Малала: Чихэр идмээр байна, даанч гадаа хутга, сүх дуугарсаар…

Өдгөө дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй Малала Юсафзай охин 1997 оны долдугаар сарын 12-нд төрсөн байна. Түүнийг Малала гэдэг бөгөөд Пакистаны Сват дүүрэгт амьдардаг. Охины аав Зиауддин Юусафзай тэмцэгч, яруу найрагч аж. Малала охин анх 2008 оны есдүгээр сараас боловсролын салбарын асуудлаар өдрийн тэмдэглэлээ эхэлжээ. Харин түүний аав нь орон нутгийн хэвлэл, телевизэд  охиныхоо бичдэг өдрийн тэмдэглэлийн талаар хэд хэдэн удаа илтгэл тавьж байсан аж.
Охины тэмдэглэлийг аав нь 2009 онд “БиБиСи” агентлагт өгснөөр Малала охин амьдралынхаа тухай блогтоо бичиж эхэлсэн юм байна. “БиБиСи” агентлагийнхан энэ тухай мэдэгдэхдээ Тали­бануудын дарлал дунд амь­дардаг өөр эмэгтэй байсан бол үүнийг бичих байсан болов уу гэж байв.
Маулана Фазлуллагаар удир­дуулсан Талибан цэргүүдийн хавчлаган дунд охид дэлгүүрээр явахаас эхлээд хөгжим сонсох, телевиз үзэх хүртэл хориотой болж эхэлжээ. Хотын төв талбайд Талибануудын гарт цааз­луулсан хэдэн арван хүний цогцсыг цагдаа нар зөөж байв. Энэ үед Талибанууд анх удаа өдрийн тэмдэглэл хөтлөхийг зөвшөөрсөн боловч Малалагийн аав нь Талибуудын дараагийн ажиллагааг мэдэхгүй учраас охиноо үргэлжлүүлэхийг хүсэх­гүй байжээ.
Гэсэн ч удалгүй Малала блог нээн хөтлөх болсон бөгөөд тухайн үед “БиБиСи” агент­лагийн редактор асан Мирза Вахед охины аюулгүй байдлыг хангах үндсэн дээр нууц нэр ашиглахыг санал болгосон байна. Ингэснээр Малала охин нууц нэрээр блогоо хөтөлж эхэлсэн бөгөөд хүмүүст ихээр хүрчээ.

Малала Юсафзай охины блогоос…

2009 оны нэгдүгээр сарын 3-нд
“Би өнгөрсөн шөнө айм­шигтай хар дарж зүүдэллээ. Тали­бануудтай нисдэг тэргээр явж байна. Надад маш аймшигтай байсан. Би ер нь Талибануудын үйл ажиллагаа эхэлснээс хойш үргэлж иймэрхүү байдлаар хар дарж зүүдлэх боллоо. Би өнөө­дөр ээжтэйгээ өглөөний цайгаа уусан. Сургуульдаа явахгүй. Талибануудын гаргасан зарли­гийн дагуу бүх охид сургуульд явахыг хориглосон. Манай анги уг нь 27 сурагчтай. Охидыг сургуульд явуулахыг хориг­лосноос хойш 11 хүүхэдтэй болж цөөрсөн гэсэн. Манай гурван найз ийм хориг тавьснаас хойш гэр бүлийн хамтаар Пешавар, Лахоре, Равалпинди рүү нүүцгээсэн.”
Түний анхны бичлэг 2009 оны нэгдүгээр сарын 3-нд орсноор олонд түгээгдэж хэдэн сая хүний сонорт хүрэн олны анхаарлыг татав. Үүний дараа­гаас охины блог нэлээд нэртэй болж Талибууд блогийн эзнийг хайж эхэлсэн байна. Талибууд охидын сургуулийг хааснаас эхлээд бүх л үйл явдлыг багтаа­сан бичлэг олонд хүрч байгаа нь мэдээж тэдэнд таалагдаагүй нь лавтай.

Нэгдүгээр сарын 5-нд

“Хамгийн сүүлд би сур­гуулиасаа харьж байх үедээ маш аймшигтай зүйл сонссон. Нэг хүн надаас нэлээд зайтай явж байгаад “Би чамайг ална шүү” гэж утсаар хэн нэгнийг заналхийлж байлаа. Би айсандаа хурдан алхлан гэр рүүгээ явлаа. Бодвол Талибууд л байсан байх”

 2009 оны нэгдүгээр сарын 15-нд
“Би ер нь сургуулийнхаа формийг өмсөхөөр шийдлээ. Би формоо өмсөх маш дуртай шүү дээ. Бусад охид огт өөр өнгийн хувцаснууд өмсч л байг.”
Учир нь энэ үед охидыг сургуу­лийнхаа формийг өмсөхийг хүртэл Талибууд зөвшөөрөхгүй байсан аж.
Нэгэн өдөр Малала охины аавын утас дуугарчээ. Үл мэдэх этгээд өөрийгөө орон нутгийн хэвлэлээс залгаж байгаа хэмээн танилцуулан блог хөтөлнө гэдэг үнэхээрийн ухаантай зөв санаа гэж бодож, дэмждэгээ илэрхийлэн үүний эзнийг хэлж өгөхийг хүсчээ. Харин хариуд нь Малалагийн аав инээмсэглэн эелдэгхэнээр энэ тухай мэдэх­гүй гэдгээ хэлсэн байна.

Нэгдүгээр сарын 19-нд

“Талибууд охидын сургуулийг хаагаад багагүй хугацаа өнгөрч байна. Миний мэдэхээр бараг таван сургуулийг хаалаа. Нэг нь манай гэрийн ойролцоо байдаг. Гэхдээ би үнэхээр гайхаж байна. Ингэж хаалаа гээд тэдэнд ямар хэрэгтэй юм бол?  Гэвч охидод боловсрол олгохгүй гэсэн санааг ерөнхийдөө гадарлаж байна л даа. Амралтын дараа шалгалт авдаг. Гэхдээ Талибууд охидыг сургуульд явахыг зөвшөөрсөн цагт л шалгалтаа өгөх байх. Ямар ч байсан шалгалтдаа жаахан ч гэсэн бэлтгэж л байя. Ингэж байж л шалгалтаа өгөх байх.”

Нэгдүгээр сарын 24-нд

“Хэдэн арван сургууль бараг  хаагдчихлаа. Тэд ойрдоо энэ байдлаа өөрчлөхгүй байх даа”

Нэгдүгээр сарын 26-нд
“Хаана ч байсан хутга сүхний дуу үргэлж сонсогдох юм. Уг нь гарч амттай юм авч идмээр байх юм. Даанч дахиж идэж чадахгүй бололтой”

Нэгдүгээр сарын 28-нд
“Би анх удаа хот руу /Исламабад/ явж үзэх гэж байна. Тэндхийн барилгууд нь манай зуны байшин шиг гоё бас өргөн замтай гэсэн. Гэхдээ л манай Сват хот байгалиараа илүү гоё л доо.”
2009 оны хоёрдугаар сард тэдний гэрийнхэн хот руу­гаа буцжээ. Гэсэн ч охид сургуульдаа явах эрхгүй хэвээр байв. Хэд хоногийн дараа түүний аав Мингора дахь Малалагийн ээж дээр очихоор болов. Энэ тухай Малала охин “Аав бид хоёр ээжид бэлэг авахаар дэлгүүр орлоо. Даанч бүх дэлгүүр хаалттай байна” гэжээ.Хөвгүүдийн сургууль нээгд­лээ. Гэсэн ч охидын сургууль хаалттай хэвээр. Зөвхөн охидын сургууль л хаалттай.
Хоёрдугаар сарын 15-нд Мин­горагийн гудамжинд буун дуу гарав. Гэхдээ Малалагийн аав нэг л тайван байв. Тэрбээр сонин дээрээс Засгийн газрын цэргийнхэнтэй энхийн гэрээ удахгүй байгуулах гэж байгааг уншиж байв. Мөн орон нутгийн радиогоор энхийн гэрээ бай­гуулах талаар мэдээлжээ. Гэвч гэнэт Малалагийн ээж аав хоёр уйлж эхэлсэн байна. Учрыг ойлголгүй байтал Малалагийн хоёр эрэгтэй дүү нь буунд өртсөн байсан аж.
Хоёрдугаар сарын 25-нд тэр­бээр блогтоо охидын сур­гууль нээгдсэн тухай бичжээ. Мөн Талибуудынхны нисдэг тэрэг ч ойр хавьд харагдсангүй гэсэн байна. Гуравдугаар сарын 1-нд түүний бичсэнээр 27 сурагчийн 19 нь иржээ.
Одоогоор Малала охин Британид эмнэлэгт байна. Түү­нийг сургуулиасаа гэр рүү явж байх үед толгойн тус газар нь Талибууд буудсанаас хүнд шарх авсан юм. Яаралтай Бри­тани руу мэс засалд явуулсан бөгөөд эмч нар охины биеийн байдал сайн байгааг мэдээлж байгаа.
Өдгөө түүний тухай дэлхий нийтээр бахархан ярих болсон бөгөөд Малала бол хэдэн сая ийм охидын дуу хоолойг хүргэж чадсан томоохон ам­жилт гаргасан иргэний баатар болон хувирчээ. Түүнд 2011 оны аравдугаар сарын 25-нд Олон улсын хүүхдийн шагнал, 2011 оны арванхоёрдугаар сарын 19-нд Залуучуудын энхийн шагнал, энэ оны аравдугаар сарын 15-нд Пакистаны иргэний эр зоригтон гуравдугаар шагналыг тус тус олгоод байгаа юм. Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих