Импортын хүнс үндэсний аюулгүй байдалд заналхийлэх нь

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг улс орнууд өөр, өөрийн онцлогт тохируулан тэмдэглэн өнгөрүүллээ. Манай улсын хувьд хөдөө аж ахуйгаа өөд нь татаж дэлхийн хүнсний хангамжид гол үүрэг гүйцэтгэе гэсэн санааг дэвшүүлэв. Дээрх урианаас харахад хүнсний баталгаат байдлыг хангахад хөдөө аж ахуйн хоршоод, үйлдвэрлэгчдийн оролцоо чухал гэдгийг тодотгосон хэрэг болов уу. Сүүлийн үед мэргэжилтнүүд хүнсний аюулгүй байдал, сүү, сүүн болон мах, махан бүтээгдэхүүний хангамж, хүнсний эрүүл ахуй гээд олон өнцгөөс асуудалд хандах болсон.
Дэлхийн эрүүл мэндийн болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дүгнэлтээр хамгийн түгээмэл тохиолдож буй нийгмийн эрүүл мэндийн асуудал бол хоол хүнсний бохирдлоос шалтгаалсан өвчин хэмээн үзэж буй юм. Тиймээс ч хөгжингүй орнууд иргэдээ бохир хоолноос болж өвчлөх вий хэмээн сэргийлж гаднаас авч байгаа хүнсний зүйлд нарийн шалгуур тогтоож, өндөр шаардлага тавьдаг.

Энэ нь хүнсний аюулгүй байдал хүн амын эрүүл мэнд, цаашилбал эдийн засаг, үндэсний аюулгүй байдлыг мөхөөнө гэдгийг сайтар ухамсарласны шинж. Харин монголчууд бидний хувьд хоол хүнсээ хангах боломжиндоо л санаа зовсоор сууна. Өдөр тутмын хоол хүнснийхээ хэрэглээг таслахгүй л байвал хүнсний зүйлсээс олж авах амин дэм, хаана, ямар шат дамжлагаар үйлдвэрлэсэн нь тийм ч чухал биш.
Наад зах нь манай дэлгүүрүүдийн лангуун дээрх хүнсний 80 хувь нь импортоор орж ирсэн бүтээгдэхүүн эзэлдэг. Гэтэл гадны улс орнуудын дэлгүүрийн лангуун дээр 80-95 хувь нь дотоодын бүтээгдэхүүн, 5-10 хувь л импортын хүнс байх жишээтэй. Эндээс бид дүгнэлт хийх цаг болсон. Нэг үеэ бодвол манай хүнсний үйлдвэрүүд өндийж байна.

Газар тариалан, мал аж ахуйгаа өөд нь татаж чадвал үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн импортын бараанд алдсан орон зайгаа нөхех боломжтой. Ста- тистик үзүүлэлтээс харахад манай улс дотоодын үйлдвэрлэлээрээ сүү, сүүн бүтээгдэхүүн, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, өндөгний 50-60 хувь, ус ундааны хэрэгцээний 70-80 хувийг хангах боломжтой юм байна.

Манай орны хүнсний үйлдвэрүүд 40-өөд нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаа гэсэн судалгаа бий ч импортын хүнсийг давж чадахгүй л сууна. Энд төрийн зохицуулалт, хэрэглэгчдийн сонголт чухал. Яг үнэндээ манайд импортын хүнсэнд тавих шаардлага сул, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих бодлого хангалтгүй, хэрэглэгчид импортын барааг илүүд үзсэн, хяналтгүй зар сурталчилгаанаас болж дотоодын хүнс үнэгүйдэхэд хүрсэнтэй холбоотой.

Нөгөөтэйгүүр хэрэглэгчдэд гадаадын юм л бол сайн гэсэн ойлголт нийтлэг байдагтай холбоотой. Тухайлбал ундаа, сүү, тарагны хадгалах хугацааг уртасгахын тулд элдэв химийн бодис хэрэглэх, хийжүүлэх арга хэрэглэдэг. Европоос чихэр, жимс авчрах гэвэл, наад зах нь 45 хоног шаардана. Шар айраг, төрөл бүрийн ундаа замдаа хэд хөлдөж, хэд гэсч ирдэг гэхээр бид хүнс биш хор л хэрэглэсээр сууна.

Манай улс шиг хугацаа нь хэтэрсэн зүсэн бүрийн хүнсээр дүүрсэн үед импортын бараа оруулах босгыг өндөрсгөхгүй бол бидний ходоодоор дамжин үндэсний аюулгүй байдалд заналхийлж мэдэх нь. Уг нь Монгол Улс газар тариалан, мал аж ахуй гээд бусад орнуудаас давуу тал ихтэй. Үүгээрээ бол монголчууд хамгийн цэвэр эко бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой.

Гэтэл бидэнд хүнс боловсруулах техник хэрэгслээс эхлээд учир дутагдалтай зүйл их байна. Max, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүмүүсийн хэрэгцээнд зориулан жижиг савлагаатай олон нэр төрлөөр үйлдвэрлэх талаар манайд гавьтай шинэчлэлт хийгдээгүй. Ядаж л импортоор оруулж байгаа бүтээгдэхүүнээс санаа аван стандартаа шинэчлэх, лабораториуд нь шинэ туршилт, баталгаагаа олон нийтэд мэдээлдэг болчихвол хүнсний хангамжинд тодорхой ахиц гарна.

Тухайлбал сүү, цагаан идээг насны ангилалд орц тунг нь тохируулан хуурай, шингэн төрөл бүрээр үйлдвэрлэвэл хүмүүсийн хэрэгцээг хангахуйц болно. Ингэснээр бусад хавсрах үйлдвэрлэл хөгжих боломжтой. Хүнсний аюулгүй байдал хэмээн ерөнхийд нь ярих биш хүнсний ашиглалт, хүнсний хэрэгцээ, хүнсний боломжийг цогцоор авч үзэж байж хүнс эрүүлжинэ, гадныханд тоогдоно гэсэн үг.

Юу хэрэглэх нь хүмүүсийн өөрсдийнх нь сонголт. Гэхдээ эрүүл бүтээгдэхүүнийг сонгох нь чухал. Сонголтоо зөв хийснээр зөв хэрэглээг бий болгоно. Цаашлаад санаа зовохгүйгээр хэрэглээндээ итгэнэ.
Б.Ариунзаяа
Эх сурвалж: “Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих