг цаг дуулсныхаа дараа тайзнаас буух үед үзэгчид дахин шуугилдаж эхлэв. Харин тэд дахин дуулахаас төвөгшөөж байв. Стики Фингас бүр уурссандаа тайзан дээр задалж орхисон цэвэр усыг үзэгчид рүү өшиглөв. Ус цацруулан хөөрч яваа лаазыг тосон булаацалдах солиотой гэмээр ч хүмүүс байх аж. Ацан шалаанд орчихоод байсан ONYX-ийнхан “Click click boom” хамтлагийнхныг тайзан дээр дуудан нэг дуу хамтран дуулснаар тоглолт өндөрлөсөн юм.

Үзэгчид тарсаны дараа VIР өрөөний тусгай үзэгчид ONYX хамтлагийн хоёртой дурсгалын зураг авхуулж байв. Хамтлагийн дэггүй гишүүн Стики Фингас зарим монгол охидыг өвөр дээрээ суулган зураг авахуулах гэхэд цаадуул нь дургүйцэв. Харин ONYX-ийн тулхтай гишүүн Фредро Старр, Стики Фингасийн тэрхүү байдалд дургүйцлээ илэрхийлж тэр хоёр бяцхан ам зөрөх аж. Гэсэн хэдий Стики Фингас хоёр охинтой хэсэг ярилцсаны эцэст буудал руугаа дагуулан явсан юм.

Х.ЛХАГВАДОРЖ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих