”Бяртай” Ардчилсан нам луйварчин нам болов

Улс төрд, Төрийн ордон, Сүхбаатарын талбайд өчигдөр хошин юм их боллоо шүү. Арвайхээрийн хөвгүүд “Ардын хүү ялж болдоггүй сонгууль уу” гээд нийслэл хотод хүрээд ирж. Тэд, МАН-ынхантай нийлж байгаад Төрийн ордныг хэдэнтээ горооллоо. Аргагүй дээ АН-ын дээрэнгүй занд иргэд тэвчсэнгүй гэдгээ мэдэгдэж байна. Шударга ёс, эрх чөлөөг илүү эрхэмлэдэг хэмээн “түвчигнэх” АН-ынхан энэ удаа дэндүү дээрэнгүй зан гаргаж байгааг хэн хүнгүй хэлж байна. Нугасгүй луйварчин араншин гаргаж байгааг ард түмэн харж байна. Өвөрхангайн тойрогт өрсөлдсөн МАН-ын гишүүд Н.Төмөрхүү, С.Чинзориг нар АН-ын нэр дэвшигчдээс 4000-8000 саналаар илүү санал авсан байдаг. Залуучуудад ялагдсандаа тахимаа өгөлгүй, архи мөнгө тараасан гэх маргааныг шүүхэд мэдүүлж, өрсөлдөгчөө шүүхээр буруутан болгох, сонгуулийн хууль нэрээр мандатыг нь дээрэмдэх ажиллагаа явуулж буй нь нэр дэвшигчид хийгээд АН-ын увайгүй зан гаргаж буйг хангалттай харууллаа.

Ардын намын залуусыг архи, мөнгө тараасан гээд АН-ын архины үйлдвэр, банкны эздээс илүү тарааж чадах уу гэдэг асуултыг маргаан дэгдсэнээс хойш ард түмэн тавьж ирсэн. Гэсэн ч асуултанд хариулт үгүй. Ард түмэн энэ асуултанд боломжгүй зүйл, Г.Батхүүгээс илүү архи тараах, Д.Зоригтоос илүүтэй мөнгө тараах хүн байхгүй гэдгийг хэлж буй билээ. Монголын эзэнтэй банкны /Монгол шуудан банкны 85 хувийг эзэмшдэг байсан. Банк өөр банктай нэгдсэн/ ганц захирал нь Д.Зоригт. Монголын толгой баянд зүй ёсоор эрхмүүд тооцогддог.

Хөрөнгө мөнгө, эрх мэдлээрээ хаана ч хүрэхгүй шинэ залууст ялагдсандаа итгэхгүй, тахимаа өгч эр хүн шиг байж чадахгүй байгаа нь АН-ын нэр хүндэд муугаар тусч буй нь ойлгомжтой хэрэг.

АН ч гэж, Ардчилсан нам. Намынхаа гишүүдийн увайгүй занг дэвэргэж, улс төрийн соёлгүй зан гаргаж буй нь ирээдүйд л хамгийн их аюултай байх. Ирээдүйд гэхгүй ирэх Орон нутгийн сонгуульд энэ маргаан нөлөөлөх байх шүү. Шүүх засаглал, СЕХ-ны илт шударга бус шийдвэр, АН-ын талд үйлчилсэн албан тушаалтнуудын хараат бус байдал нийгэмд бухимдлыг төрүүлээд байна.

АН-ынхан уг нь хүлээцтэй хандаж болохоор байлаа. Хууль, шүүхийн байгууллагаар өөрийн талд шийдвэрээ гаргуулаад шууд л тангараг өргүүлэх гээд л дайрчихаж байгаа юм. Өвөрхангайн асуудлыг хаа байгаа Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэр гаргуулчихсан. Тэгээд дараа нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ялагдахаараа эргүүлэн татаад Өвөрхангайн шүүхээр шийдүүлэхээр болгосон гээд өөрийн дуртай шүүхээрээ асуудлыг шийдүүлчихэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй нь ойлгомжтой. Тэгээд Өвөрхангайн шүүх АН-ынхны талд шийдвэр гараа юу, үгүй юу тангараг өргүүлэх гээд зүтгээд л. Нөгөө СЕХ, УИХ-ын дарга нь хүртэл нийлээд шууд л хууль бус асуудлыг хөхүүлэн дэмжиж байгаа нь МАН-ынхны дургүйг нь хүргэхгүй байхын аргагүй юм. Хэрээс хэтэрсэн дээрэнгүй занг АН-ынхан гаргаж байна.

УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш АН тун чиг “эртэй бяртай” байгаа л даа. Санаан зоргоороо асуудлыг шийдчих гээд л. Шийдсээр ч ирэв.

УИХ-ын даргын томилгоо хууль бус байсан, байгаагүй гээд л хоёр намын дунд маргааны эхлэл тавигдсан. Үндсэн хуулийн цэц дээр бол энэ асуудал унавал унах л байсан. Гэвч тэгээгүй. Анхдугаар чуулганыг УИХ-ын гишүүдийн хамгийн ахмад гишүүнээр удирдуулна гэсэн Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчөөд хоёрдугаар хүнээр хурлыг удирдуулаад эхлүүлчихэж байгаа юм.

Анхдугаар чуулган хоёрдугаар хүнээр удирдуулан эхлүүлсний дараагаар бүлэг байгуулах асуудал сөхөгдөж, УИХ-ын дарга томилогдсоноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулах ёстой байдаг.

МАН-ынхан хууль бус УИХ-ын дарга сонгогдсон гэж үзэж байсан учраас УИХ-ын чуулганы хуралдаанд суулгүй өөрийн байр суурин дээрээ хатуу зогссоны улмаас өдийг хүртэл бүлэггүй сууж байна. Хууль зөрчсөн асуудал дээрээ тулвал АН-ыхны буруу ч байж мэднэ. Ер нь бол АН, МАН хэнд ч буруу байгаа л байх. Гэсэн ч одоо болтол МАН-д бүлэг байгуулах эрхийг нь өгөхгүй байгаа нь АН хэт даварсан зан гаргаж байгаа биш гэж үү.

Даварсан АН эцэстээ луйварчин нам болж хувирч байгаа юм уу даа гэх дүгнэлтэнд хүрэхээс өөр аргүй болоод байна. Өвөрхангайн хөрөнгөтнүүдээс АН бүр биш ч түрхэн зуур татгалзаж, МАН-ынханд хоёр мандатыг нь өгчихвөл нэр хүнд нь сэвтэхгүй л байх. Энэ асуудал АН-ынхны талд шийдэгдвэл тэд шударга ёсны тухай асуудал ярих эрхгүй болох биз ээ.

Т.АМУР


URL:

Сэтгэгдэл бичих