М.Должинсүрэн: Хамба лам Д.Чойжамц “Хохь чинь” гэж хэлсэн

“Гандан хийдэд үнэн зүйл гэж алга. Тэр дотор мөнгөний машин ажиллаж байна” гэж гомдоллосон иргэн бидэнд хандлаа. Түүний хүүг Б.Санжааноров гэдэг. Тэрбээр эдгэшгүй хүнд өвчиндөө шаналж яваа нэгэн аж. Эруул саруул үедээ Гандантэгчилин хийдэд шавилан сууж улмаар унзад яам хийж явжээ. Өдгөө биеийн байдлаас шалтгаалан гэртээ сууж байна.
Б.Санжааноров “Лам хүн гэдэг чинь  гэлэн, гэцэл сахилтай байх учиртай. Хэн дуртай нь лам гээд яваад байх учиргүй. Гандан ашиг олдог хэрнээ ашгийн татвар төлдөггүй. Олсон орлого нь хаана хэний халаасанд ордог нь бүрхэг үлддэг. Засаг захиргаа гэж алга. Сүм хийд бариад байдаг. Гэтэл лам хуваргуудынхаа эрүүл мэнд, нийгмийн халамжинд нь анхаарлаа хандуулах цаг болж” гэж байсан юм. Түүний ээж М.Должинсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Үхтэл үр харам” гэдэгчлэн хүүгийн төлөө хаана хэнд хандахаа мэдэхгүй яваа аж.
-Таны хүү Ганданд лам болоод багагүй хугацаа өнгөрөөсөн юм байна. Хүүгийнхээ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Миний хүү өвдөж шаналж явна. Ганданд лам болж орсоноос хойш олон жил болжээ. Анх 1992 онд шавилан сууж байсан юм. Ингээд 1994 онд унзад лам болсон. Улмаар 2002 онд Энэтхэгт суралцахаар явсан. Тэгээд биеийн байдлаас шалтгаалан эх орондоо ирсэн байгаа.
-Гадаад явахаасаа өмнө эрүүл мэнд нь гайгүй байсан хэрэг үү?
-Урьд нь хоолойны ангинатай байсан. Үе мөч нь хааяа өвддөг. Залуу хүн л болсон хойно тоохгүй явсан байлгүй. Энэтхэгт очоод цаг агаарын байдлаас болоод өвчин нь сэдэрсэн. Хүү маань Энэтхэгээс ирсэн даруйдаа “Ээжээ эд нар надад нэг юм хийчихлээ. Хэзээ илрэхийг мэдэхгүй юм” гэж ярьдаг байсан. Тэгэхээр нь би “Чи ямар юмаа хийгээд ийм нүгэлтэй зүйл ярьж байгаа юм. Тэр сайхан буяны оронд очиж сурч ирчихээд” гээд тоодоггүй байлаа. Одоо бодоход миний хүүгийн үнэн байжээ.
-Таны ярианаас сонсвол хүүг тань хэн нэгэн хорлосон байж болох уу?
-Гандангийн удирдлагууд миний хүүг хорлоогүй. Харин юу хийсэн гэхээр миний мөнгө төгрөг орлогыг хаагаад амьдарч байсан гэрээс нь хөөсөн. Энэ нь миний хүүгийн өвчинг сэдрээхэд хүргэсэн.
-Хүү чинь Гандантэгчинлин хийдийн байранд амьдарч байсан юм уу. Яагаад байрнаасаа хөөгдсөн юм бэ?
-2008 оны гуравдугаар сарын 13-нд хүүг маань байраа чөлөөлж өгөхийг шаардсан байсан. Нэг үгээр хэлбэл байр чөлөөл гэсэн мэдэгдэл өгсөн байгаа юм. Ингээд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн байрны цахилгааныг нь тасалж, усыг хаасан. Тухайн үед миний хүү өөрийгөө асрах тэнхээтэй байсан. Гар хөл нь зүгээр. Гэтэл долдугаар сард эмнэлэгт үзүүлсэн байгаа.
Ингээд сарын дараа хэвтэрт орсон. Хүүгийн минь бие улам муудсаар байсан. Үргэлж тариа хийлгэдэг байсан болохоор халаалтгүй, усгүй гэрт зутарсан. Эмч үзээд ” Хүү чинь долоохон хоногийн настай байна. Юу ч болсон нэг эм бичиж өгье дөө” гэж байсан юм.
-Тэгээд гандангийн байрнаас хэзээ гарсан юм бэ?
-2008 оны аравдугаар сарын 10-ны шөнө өөр байранд нүүлгэн шилжүүлсэн байгаа. Тэр байранд нэг жил амьдрах гэрээтэй. Бидний амьдарч байгаа байр ямар ч эрхийн актгүй, тодорхой хаяггүй юм билээ. Албан ёсны хаяг нь гандангаар харьяалагддаг. Нэг үгээр хэлбэл хүүгийн минь эрх зөрчигдөөд явж байна.
-Тэр байранд заавал амьдрах ёстой гэсэн журам байдаг гэнэ үү?
-Гандангаас гаргасан бичигт энэ долоон байрыг өөрсдөд нь өг, хуулийн бүртгэлээс хасч тооц гээд баахан дүрэм журам байсан. Гэтэл энэ нь цаасан дээр бичсэн журам төдий зүйл байсан юм билээ. Тэр ч байтугай гандангийн хашаанд байсан хоёр давхар Пүрэвбат багшийн байрыг Ёндон гэж хүнд 25 сая төгрөгөөр зарсан байсан. Ёндон нь   хүүд маань ирж хэлсэн байдаг. Гандангийн хамба тэр байруудыг босгоогүй. Хамба болохоос нь өмнө тэнд байрууд байж л байсан. Энэ бол хууль зөрчсөн хэрэг юм. Миний хүүг байрнаас нь хөөх мэдэгдэл болон нүүлгэн шилжүүлсэн он сар нь бүгд зөрүүтэй байгаа.
-Гандан хийд лам нарын нийгмийн даатгалыг төлдөггүй гэж та хэлсэн. Энэ үнэн юм уу?
-Үнэн байлгүй яах вэ. “Танай байгууллага нийгмийн даатгал, болон төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг зөрчсөн байна” гэсэн баримт цуглуулаад бүх лам нарыг нийгмийн даатгалд хамруул гээд хамба лам Д.Лойжамцтай уулзахаар очсон. Ядаж лам нараа даатгалд хамруулдаггүй юм бол миний хүүгийн нийгмийн даатгалыг бүрдүүлж өгөөч гээд хэлсэн юм. Гэтэл хамбын туслах гэх үүдэнд суудаг Н.Бүрнээбаяр гэдэг лам “Хамба алга. Чи манай хамба ламд мэдэгдэл өгдөг хэн юм бэ” гээд зодсон.Үүнийг гэрчлэх хүмүүс байсан. Юу болсныг хараад зогсч байсан юм. Тэр лам нь хэн ирж байна гэдгийг асууж лавладаг юм билээ.
-Та гандан хийдийн удирдлагуудтай өөрийн биеэр уулзаж үзсэн үү?
-Би хүүгээ үхчихнэ гэж санахгүй байгаа. Харин хүний заль мэхэнд хууртагдаж эрүүл мэндээ хохир оосон. Гандангийн удирдлагуудад гомдолтой байгаа. Өөрийн хийдийнхээ үндсэн ламыг орон гэрээс нь хөөгөөд, ядаж нийгмийн даатгалд нь анхаарахгүй яав даа гэж боддог юм.
-Хүүд чинь нийгмийн даатгал төлөгдөөгүй хэрэг үү?
-2008 оны тавдугаар сарын 8-ны өдөр хуудь батлагдсан байдаг. Гандан хийдүүд нийгмийн даатгалд хамруулах тухай хууль гарсан байсан. Үүний дагуу тавдугаар сараас нийгмийн даатгалын дэвтэр нээсэн. Тэгэхээр энэ бие муутай хүн ажил хийж чадахгүй нь тодорхой тэтгэвэрт гаргачихвал нэмэртэй юм даа гэж бодоод гандангийн удирдлагатай уулзсан. Тэгсэн чинь ажилд орсон, гарсан тушаалыг нь бөглөж өгөөгүй. Тэр ч байтугай бусад лам нарын бичиг ч байхгүй байсан. Энэ нь хууль зөрчсөн хэрэг шүү дээ. Энэ байгууллагын Чойжамц, Нанзаддорж, ерөнхий нягтлан нь мэдэхгүй гэсэн хариу өгдөг.
Харин Нанзаддорж хүүг минь одоо байгаа байранд нь оруулахдаа бичиг баримтыг нь өгөөгүй. Яагаад өгөхгүй байгаа юм гэхэд ‘Та гар бариад бугуй барьж байна. Ямар ч бичиг баримт өгөхгүй. Энэ байр чинь манай байгууллагын үндсэн хөрөнгө” гэж хэлсэн. Харин хамба лам Чойжамц “Хохь чинь” гэсэн байгаа. Лам нарыг удирдаад явж байгаа хүн ийм үг хэлэх ёстой гэж үү. Үүнд миний хүү гомдолтой байгаа юм.
-Хүүгийн тань амьдарч байгаа байранд тодорхой нэг гэрээний дагуу оруулсан уу. Аль эсвэл түр байлгах зорилготой оруулсан юм уу?
-Ганцхан жилийн гэрээтэй байсан. Тэр гэрээ нь дуусаад хоёр жил өнгөрлөө. Ямар ч сураг чимээ алга.
Ийнхүү шаналсан эх хүүгийнхээ тухай ярьж байна. Тэрбээр Гандантэгчилэн хийдийн удирдлагуудад гомдолтой яваагаа дахин дахин хэлж байсан юм. Түүнчлэн эх сурвалжуудын хэлснээр Хамба лам Д. Чойжамц нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт Гандантэгчилэн хийдийг хувийн өмч хэлбэрээр бүртгүүлсэн байдаг гэнэ. Мөн улсад татвар төлдөггүйг дурьдаж байна. Тус байгууллагад санхүүгийн шалгалт байхгүй учраас хэн дуртай нэг нъ сүсэгтэн олны өргөлийг хувьдаа завшдаг бололтой. А.Лхагважав


URL:

Сэтгэгдэл бичих