Нямкагийн хүчгүйдэл
Ц.Нямдорж гишүүн хүн шиг л хүн. Сайн ч, муу ч төрийн толгойд хэдэн арван жил “эзэн” мэт суухдаа хийсэн саар үйлээс сайн нь олон л байдаг биз. Хүмүүс яагаад Ц.Нямдорж гишүүний тухай ярихаар ингэтлээ их дургүйцэж, үзэн яддагийг заримдаа бодохоор толгой сэгсэрмээр ч юм шиг. Унтах орондоо хуулиа засаад суудаг, урдаасаа сөрвөлзсөнийг “бяц” дардаг гэхчилэн түүний талаар саар мэдээлэл олныг дуулжээ, бид.
Орчлон хорвоод хүн амьд явахдаа их л юм үздэг гэж үнэн ажээ. “Экс” спикер, “экс” сайдын лоозон барьж диван дээр тансагласан “жагсаал”-ыг хараад өөрийн эрхгүй инээд хүрэх. Загатнасан газар нь маажсан уу гэлтэй инээд хөөр, баясал бахдал хүмүүсийн цээжинд багтаж ядна лээ. Бид зөндөө инээсэн, элгээ хөштөл.
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг. Ц.Нямдорж гишүүн намын нөхдийн хамт өнгөрсөн жилүүдэд УИХ-аас гарсан хууль тогтоомжийг баталсан. “Зовлонг хүн өөрөө бий болгодог” гэдэгчлэн тэрбээр хууль журам завхрах үндэсийг тавигсдын нэг, тэдний балгийг одоо ардчилагчид засах гэж мэрийж байгаа ч гэж үзэх хүн олон.
Хэнд ч дийлдэшгүй энэ эрхэм аргаа барж суугааг харахаар бас өрөвдмөөр ч юм билээ. Хүчний байгууллагуудыг өөрийн дураар атгаж, дур зоргын тэнгэрт дүүлж явсан энэ эрхэмд хэт өндрөөс газардахын зовлон нүүрлэсэн юм биш биз гэж бодогдох.
Монголын төрд тасралтгүй, олон жил зүтгэсэн, тэр дундаа Их хурлын гишүүнээр 20 шахам жил ажиллахдаа Их хурлын даргын хариуцлагтай албыг хашиж явсан, Хууль зүй дотоод хэргийн яамыг 10 орчим жил толгойлсон энэ эрхмийн хэлж ярьж буй үг бүхэн хууль шиг хүчтэй байсан цаг саяхан. Одоо хүч нь аажим аажмаар саарсаар буй нь ажиглагдах.
Хэрэвзээ Ц.Нямдорж гишүүнд хуучны эрх мэдэл байсансан бол тэр хэзээ ч шүүх хуралдаанд унахгүй. Энэ нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр төрд халдаж, хоёр ч шатны шүүхээс ялагдал хүлээгээд байгаагаас харагдаж байна.
Шүүх эрх мэдлийг нэгэн цагт гарын арван хуруундаа “базаж” явсан тэрбээр одоо нэрсийн жагсаалтаар УИХ-д заларсан, сонгогчгүй гишүүн. Түүнд одоо намын тухай л дуугарч, лоозон барьж жагсахаас өөр ажил үлдээгүй юу гэлтэй.
Б.Даш-Ёндон, Н.Багабанди хоёроос зүүгдэн улс төрд орж ирсэн энэ эрхэм Н.Энхбаярыг баривчлагдсаны маргааш л нэр сүрээ бүр навс гутаачихсан. Үнэндээ Монгол улсын төрийн тусгай хамгаалалтад байгаа эрхэмийг хоригдохыг Хууль зүйн сайд мэдээгүй гэдэгт иргэд итгэхийг ч хүсээгүй. Н.Энхбаяр найзаа өөгшүүлж, эцэст нь өр лүү нь өшиглөсөн хүн бол Ц.Нямдоржийг гэдэг. Одоо Ц.Нямдорж гишүүн Л.Гүндалайгийн зовлонг хангалттай мэдэрч байгаа биз.
Өс хонзон санахдаа гаргуун, хорчин заргачаараа алдартай гэгддэг Ц.Нямдорж сайд Монгол Улсад болж өнгөрсөн бүхий л булхай луйвар, алаан хядаан, авлига хээл хахууль, хууль бус үйлдлийг мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс “өс хонзон”-гийн сэдэлтээр одоо улс төрийн “хамууд”-ынхаа “но”, булхайг ард түмний нүд бүлтэртэл, сэтгэл онгойтол илчлээд өгөх хэрэгтэй. Түүнээс ийм л юм хүлээхээс өөр юу ч хүсэх билээ….
Хэлэх үгээ шулуухан хэлчихдэг хүнд хүмүүс тэр бүр дуртай байдаггүй. Түүнийг дэндүү шударга гэж үздэг хүмүүс бий. Тэр сайн хүн үү? Сайлж, бас муулдаг, энэ эрхэмд эгдүүцдэг хүмүүсийн эргэлзээ хэдийд тайлагдах бол?
Уул нь ойртож нөхөрлөвөл хүн мөсөөр бас чиг муу хүн биш гэж нэгэн танил маань хэлж байсансан. Гэхдээ нэг л муу нэр дуулсан бол “Муу нэрийг хусавч арилдаггүй” гэдэгчлэн хүмүүсийн ой тойнд Ц.Нямдорж гишүүний муу үйл, үйлдэл нь л үлдчихсэн юм болов уу, хэн мэдэх вэ…
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
URL: