Ажилгүйдэл их байгаа улсад хувьсгал гарна

Энэтхэг, Латин Америк, Дундад Азид Арабын ертөнцийнх шиг улс төрийн хямралын нүүрлэх үү. Эдгээр бүс нутагт амьдардаг хүмүүсийн дийлэнх нь хангалуун амьдралтай, ирээдүйдээ 100 хувь итгэлтэй байдаг гэж хэлж болохгүй. Хойд Африкийн хүн амыг ч гэсэн дээрх шиг тодорхойлох нь зохимжгүй. Тэд авторитар дэглэмийг эсэргүүцсэний улмаас жагсаал зохион байгуулж байна.

Хойд Африкт болж буй эсэргүүцлийн синдром бусад өндөр хөгжилтэй, аюултай бүс нутаг руу шилжинэ гэдэг дүгнэлтийг хийхэд арай эрт байгаа юм. Гэхдээ энэ дүгнэлтийг тооцоолохгүй байж боломгүй. Тухайлбал, Энэтхэгийн Дели хотод хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцэж зуун мянган гаруй хүн жагсчээ. Тус улсад иймэрхүү олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ зохиогдоогүй удсан. Энэтхэгийн хүн амын гуравны  нэг нь туйлын ядуу байдаг гэсэн судалгаа бий. Иргэдийн жагсаал нь эрх баригчдыг нэгийг бодуулахад хүргэжээ. Жагсаал зохион байгуулсан Үйлдвэрчний эвлэлийнхэн эрх баригчдыг солих асуудлыг тавиагүй. Харин барааны үнийн өсөлтийг нэг хэмжээнд барих, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажилгүйдлийг багасгах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан байна.

Харин өнгөрсөн сарын 20-нд Хятадын залуус ардчилал хэмээн жагссан ч хууль сахиулагчид тараасан. Залуус үүнийг “мэлрэг” цэцгийн хувьсгал хэмээн нэрийджээ. Тус улсын удирдах бүх эрх мэдэл Коммунист намын гарт байдаг. Иймээс сонгодог ардчиллын тухай тэнд яриад ч хэрэггүй. Гэхдээ Хятадын эрх баригчид авлига, нийгмийн хуваагдлыг эсэргүүцдэг. Тэд энэ хандлага өсвөл юунд хүргэж болох вэ гэдгийг сайн мэднэ. Иймээс улсын нөөц бололцоо эдийн засгийн болон технологийн, шинэ зах зээлийг эзлэхэд чиглэгдсэн байдаг. Энгийн хятад иргэд эерэг өөрчлөлтүүдийг мэдэрч байгаа учраас тэдний хувьд олныг хамарсан жагсаалд оролцох нь тийм ч ашигтай биш аж. Өөрөөр хэлбэл, Хятадын эрх баригчид тэнэг үйлдэл хийхгүй бол иргэд нь жагсахад бэрх юм.

Хойд Африкийн гол шалтгаан болсон солигдошгүй засаглалыг Латин Америкийн улсууд бараг л туулаад гарсан гэж болно. Иймээс эрх баригчид эмээгээд байх зүйлгүй. Учир нь тэдний цэргийн дэглэмийн үе ард үлдсэн учраас бүс нутгийн дийлэнх улсууд ардчиллын замаар хөгжин, эрх баригчид нь байнга солигдож  байна.  Тухайлбал, Бразилийн төрийн тэргүүнээр Дилма Роусефф хэмээх эмэгтэй сонгогдлоо. Үүний өмнөх ерөнхийлөгч Лула Да Сильва иргэдээс өндөр үнэлгээ авсан юм. Түүнийг иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, улиран ажиллахыг хүссэн ч Лула Да Сильва татгалзжээ. Мөн Уругвайд ижил нөхцөл байдал гарч байжээ. Иймээс Латин Америкийн улсуудын ерөнхийлөгчид удаан хугацаанд ажилладаггүй. Энэ нь нэг үгээр тайлбарлавал, цэвэр ардчилал гэхэд хэлсдэхгүй.

Харин Венесуэл улс болгоомжлол төрүүлж байна. Тус улсын тэргүүн Уго Чавес Үндсэн хуульд заагдсаны дагуу ерөнхийлөгчийн хугацааны таван жилийг зургаа болгосон. Дараа нь мөн өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийг хугацаагүй ажиллахаар болгосон юм. Уго Чавесыг Хосни Мубаракийн хувь тавилан хүлээж байгаа гээд хэлчихэд буруудахгүй. Учир нь тэрбээр улсдаа хагас цэргийн дэглэм тогтоочихсон. Яахав, түүнийг өмөөрөх шалтгаан нь Венесуэлийн өмнөх ерөнхийлөгчид улсдаа сайн зүйл бүтээж чадаагүй юм.

Дундад Азид хувьсгал гарч мэднэ гэж шинжээчид үзэж байна. Тус бүс нутагт шийдвэрлэвэл зохих асуудлууд аль эрт хуримтлагдчихсан аж. Зөвлөлт холбоот улсын туг дор байсан бүс нутгийн улсууд үр ашигтай эдийн засаг, орчин үеийн улс төрийн байгууллагуудыг бий болгож чадаагүй. Үүнээс үүдэж янз бүрийн бүлэглэл, угсаатнууд болон элитүүд үе үе өнгөт хувьсгал өдөөх гэж оролддог. Иймээс эдгээр улс ямар нэгэн сөрөг үйл явдалд амархан автдаг. Тэр тусмаа лалын радикал хүчнийхэн эдгээр улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Тухайлбал, өнгөрсөн онд Киргизстанд өнгөт хувьсгалын улмаас тус улсын иргэд ерөнхийлөгч Курманбек Бакиевийг суудлаас нь авч хаясан. Энэ нь бүс нутагт байдал өөрчлөгдөж болох юм гэдгийг харуулсан. Мөн талибаны хөдөлгөөний үйл ажиллагааг таслан зогсоохгүй бол Афганистанд Арабын ертөнцийн хямралын давалгаа хамгийн их нөлөөлнө.

Харин Казахстанд байдал одоогоор тайван байна. Тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев “Нийгмийн халамж, залуусын боловсролд анхаарахгүй бол хувьсгал гарна” хэмээн мэдэгдсэн нь Казахстанд байдал ямар байгааг харууллаа. Тэнд хувьсгал гарахгүй байх шалтгаан нь бүс нутгийн улсуудыгаа бодвол ажилгүйдэл бага, эдийн засаг нь хүчирхэгжиж байгаа юм.

Барууны мэргэжилтнүүдийн тодорхойлж буйгаар дан ганц авторитар дэглэмтэй улсад биш. Харин ажилгүйдэл их байгаа улсад хувьсгал гарна.


URL:

Сэтгэгдэл бичих