М.Энхсайханыг “Монголын Төмөр Зам”-ын захирал болгосон шалтгаанууд

” Шударга ёс” эвсэл сонгуульд амжилт үзүүлээгүй бол М.Энхсайхан Н.Энхбаяртай муудалцахгүй байлаа -

Нэгэн цагт буюу одоогоос долоон жилийн өмнө Ардчилсан намын хаалгыг савж гарахдаа “Хэзээ ч би энэ намын босгоор алхахгүй”, “Энэ нөхөдтэй хойшид хамтрахгүй” хэмээн “нулимсан тангараг” өргөж явсан М.Энхсайхан төрхөмдөө буцаж ирсэн нь олны гайхширлыг барав. Түүнийг “Шударга ёс” эвслээс Н.Алтанхуягийн Засгийн газарт Сангийн сайдын суудалд залах учиртай байлаа. Гэтэл хүний эрхэнд торны цаана сууж байгаа хэдий ч Н.Энхбаяр түүнийг сайдын суудлаас зайлуулсан нь насаараа Н.Энхбаярын халаасанд байж, дохио зангаагаар нь амьдрах юм байна гэсэн мулгуу ухаарлыг М.Энхсайханд авчирсан бололтой.

Тун удалгүй М.Энхсайхан хэвлэл мэдээллээр ил далд гомдол шидэж, “Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна гэж хэлж чадахгүй” хэмээн ярилцлага өгч, ханилж явсан нөхрөө зүдрэхэд нь цааш түлхэв. Өнөөх “Өргөн талд түшиж яваад өндөр дээрээс түлхэв” гэгч болов. М.Энхсайханы эл үйлдэл хаалгыг нь савж гарсан АНдаа далд хайр зарлаж байгааг бэлхнээ өгүүлсэн хэрэг. Эдгээр мэдэгдэл түүнийг ямар нэгэн албан тушаалд аваачих тухай таамаглал уруу өөрийн эрхгүй хөтөлж байсан юм. М.Энхсайханы энэхүү гомдолтой зэрэгцээд МҮАН-аас Ц.Цолмон гишүүн урваж, МАХН-д нэгдсэн. Мөн “Шударга ёс” эвслийг тарна, тэд Засгийн газраас гарна, гарахгүй гэсэн мэдээллийг ч нөхөр М.Энхсайханы зүгээс нисгэсэн нь нэгэнт тодорхой боллоо.

Тэр хэрээр ч Н.Алтанхуягийн сэтгэлийн мухардах айдас улам зузаарч байсныг энд өгүүлэх нь зүйн хэрэг биз. Тиймээс ч тэр Н.Алтанхуягийн Засгийн газрын нөөцөнд байсан “Монголын төмөр зам” хэмээх том бялууны эзнээр тодорлоо. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг М.Энхсайхан хэмээх дайсандаа цагаан туг өргөж, “Төмөр зам” хэмээх вант улсын “эзэн хаан”-аар өргөмжилж байна. Н.Алтанхуягийн хувьд Засгийн газраа хэд наслуулах гэж ийнхүү дайсандаа хүртэл бууж өгч, өдрөөс өдөрт дайснуудаараа хүрээгээ тэлэх болсон нь лав сайны ёр биш. Хэрвээ М.Энхсайханд ямар нэгэн бялууны хэлтэрхий өгөхгүй бол Н.Алтанхуягийн Засгийн газартай ноцох л болно. Тэр ноцохдоо хүрч, хүч дутвал хэнтэй ч хамаагүй нэгдэнэ.

Түүний явсан замнал, сурсан зүйл гэвэл ердөө л энэ. Хэрвээ Н.Энхбаяр ял зэмгүй болж, улстөрөө хийвэл эргээд л навсаганаж мэдэх хүн. Тэр эрх ашгийн төлөө, эрх ямбаны төлөө хэнтэй ч дээлээ хувааж нөмрөхөд бэлэн гэдгээ Монголын улстөрийн түүхэнд удаа дараа харуулсан “түүхэн” хүн шүү дээ. Нэгэн цагт нэгнийхээ тэргүүлж байсан Засгийн газрыг унагаж, нэг нь нөгөөгөө С.Зоригийн хэрэгт буруутгах кампанит ажил зохион байгуулж, хонь чоно болж явсан хоёр Энхийн нөхөрлөл хэдийнээс эхлэлтэй вэ. Энэ бол 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гараагүй байхад М.Энхсайхан Н.Энхбаярт ялалтын баярыг утсаар урьдчилан хүргэж байсан цагаас эхтэй. Үүнээс хойш хамт ууланд авирахаас эхлэн шинэхэн Ерөнхийлөгч Н.Энхбаярт хангалттай тал зассан.

Дараа нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд журамт анд Н.Энхбаяр нь өвдөг шороодож, туг тойрч чадаагүй. Энэ үед тодорхой эрхэлсэн албагүй байсан М.Энхсайхан түүнд гарцаагүй хань болж байв. Тэр үеэс хоёр Энхийн хөдөлгөсөн их улстөр гудамжнаас эхлэн, өдгөөгийн УИХ-ын гишүүн Г.Уянгаар халхавч хийж, “Ард түмний амлалт нэхэх холбоо” гээчийг байгуулсан. Жагсаал цуглааныг санхүүжүүлэгчдийн нэг М.Энхсайхан энэ үед Г.Уянгыг өмнөө бариад улстөр хэрхэн самуурахыг л харж суусан гэж хэлж болно. “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны жагсаал ч тодорхой үр дүнгээ өгч, харин үүний ар талд М.Энхсайхан нар фракцаа бүрдүүлж эхэлсэн.

Өдгөө “Шударга ёс” эвсэл УИХд 10 гаруй суудал авсан нь үндсэндээ М.Энхсайхан нарын үлгэрт итгэсэн ард түмний өгсөн санал шүү дээ. Нөгөө талд Н.Энхбаярын шууд нөлөөллөөр УИХд “Шударга ёс” хэмээн эвслийн гэж нэрлүүлэх суудалтай болсон. Н.Энхбаяр байгаагүй бол М.Энхсайхан хэн ч биш байх байлаа. Хэн ч биш гэдгийг нь өнгөрөгч сонгууль хангалттай баталж өгсөн. Ард түмэн хэнийг сонгохоо мэддэг гэдгээ жинхэнэ харуулж өгсөн дөө. Юутай ч ижлээ худалдсан хулгайч шиг нөхдийг сонгодоггүй гэдгээ баталсан. Ийнхүү хоёр Энхийн нөхөрлөл гудамжны улст өрөөр эхэлж, тэдний эгнээнд Монголдоо боловсролтойд тооцогдох философич С.МолорЭрдэнэ, Д.Өрнөхбаяр, Багшийн дээдийн тэнхимийн эрхлэгч Ю.Атар нарын сэхээтэнлиг залуус нэгдсэн нь тэднийг олонд ил гаргаж, нэлээд хүчирхэгжүүлэхэд нөлөөлөв.

Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр намаа орхин М.Энхсайханыг бараадсан нь ч тэдний хувьд багагүй амжилт байв. Харин “Ард түмний амлалт нэхэх холбоо”-ны ажил аажмаар намжиж, дотоод үйл ажиллагаа нь улстөрийн жинхэнэ пиарын хэмжээнд ирсэн. Өөрөөр хэлбэл, олон мянган хүнийг хаврын салхинд жагсааж байснаа аажмаар мартаж, тэдний төлөө биш өөрсдийнхөө төлөө улстөр хийж эхэлсэн нь хамтрагчдад нь огт таалагдсангүй. Тодруулбал, М.Энхсайхан олон мянган жагсагчдын хүч хөдөлмөр, итгэл үнэмшлийг зөвхөн өөрсдийнхөө улстөрийн тэмцэл, ирээдүйн албан тушаалынхаа төлөө ашиглаж байсныг бүгд мэдсэн хэрэг. Жагсагчдын хувьд ард түмний амьдралын сайн сайхны төлөө тэмцсэнээс М.Энхсайханыг дарга, сайд болгохын төлөө зориогүй учраас ийнхүү салж одов.

Тиймээс учир мэдэх С.Молор-Эрдэнэ, Д.Өрнөхбаяр, Ю.Атар нарын олон залуус М.Энхсайхан нарыг орхиж байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын хувьд ч тэр тэдний улстөрийн цаад санааг ойлгож, Хамуг монголын хөдөлмөрийн нам гээч байгуулж гарсан. М.Энхсайханаас салж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн хүмүүсийн нэг нь “М.Энхсайхан дулаан газар барааддаг бясаа шиг амьдрах юм аа” хэмээн хэлж байв. М.Энхсайхан гэгч энэ нөхөр УИХ-ын гишүүн, намын дарга, Ерөнхий сайдаар хүртэл ажиллаж байхдаа чухам ард олондоо яаж үнэлэгдсэн нэгэн бэ гэдгийг ард түмэн өнгөрөгч сонгуулиар мэдрүүлсэн. Юутай ч Дархан-Уул аймгийн иргэд түүнийг хэн ч биш хэмээн хөөж явуулсан нь үнэн түүх.

Харин түүнийг хоёр, гурван том шалтгаан “Монголын төмөр зам” хэмээх их айлыг толгойлууллаа. Нэгд үгээрт, тэр хамтарч тэмцэж явсан Н.Энхбаярыг дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлж, биеийн байдал хүндхэн эмнэлэгт эмчлүүлж байхад нь өмгөөлөх бүү хэл шийтгүүлсэн нь зөв хэмээн хэвлэлээр дуугарч, хаалгыг нь савч одсон АН-даа “ханд” хаясан. Өөрөөр хэлбэл, би Н.Энхбаяраас саллаа шүү, намайг тосч ав гэсэн мессэжийг тэр өгсөн. Эрх ямба, албан тушаалын төлөө ижлээ худалдсан хулгайч шиг загнадаг зан нь ийнхүү түүнд бялуу хүртээх зам нээж өгсөн. Хоёрдугаарт, Засгийн газраас “Шударга ёс” эвслийг гаргах тухай санаа агуулсан мэдээллийг хэвлэлээр тарааж, Н.Алтанхуяг болон хэзээ ч эвлэрэхгүй гэж тангарагласан АН-ынханд далд хэлбэрээр шантааж үзүүлсэн.

Гуравдугаарт, ямар ч үнээр хамаагүй, тэргүүлж байгаа Засгийн газраа тараахгүй барьж байх Н.Алтанхуягийн айдас түүнд “Монголын төмөр зам”-ын захирлын суудлыг авчирсан. Эдгээрээс хамгийн том шалтгаан нь гэвэл тэр Н.Энхбаярын хүчээр “Монголын төмөр зам”-ыг гартаа хийлээ. Тэр Н.Энхбаяртай хамтарч улстөр хийгээгүй бол гэртээ л сууж байх байв. Н.Энхбаярын гудамжнаас эхлүүлсэн улстөр өдгөөгийн “Шударга ёс” эвсэл нэрийн дор УИХ-д суугаа нөхдийг бий болгож, Засгийн газарт хамтран ажиллах болсон. Үүгээрээ М.Энхсайханд шантааж хийх, нэгнээсээ урвах боломж гаргаж өгсөн нь гарцаагүй үнэн. Түүнээс биш “Шударга ёс” эвслийн хэдэн гишүүн УИХ-д сууж, Засгийн газарт ажиллаагүй бол М.Энхсайханы хэвлэлээр хэлсэн үг нохой хуцахын дайны ч үнэгүй байх байлаа. “Шударга ёс” эвсэл ийм амжилт гаргаагүй бол тэр Н.Энхбаяртай хэзээ ч муудахгүй, үүрдийн сайхан найз хэвээр үлдэх байсан.

С.БАЯР

soninmn


URL:

Сэтгэгдэл бичих