ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД 1.8 САЯ ИРГЭН ЦАХИМ ҮНЭМЛЭХТЭЙГЭЭ ОРОЛЦОНО

Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутгийн сонгууль дөхөж байгаатай холбогдуулан иргэний цахим үнэмлэх олгох явц болон иргэдээс ирүүлсэн санал гомдолд хариу авахаар УБЕГ-ын удирдлагуудтай уулзлаа. Одоогийн байдлаар 16-гаас дээш насны нийт иргэдийн 97 хувь буюу нэг сая 996 мянга гаруй иргэний цахим үнэмлэх хэвлэгдээд байгаагийн 85 хувийг тараажээ.

Харин орон нутгийн сонгуульд 1.8 сая гаруй иргэн цахим үнэмлэхээрээ оролцох бөгөөд сонгуулиас өмнө үнэмлэхийг нь бүрэн тарааж дуусгана гэв. Ховд, Өмнөговь аймаг болон Налайх, Баянгол дүүргийн сонгуулийн насны иргэдийн 90-ээс дээш хувь нь цахим үнэмлэхээ авсан бол, Өвөрхангай, Баян-Өлгий, Говьсүмбэр аймаг, Багануур дүүрэгт цахим үнэмлэх тараах ажил 60-аас доош хувьтай, хангалтгүй байгаа аж.

Энэ үеэр Ерөнхий сайд иргэдээс ирүүлсэн нийтлэг есөн асуултад УБЕГ-ын Бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс хариулт авсан юм. Тухайлбал, иргэний цахим үнэмлэх дээр дугаар бичигдээгүй байгаагийн шалтгааныг олон хүн асуужээ. Энэ асуултад Д.Энхцэцэг “Иргэний цахим үнэмлэх нь дугааргүй бөгөөд 16-гаас дээш насны иргэн бүрт бүртгэлийн программаас 12 орон бүхий тоог үнэмлэхийн ард бар кодоор бичилт хийсэн. Энэхүү тоо нь цахим үнэмлэх дахин авах тохиолдолд өөрчлөгдөхгүй” хэмээн хариулав. Түүнчлэн иргэдээс цахим үнэмлэхийнхээ зургийг солиулах боломжтой, эсэхийг лавласан байсан бөгөөд үүнд үнэмлэхний 15000, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг төлөөд, зургаа дахин авахуулах боломжтой гэсэн хариу өглөө.

Оршин суугаа газраа солих бүрт цахим үнэмлэх шинээр авна гэсэн ойлголт иргэдийн дунд байгаа. Үүнд Д.Энхцэцэг дарга хариулахдаа “Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш оршин суугаа хаягаа өөрчилбөл цахим үнэмлэх дэх чипэнд хаягийн өөрчлөлтийг бичих болно. Тэгэхээр цахим үнэмлэх дахин авах шаардлагагүй” хэмээв. Цахим үнэмлэхний тараалт хангалтгүй байгаа аймаг, дүүргүүдэд онцгой анхаарч, үнэмлэх тараах ажлыг эрчимжүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрынханд Ерөнхий сайд үүрэг болголоо.

 

Т.САЙНБУЯН


URL:

Сэтгэгдэл бичих