Муухай монгол зангаа битгий гарга л даа
Монгол Улсын Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны зээлийн хүүг бууруулах зорилго тавьсан. Бодит ажил өнгөрсөн долоо хоногоос эхэлж, орон сууцны зээлийн хүүг эхний ээлжинд зургаан хувь хүртэл буулгахаар боллоо. Одоогоор арилжааны банкуудаас олгож буй орон сууцны зээлийн хүү доод тал нь 10 цаашлаад 12 орчим хувийн хүүтэй байна. Энэ хэмжээний зээлийн хүүг төлж, орон сууц худалдан авах чадвартай хүн мэдээж ховор. Харин төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй орон сууцны зээлийн хүү найман хувьтай байна. Зах зээл дээрх энгийн орон сууцны зээлийн хүүтэй харьцуулахад бас ч гэж боломжийн л доо.
Харин одоо хэрэгжих гэж буй “100 мянган айлын орон сууц” төсөл орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд хүргэх зорилт тавилаа. Яг л таарсан хүү гэж эдийн засагчид хэлж байна. Олон улсын хэмжээнд ч орон сууцны зээлийн дундаж хүү ийм л байдаг гэнэ.
Яг үнэндээ зээлийн хүү хоёр дахин буурч байна. Хэн ч чамлахааргүй дүн. Гэхдээ манайхан болсон хойно даварч л байх шиг. Бараг л үнэгүй байр авчих санаатай бололтой. Нэг хэсэг нь зээлийн хүүг улам буулгаж яахаараа болдоггүй юм гэж муйхраар зүтгэж байхад нөгөө хэсэг нь “миний авсан зээлийн хүү ч бас зургаан хувь болж багасах ёстой” гэдэг байгаа.
Төрийн албан хаагчдад олгосон 4000 айлын орон сууцны хүрээнд орон сууцны зээлд хамрагдсан иргэд жилийн найман хувийн хүү төлж буйг дээр дурьдсан. Магадгүй зарим төрийн албан хаагчид нь зээлийн хүүг зургаан хувь болгохоос хэдхэн сарын өмнө орон сууцны зээлдээ хамрагдаад байрандаа орчихсон бололтой. Тэгээд ичих ч үгүй “хэдхэн сарын өмнө байрандаа орсон нь миний буруу юм уу, ингэж ялгавартай хандаж болохгүй” хэмээн гомдоллох аж.
Зарим хэсэг нь бүр төрийн хувийн гэж ялгалгүй одоо олгогдсон байгаа болоод олгогдох гэж буй бүхий л орон сууцны зээлийн хүү нэгэн жигд зургаан хувь болох ёстой гэдэг байна шүү. Нэгдүгээрт, “цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг үгийг санах хэрэгтэй. Хэдэн жил ч байна уу, хэдэн cap ч байна уу хамаагүй. Өмнө нь авсан зээл болгоны хүүг нэгэн жигд бууруулах боломжгүй шүү дээ.
Xoёрдугаарт, Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Орон сууцны зээлийн хүүг нийтээр нь зургаан хувь болгочихвол халамжийн шинжтэй болчихно” хэмээн мэдэгдсэнийг санах хэрэгтэй. Үнэхээр ч нийтээрээ зургаа болчихвол хавтгайрсан халамжийн нэг хэлбэр л болж таарна шүү дээ. Халамжийн хавтгайрсан бодлого, мөнгө тараалт ямар үр дүн авчирдагийг бид хангалттай харсан. Бүх нийтээрээ зургаан хувь боллоо гэхэд инфляци буурсан хүүгийн давуу талыг хоромхон зуур л “идэж” орхино. Мэдээж, бүх нийтээрээ, бүх банкны зээлийн хүү зургаан хувь болчихвол иргэдийн эрэлт асар их нэмэгдэнэ.
Харин тэр эрэлтийг даах нийлүүлэлт манай зах зээлд хараахан алга байна шүү дээ. Эрэлтийг даах нийлүүлэлт үгүй байвал үнэ өсдөг нь зах зээлийн жам. Тэгэхээр өмнө хойно байранд орсон, би чи, танай манай гэж хэрэлдэх хэрэг байна уу. Зээлийн хүү зургаан хувь болох нь тодорхой болсон. Үүнийг л олзуурхах хэрэгтэй. Түүнээс биш бүгдээрээ барьцаад байх шаардлага байна уу. Л.Энхдэлгэр
URL: