ФАШИСТ УЛС ТӨРИЙН ДЭГЛЭМИЙН ҮНДСЭН 14 ХЭВ ШИНЖ
Доктор Лоренс Бритт нь нэртэй улс төр судлаач хүн бөгөөд Германы Гитлер, Италийн Муссолини, Индонезийн Сухарто болон Чилийн Пиночетийн фашист дэглэмүүдийн талаар судалгаа явуулсан юм. 2004 онд тэрбээр фашизм дэглэм нь үндсэн 14 хэв шинжийг агуулдаг тухай нийтлэл бичжээ. Ер өнөөдөр монголын нийгмийн нөхцөл байдлыг харахад Фашизмын эдгээр шинж тэмдгүүдээс цөөнгүй нь илэрхий мэдрэгдэхээр бий. Тухайлбал:
- Сонгууль будлиантуулах /7 сарын 1 – амьд жишээ бий/,
- томоохон корпораци, олигархуудыг дэмждэг /өнөөгийн манай улс төр, бизнесийн бүлэглэл нэгдэж, улс төр-санхүүгийн бүлэглэлүүд төрийн эрх мэдлийг хязгааргүй барихаар тэмүүлж буй/
- тал тохой татах хийгээд авилга авах /өнөөдөр монголд авилга газар авсан бодит байдал/
- үйлдвэрчний эвлэлийг шахах /монглд нэрийн төдий байдаг байгууллага бол Үйлдвэрчний эвлэл, энэ байгууллагыг төрөөс, олигодолуудаас байнга дарамталж, хавчиж байдаг/
- шашин болоод эрх баригчдын холбоо сүлбээ /манай дээдсүүд шашиний хамгийн дээд гэгээнтнүүд шиг аашилдаг/
- олон нийтийн хэвлэл мэдээллийг хянах /маш олон жишээ факт бий/ гэх мэт….
Фашизмын үндсэн 14 шинж.
1. Фашистууд үндсэрхэг үзлийг маш хүчтэйгээр, тасралтгүй сурталчилдаг байна.
Тухайн улс төрийн дэглэм болоод иргэдийн зүгээс үндсэрхэг үзлийг сурталчлахын тулд янз бүрийн уриа лоозон, элдэв бэлэг тэмдгийг ашигладаг. Эдгээр нь цэргийн хүчийг магтан дуулах, эв нэгдэлд уриалан дуудах зэрэг нь үндсэрхэг үзлийг илэрхийлэх үндсэн гол сэдэв болж байдаг. Үүнтэй холбоотойгоор гадаадын гэсэн болгоныг үзэн ядах үзэл буюу ксенофоб газар авна.
2. Фашистууд хүний эрхийг үл тоомсорлодог байна.
Фашистуудын зүгээс хүний эрхийг огт хэрэггүй, үнэ цэнэгүй, бас эрх баригч дээд зиндааныхан зорилгоо хэрэгжүүлэхэд нь саад тотгор болох зүйл гэж үздэг юм. Тэд суртал ухуулгын хэрэгслээ ашиглан, хүний эрхийг зөрчсөн тохиолдлуудыг ялихгүй зүйл мэтээр харуулж, заримдаа хүний эрхийг бараг л “буг чөтгөр” гэж ард олонд тайлбарлан таниулахыг хичээдэг.
Хүний эрхийн маш ноцтойгоор зөрчсөн тохиолдол гарах бүрт үгүйсгэх, нууцлах, хуурамч мэдээлэл тараах зэрэг арга тактикийг хэрэглэнэ.
3. Дайснууд болоод золионд гаргах этгээдүүдийг тодруулах нь
Фашист дэглэмүүдийн хэрэглэдэг хамгийн түгээмэл бөгөөд сонгодог арга бол бусдыг золионд гаргах замаар ард олны анхаарлыг өөр бусад асуудлаас хөндийрүүлэн, аливаа бүтэлгүйтлийн хариуцлагыг өөрөөсөө зайлуулах явдал юм. Үүний тулд эцэс төгсгөлгүй суртал ухуулга явуулж, худал мэдээлэл тараах зэрэг аргуудыг түлхүү хэрэглэнэ. Коммунистууд, социалистууд, либерал үзэлтнүүд, еврей нар, үндэстний цөөнхүүд, улс үндэстний дайснууд, бусад шашны урсгалын төлөөллүүд, ижил хүйстэнтэйгээ явалдагчид болон террористуудыг ээлжит золиос болгон сонгож авна. Фашист дэглэмийг идэвхтэй эсэргүүцэн тэмцэгчдийг “террористууд” гэж нэрлээд зохих арга хэмжээг авдаг байна.
4. Зэвсэгт хүчинд давуу эрх олгох нь
Эрх баригч дээд зиндааныхан өөрсдийг нь байнга дэмжиж байдаг цэргийнхэн болон аж үйлдвэрийн салбарынхантай үргэлж ойр нягт холбоотой байдаг. Нийгмийн нөөц баялгийг тэгш бус байдлаар, өөрөөр хэлбэл цэргийн салбарт түлхүү хуваарилдаг тул дотоодын олон асуудал шийдэгдээгүй хэвээр үлддэг ажээ. Цэргийн салбар нь үндэсний үзлийг илэрхийлэх бэлэг тэмдэг болдог тул түүнийг үндэсний хэмжээний зорилтуудыг хэрэгжүүлэх, бусад үндэстнүүдийг айлган сүрдүүлэх болон эрх баригчдын нөлөө, нэр хүндийг бэхжүүлэхэд ашиглана.
5.Хүйсээр ялгаварлан гадуурхах явдал газар авдаг талаар
Улс төрийн дээд зиндааныхны дотор болон үндэсний урлагийн салбарт эрчүүд давамгайлах бөгөөд эмэгтэйчүүдийг хоёрдугаар зэрэглэлийн хүмүүс гэж фашист дэглэмийнхэн үздэг юм. Тэд ижил хүйстэнтэйгээ явалдагч хүмүүсийг үзэн яддаг бөгөөд үр хөндөлтийг тууштай эсэргүүцдэг байна. Эдгээр хандлага нь тэдний баталсан харгис хатуу хуульд тодорхой тусгагдсан байдаг бөгөөд тухайн орны голлох шашин болох үнэн алдарт шашныхны зүгээс хүчтэй дэмжлэг хүлээдэг байна. Энэ нь тухайн фашист дэглэмд өөрийн хүчирхийлэл болон элдэв балмад ажиллагааг нуун хаацайлах боломж олгодог ажээ.
6.Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хянах нь
Фашист дэглэмийн ноёрхлын үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хатуу чанга хяналтын дор байдаг бөгөөд хэвлэлийнхэн фашист намын бодлого чиг шугамаас хэзээ ч хазайж байгаагүй юм. Зарим үед фашистууд ортодокс хуучинсаг үзлийг сурталчлах үүднээс хэвлэлүүдэд арай илүү өргөн эрх олгох тохиолдол бий. Тусгай зөвшөөрөл олгох болон эх сурвалжийг хянах, эдийн засгийн хувьд дарамтлах, эх оронч уриа лоозон гаргах, учир битүүлэг байдлаар буюу битүү үгээр айлган сүрдүүлэх зэрэг аргуудыг хэрэглэх нь түгээмэл. Мэдээллийн хэрэгслүүдийн эзэд эрх баригчидтай улс төрийн талаар холбоо сүлбээтэй байдаг учраас фашистуудын хэм хэмжээнээс хэтэрсэн үйлдлүүдийн талаар олон нийт огт сонсож мэддэггүй байна.
7.Үндэсний аюулгүй байдлын асуудлыг хэт дөвийлгөх
Үндэсний аюулгүй байдлын аппарат нь эрх баригчдын шууд хяналт дор ажиллах бөгөөд ихэнхдээ элдэв дарамт хавчлага үйлдэх гол хэрэгсэл болдог. Ингэхдээ ямар ч хэм хэмжээнд захирагдалгүйгээр нууцаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд түүнийгээ “үндэсний аюулгүй байдал”-ыг хамгаалах гэдэг шалтгаар зөвтгөнө. Үйл ажиллагааных нь талаар асууж лавлаваас, “эх оронч биш”, тэр ч байтугай “ урвагч” хэмээн элдвээр цоллуулахад хүрдэг байна.
8. Шашин болоод фашист эрх баригчдын хоорондын холбоо сүлбээ
Коммунистуудаас ялгаатай нь, фашистууд болон тэдэнтэй сүлбэлдсэн хэт барууны намынхан бурхангүй үзэлтнүүд биш юм. Ихэнх фашист дэглэмүүд тухайн орон дахь зонхилогч шашны урсгалуудад хамаарагддаг бөгөөд өөрсдийгөө тухайн шашны зэвсэгт хамгаалагчид гэж харуулахыг эрмэлздэг байна. Эрх баригчдын ааш авир нь тухайн шашны номлол сургаалтай нийцдэггүй байсан ч үүнийг огт авч хэлэлцдэггүй юм. Фашист суртал нэвтрүүлэгчид ард олныг төөрөгдүүлэхийн тулд эрх баригчид бол сүсэг бишрэлийг хамгаалагчид харин тэднийг эсэргүүцэгчид нь сүсэг бишрэлгүй нүгэлтнүүд мөн гэсэн санааг сурталддаг. Эрх баригчдыг эсэргүүцэх нь шашинд халдсантай адил гэсэн ойлголтыг нийгэмд бий болгоно.
9.Фашист дэглэм нь томоохон корпорациудын ашиг сонирхлыг хамгаалдаг
Жирийн иргэдийн хувийн амьдралыг маш хатуу чанд хянаж байдаг хэдий ч харин томоохон корпорациудад харьцангуй чөлөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломж олгодог байна. Корпорацийн бүтэц нь зөвхөн зэвсэг үйлдвэрлэх /өндөр хөгжилтэй орнуудад/ төдийгүй нийгмийг хянах арга хэрэгсэл мөн хэмээн эрх баригчид үздэг. Эдийн засгийн салбарын элитүүдийг улс төрийн дээд зиндааныхан байнга ивээн бөөцийлдөг бөгөөд “ядуу хоосон” иргэдийг залхаан цээрлүүлэх замаар хамтын ашиг сонирхлоо харилцан хамгаалахыг эрмэлздэг ажээ.
10.Үйлдвэрчний эвлэлүүдийг шахан хавчих буюу бүрмөсөн устгах
Зохион байгуулалттай үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг фашист эрх баригчид болоод тэдний холбоотнууд болох корпорациудын улс төрийн ноёрхолд саад учруулж болзошгүй хүчин хэмээн фашистууд үздэг юм.
11.Сэхээтнүүд болон урлагийг басамжилж, нухчин дарах
Оюунлаг чанар болоод үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон түүнтэй холбоотой аливаа ойлголтууд бол фашист дэглэмийнхний жинхэнэ “хараалыг бардаг зүйл” билээ. Оюуны ба боловсролын эрх чөлөө нь үндэсний аюулгүй байдал болоод эх оронч үзэлд огт нийцэхгүй гэж тэд үздэг юм. Их дээд сургуулиудыг маш хатуу чанд хянаж, улс төрийн хувьд найдваргүй гэгдсэн сургуулиудыг хяхан хавчих буюу эсвэл шууд хаадаг байна. Шашингүйн үзэл болоод өөрөөр сэтгэгчдийн аливаа үзэл бодлын эсрэг хатуу ширүүнээр дайрч давшлан, тэднийг чимээгүй болгох буюу эсвэл шууд нухчин дарна. Фашистууд урлаг, утга зохиолыг зөвхөн үндэсний эрх ашигт үйлчлэх ёстой, эс бөгөөс оршин байх ёсгүй гэж үздэг юм.
12.Гэмт хэрэг ба ял шийтгэлийн талаарх улигт үзэл бодол
Фашист дэглэмийн үед маш хатуу харгис эрүүгийн хуулийн тогтолцоо бий болсон байдаг учраас асар олон хүн шоронгийн хоригдол болон хувирна. Түүнээс гадна цагдаа нарт хязгааргүй их эрх мэдэл олгодог учраас түүнийг буруугаар ашиглах явдал ямар ч хяналтгүйгээр газар авдаг. Ердийн эрүүгийн хэрэг болон улстөрийн гэмт хэрэгт зохиомол ял ногдуулж, зарим үед энэ бүхнийг улс төрийн сөрөг хүчнийхний эсрэг ашигладаг.
13.Тал тохой харах явдал хийгээд авлига газар авна
Засгийн эрхэнд гарсан дээд зиндааныхантай холбоо сүлбээ бүхий бизнесийн хүрээнийхэн энэхүү байр сууриа баяжихын төлөө ашиглана. Эрх баригч дээд зиндааныхан баячуудаас элдэв төрлийн бэлэг сэлт, хөрөнгө мөнгө авах бөгөөд үүнийхээ хариуд баячууд засгийн газрын ивээлийг хүртдэг байна. Аюулаас хамгаалах байгууллагыг хяналтандаа авч, хэвлэлийнхний амыг тагласнаар авлига, хээл хахууль цагаандаа гарах бөгөөд үүний учир шалтгааныг ард олон мэдэхгүй өнгөрдөг ажээ.
14.Сонгуулийг будлиантуулах
Санал хураалт болоод санал асуулгын хэлбэрээр явуулдаг сонгууль нь үргэлж хуурамч, хиймэл байдаг юм. Хэд хэдэн нэр дэвшигч оролцсон сонгууль явагдлаа гэхэд түүний дүнг эрх баригчдын хүсэл таашаалд нийцүүлэн өөрчлөн гуйвуулна. Сонгуулийн байгууллагуудыг хянах, түүнчлэн сөрөг хүчний санал өгөгчдийг айлган сүрдүүлэх, сонгуулийн эрхийг нь хасах, саналын хуудсуудыг устгах буюу хүчингүй болгох зэрэг аргуудыг фашистууд чадамгай хэрэглэдэг байна.
Б.Адъяахүү
URL: