Даатгуулагчдын мөнгийг угаахгүй гэх баталгаа байна уу
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 16-нд буюу өнгөрөгч мягмар гаригийн хурлаараа нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгохоор болж, хэдэн хүнийг товлоод буй. Харин сонгохоор зэхэж байгаа гишүүдийн олонхи нь компанийн захирал ажээ. Тиймээс тэд даатгуулагчид болон ажил олгогчдыг төлөөлж чадахгүй гэж үзэх хүн олон байна.
Хуульд зааснаар бол нийт ажилтны дийлэнх, олонхийн эрх, хууль ёсыг төлөөлөх эрх бүхий субъектээс гишүүд сонгож ажиллуулах ёстой байдаг. Харин нийт ажилтны олонхийг буюу 64 хувийг МҮЭ, ажил олгогчдын 40 гаруй хувийг Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо /АОЭНХ/ төлөөлдөг. Гэтэл эдгээр байгууллагаас Үндэсний зөвлөлд төлөөлөл бараг сонгогдсонгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчсөн шийдвэр гаргаж байна. Учир нь АОЭНХ-ноос долоон хүн санал болгосон байтал нэг ч хүн сонгосонгүй. Харин ҮЭХ-ноос гурван хүн нэр дэвшүүлсний нэгийг буюу дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг арай гэж багтаахаар болжээ.
Бусад нь нийт ажилтны, ажил олгогч эздийн олонхийг төлөөлөлж чадахгүй хүмүүс. Тухайлбал, “Шувуун хайрга” ХХК-ийн захирал Б.Ганбаатар, “Касандра Монгол” ХХК-ийн захирал Н.Батбаяр, Албан бус эздийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа нарыг ажил олгогч эздийг төлөөлүүлэхээр болсон байна. Мөн ажилчдын буюу даатгуулагчдийн төлөөллөөр “Сэлэнгэ пресс” ХХК-ийн захирал Дулмаа, Татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Отгонбаатар нарыг сонгохоор болжээ.
Тэгвэл Засгийн газрыг төлөөлж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан нар ажиллах гэнэ. Хамгийн гайхалтай нь олон нийтийн төлөөлөл болох гэж байгаа “Шувуун хайрга” ХХК нь Монгол Улсад нийгмийн даатгал төлдөг тухай бүртгэлгүйг албаны эх сурвалж хэлэв. Харин “Касандра Монгол” ХХК нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас нийгмийн даатгал төлж эхэлсэн бөгөөд дөрөвхөн ажилтантай юм байна. Ийнхүү УИХ хуулиа дагах бус өөрсдийн ашиг сонирхлын үүднээс сонголтыг хийж, хэний ч мэдэхгүй хүмүүсийг олон нийтийн төлөөлөл болгох гэж байгаа нь харамсалтай. Энэ мэтчилэн шинэчлэлийн Засгийн газар гарсаар нийгмийн бүх салбарт дарангуйлал, муйхарлал бий болж байгаад иргэд, олон нийт эмзэглэж байна. УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны ийн шийдвэрлэсэн нь нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл хэсэг бүлэг хүмүүсийн хувийн компани болж байна уу гэж хардахад хүргэж буй. Үгүй бол нийт олонхийн төөлөөлөл болсон дээрх хоёр байгууллагаас тус бүр гурван гишүүн сонгох учиртайг албаныхан хэлж байгаа юм.
Үүнийг Нийгмийн даатгалын тухай хуульд тодорхой заасан байдаг. Тодруулбал, уг хуулийн 27 дугаар зүйлийн нэгд “УИХ нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл / цаашид “Үндэсний зөвлөл” гэх/-ийг байгуулж ажиллуулна. Үндэсний зөвлөл ажлаа УИХд тайлагнана” гэжээ. Хоёрт Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндэсний зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулна гэсэн байна.
2.1 Засгийн газрыг төлөөлж сангийн, хууль зүйн, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн.
2.2 Даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн гурван хүн.
2.3 Ажил олгогчийг төлөөлсөн гурван хүн байна гэж заажээ.
Тиймээс МҮЭ холбоо, АОЭНХ-ныхон ажилчдын болон ажил олгогчдын төлөөлөл болж чадахааргүй гишүүд сонгох гэж байгаад эсэргүүцэл илэрхийлээд байгаа. Үүнийхээ дагуу өнгөрөгч лхагва гаригт тэд олон нийтэд мэдээлэл хийж, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороонд мэдэгдэл хүргүүлсэн юм. Гэвч тэдний мэдэгдлийг шийдвэр гаргагчид хүлээн авах, эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Хэрэв эл хууль бус шийдвэрээ эргэж харахгүй бол цаашид энэхүү үйл ажиллагааны талаар нийт даатгуулагчдын дунд санал асуулга явуулж, эрх ашгийг нь хамгаалсан тодорхой арга хэмжээ авна гэдгээ холбоод мэдэгдсэн.
Ийнхүү УИХ нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийг нийт олонхийн төлөөлөл бус хүмүүсээр бүрдүүлж байгааг цаанаа өөр зорилготой хэмээн тайлбарлах хүн ч олон байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын хөрөнгийг даатгуулагчдын хараа хяналтаас гадуур зарцуулах, хөрөнгийг эзэнгүйдүүлэх нөхцөлийг тэд бүрдүүлж байгаа аж. Ингэснээр иргэдийн даатгалын мөнгийг компанийн эргэлтэд оруулж мөнгө угаахгүй гэх баталгаагүй болж байгаа юм. Ер нь хэн ч бодсон дөрвөн ажилтантай компанийн захирал олон нийтийг төлөөлж чадахгүй шүү дээ.
Харин олон нийтийн мөнгийг л тэд компанидаа эргэлдүүлж чадах байх. МҮЭ холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Манай холбоо олон жил төсвийн алдагдлын нөхөөс болж, нийгмийн даатгалын зарим удирдах албан тушаалтнуудын хууль зөрчсөн шийдвэрийн золиос болсоор ирсэн нийгмийн даатгалын хөрөнгийг нөхөн бүрдүүлж ирсэн. Мөн бие даасан байдлыг нь хангахын тулд нийгмийн даатгалын санг улсын төсвөөс салгах, тэтгэврийн даатгалын санд дутуу төлөгдсөн шимтгэлийг Засгийн газраар нөхөн төлүүлэх, сангийн үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулж өсгөх зэрэг олон санал, шаардлагыг гарган ажиллаж тодорхой амжилтад хүргэсэн” гэж хэлсэн.
Үнэхээр ч тэд Монгол Улсынхаа нийт даатгуулагчийн 64 хувийг төлөөлөн ажилладаг учраас аргагүй юм. Гэтэл УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороо иргэд олон нийтийн жинхэнэ төлөөлөл болдог үйлдвэрчний эвлэлийн холбоодыг гадуурхаж байгааг юу гэх вэ. Энэ нь даатгуулагчид, ажил олгогчдыг илт элэг барьсан, хуулиа уландаа гишгэсэн, хэт улстөржсөн шийдвэр гэдгийг буруушаах хүн олон бий. Мөн нийгмийн даатгалын тогтолцооны бие даасан байдалд ноцтой үр дагавар учруулахуйц харалган шийдвэрийг тэд гаргаж байна.
URL: