Орон нутгийн сонгуульд чиглэсэн “ямбатай” суулт…

Бид өөрийнхөө бий болгосон нийгмийг өөрсдөө шүүмжилж байхыг харж байгаа азтай хүмүүс. Ёстой “Зүүдээ ярих гээд нууцаа ярина” гэдэг болж байх шиг.

Магадгүй буруугаа хүлээх чадвартай хүмүүс юм болов уу. Чуулганы танхимын үүдийг хаагаад сууж байхыг харсан хүмүүс тэднээр фон хийж зургаа даруулж байгаа харагдана лээ.

Нийгмийн сэтгэл зүй, хууль эрх зүйн тогтолцоог сүйтгэсэн хүмүүс нь засгийн эрхэнд гараад гурван сар болж байгаа АН-ынхан юм гэнэ. Нийгмийн сэтгэл зүй, хууль эрх зүйн тогтолцоо мөн ч хурдан өөрчлөгдсөн байгаа юм. Нийгэм судлаачид бол үүнийг ямар ч боломжгүй гэж үздэг. Магадгүй “Шинэчлэлийн засаг” учраас ийм хурдан өөрчлөлт хийсэн байж болох.  Өөрөөр хэлбэл, тэдний барьсан лоозон хэлж байгаа үг нь “Баг алаад” байх юм. Зүгээр л Өвөрхангай хоёрын асуудал дээр тогтох ёстой байхгүй юу.

Орондоо хууль засдаг Ц.Нямдорж, өнгөрсөн 20 жилийн хуулиудыг боловсруулалцсан  Д.Лүндээжанцан нар “Хуулийг гууль болголоо” гэх лоозон барьчихаад буйдан дээр инээд алдан тухалж байгаа харагдах юм. Бүр Л.Энх-Амгалан “Төрийн алба төрлийн алба боллоо” гэсэн цаас барьжээ. Цаашлаад “Бид ямар нийгэмд амьдарч байна” гэж асуух нь сонин. Уг нь энэ асуултыг сүүлийн хэдэн жил төрийн эрх барьсан энэ хүмүүс мэдэж баймаар.

Ямартай ч жирийн иргэд хүйтэн зам дээр зогсож, эрхэм гишүүд дулаахан ордондоо зөөлөн буйдан дээр сууж жагслаа. Жагсаалд оролцох, эсэргүүцлээ илэрхийлэх хэлбэр нь хүртэл жирийн иргэдээс шал анги байгааг нь харсан туршлагатай жагсагч Ж.Батзандан “Та нар ч сайхан юм аа. Би гадаа хүйтэн шалан даар жагсдаг байлаа” гэж ёжлов. Бас Л.Гүндалай ирж зөвөлгөө өгнө лээ. Мөн Үйлдвэрлэл хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга жагсаалыг яаж хийх талаар хэнээс зөвөлгөө авч болохыг жиргэв. Энэ мэт хүмүүс тал талаас нь зөвлөгөө өгөөд байхад эрхэм гишүүд “Ямбанаасаа” татгалзаж чадсангүй. Муу иргэд яахав нусаа хацартаа наагаад “Хонхны дуу”-г бээрсэн хойлоогоор сөөнгөтөж зогсоно. Уг нь хамт дуулсан бол “Чика” болох байхгүй юу.

Эрхэм гишүүдийн энэ ямбатай жагсаал орон нутгийн сонгуульд чиглэж байгаа нь тодорхой. Ардчилсан нам нэр хүндтэй байгаагаа ашиглаж явалт байгуулахын тулд “Иргэдийн төлөөлөгч”-дийн 1/3-ийг намын жагсаалтнаас сонгох хуулийн заалтыг шөнө дөлөөр сууж байгаад баталчихсан нь МАН-ыг бухимдуулж байгаа. Тиймээс АН-ын нэр хүндийг унагахын тулд хаа байгаа 300-500 км цаана амьдардаг өвөрхангайчуудыг хотод ирүүлж, чирэгдүүлж байна. Гишүүд тэгж л санаа зовоод байгаа юм бол гараад жагсах нь яасан юм. Даарахаараа гүйгээд орчихож байгаа хүмүүсийг юу гэх вэ?

Сонгуулийн ерөнхий хорооны даргыг солиод, шүүхийн анхан шатны шийдвэр гармагц Д.Батхүү, Ч.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр өргөн барьсан нь их алдаа боллоо. Уг нь дээд шүүхийн шийдвэрийг хүлээх байсан юм. Суудлынхаа тоог нэмэх гэж яарсанаас хамаг юм болж байгаа байхгүй юу.

 

Төр төмбөгөр (tur_tombogor@yahoo.com)


URL:

Сэтгэгдэл бичих