МАХН МАН-ыг дэмжин мэдэгдэл гаргажээ

Сүүлийн өдрүүдэд сонгуулийн будлиан, түүнтэй холбоотойгоор шүүхээс гаргасан шийдвэрээс үүдэлтэйгээр МАН ба АН-ын хооронд санал зөрөлдөж, МАН-ын гишүүд, дэмжигчид хараат байдалд орсон шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, жагсаал цуглаан хийв.

МАХН-аас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дараах мэдэгдлийг хийж байна. Үүнд: 2012 оны УИХ-ын сонгуулийн будлиан, СЕХ-ны хууль бус шийдвэрээс болж хамгийн их хохирсон улс төрийн хүчин бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл. Ялангуяа МАХН гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй. СЕХ-ны хууль бус шийдвэрээр МАХН-ын дарга, “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр болон МАХН, МҮАН-ын зарим гишүүд нэр дэвшигчидийн жагсаалтаас хасагдсан билээ. Мөн сонгуулийн үеэр иргэний үнэмлэх шинээр хэвлэж олноор нь тарааж будилуулсан, бэлэн мөнгө их хэмжээгээр тараасан, машинаар санал хурааж тоолсон нь сонгогчдын саналыг үнэн зөвөөр биш, харин худал тоолох нөхцөл байдлыг бий болгосон гэх зэрэг шүүмжлэл одоо хүртэл яригдаж, сонсогдсон хэвээр байна.

Тухайн үед МАН нь МАХН-МҮАН-аас гаргасан “САНАЛЫН ХУУДСЫГ ГАРААР ДАХИН ТООЛЪЁ” гэсэн саналыг хүлээж аваагүй. Энэ нь 2012 оны УИХ-ын сонгууль шударга бус явагдсан гэсэн ойлголтыг сонгогчдын дунд төрүүлсэн бөгөөд сонгогчдын олонхийн хүсэн хүлээсэн дүн гараагүйд нийт ард иргэд сэтгэл дундуур хэвээр байгаа билээ.

Тэртээ тэргүй ард түмний дунд төр, засагтаа итгэх итгэл доор байгаа ийм нөхцөлд төр, засгийн үйл ажиллагааг жинхэнэ ардчилсан зарчмын дагуу, шударга ёсонд нийцүүлэн явуулахын тулд аливаа байгууллага сонгуулийн будлиантай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн шударга ёсонд захирагдаж, аль нэг талд нь үйлчлэхгүй байх байр суурийг хатуу чанд баримтлах ёстой. Гэтэл МАН-ынхан шүүхийн байгууллага сонгуулийн будлиантай холбоотой асуудлыг авч үзэн шийдвэрлэхдээ нэг талд үйлчилсэн хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлж байна. МАН-ын энэхүү эсэргүүцлийг анхааралтай авч үзэж, үнэн шударгаар шийдвэрлэх нь зүйтэй юм.

Нөгөө талаар өнөөдөр Монголд хууль, шүүхийн байгууллагынхан хараат байдалд орж, шударга ажиллаж чадахаа болиод удаж байгааг манай хам удаа дараа анхааруулан эсэргүүцэж байсныг дахин сануулахад илүүдэхгүй бизээ. МАХН-ын дарга, “Шударга ёс” эвслийн тэргүүн, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр нарыг хууль, шүүхийнхэн улс төрийн зорилгоор,  дээрээс өгсөн даалгаварын дагуу зохиомол хэргээр, хууль зөрчиж, хүчээр ял тулган хэлмэгдүүлж байгаа нь тэд хараат байдалд орсон, шударга ёсны дагуу ажиллаж чадахгүй болсных нь тод нотолгоо гэж үзэж байна. Биднээс гадна нийт ард иргэдийн олонхи нь тэгж үзэж байгаа билээ.

Тухайн үедээ МАН харсаар байтал нүднийх нь өмнө болсон энэхүү хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэж нэг ч үг дуугараагүй мөртлөө зөвхөн өөрсдийнх нь гишүүдтэй холбоотой асуудлаар шүүх шийдвэр гаргахад гэнэт нойрноосоо сэрсэн юм шиг шүүх хараат байдалд орсныг эсэргүүцэж байгаа нь өөрсдөө бас л өрөөсгөл байр суурь баримталж байна гэж үзэхэд хүргэж байна.

Шударга ёс алдагдсан, хууль, шүүхийнхэн хараат байдалд орсон байгааг МАХН ч, МАН ч, АН ч аль аль нь эсэргүүцэж дуугарах ёстой бөгөөд Монголд ардчилалыг эргүүлэн сэргээн тогтоох, шударга сонгууль явуулж сурах, хээл хахуулийг арилгах, шударга ёсыг тогтоох үйлсэд хамтран ажиллахыг улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагуудад хандан уриалж байна.

МАХН-ын Монгол Улсад шударга ёсыг тогтоох, ардчилалыг сэргээх, шүүхийг хараат бус болгох, шударга сонгууль явуулдаг болох, байгалийн баялгийг ард түмэндээ тэнцүү хуувирлан өгөх, хээл хахуулийг арилгах, төр, засгийн үйл ажиллагааг хариуцлагатай болгох эрхэм зорилгоосоо хэзээ ч ухрахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

МАХН-ын дарга, “Шударга ёс” эвслийн тэргүүн Намбарын Энхбаяр нарыг хэлмэгдүүлэхээ зогсоохыг шаардаж байна.

Сонгуулийн луйвар булхайг зогсоож, СЕХ шударга ажиллахыг шаардаж байна.

Бүх шатны шүүхийн байгууллага хараат байдлаасаа гарч, Үндсэн хуулийн дагуу хаараат бус байдлаар ажилладаг болох, улс төрийн зорилгоор дээрээс даалгавар авч, гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэх, шударга бус шийдвэр гаргахаа нэн даруй зогсоохыг шаардаж байна.

Шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан уриалж байна.

МАХН, “Шударга ёс” эвслийн зүгээс Монгол Улсад улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд ШУДАРГА ЁС тогтоохын төлөө явуулж буй тэмцлийг дэмжихийг нийт ард түмэндээ хандан уриалж байна.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих