Энэ жил Засгийн газрын гадаад өр 2,8 тэрбумаар нэмэгдэнэ
Өнөөдөр Монгол Улсын гадаад өр улам өсөн нэмэгдэж байгаад хүмүүс сэтгэл түгших болов. Энэ ч аргагүй биз. Бид дөнгөж саяхан ОХУ-д төлөх их өрөөс арайхийж мултран “Бид, Монгол Улс өргүй боллоо” хэмээн баярлацгааж байсан. Гэтэл дахиад л бөөн өр. Энэ их өрийг Монгол Улсын бүх хүн амд хуваавал нэг хүнд ноогдох өр хэдэн саяар тооцогдох чамгүй тоо гарна.
Зарим хөгшчүүд “Монголчууд бид чинь өрнөөс өндийдөггүй ямар одонд төрсөн улс вэ? Үхэхдээ өргүй нүд анихсан гэж бодох юм. Гэтэл үр хүүхэд минь ч бүгд өртэй” гэж халаглах нь дуулдав. Тэгвэл энэ их өр чухам хаанаас гараад ирэв. Монголбанкны мэдээллээр өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр (2012 оны эхний улирлын байдлаар) 10.9 тэрбум ам.Долларт хүрчээ.
Үүний 2.8 тэрбум буюу дөрөвний нэг нь Засгийн газарт, үлдсэн нь хувийн хэвшлийнхэнд ноогдож байна. Нийт гадаад өр гэдэгт Засгийн газар, төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд, Төв банкны тавьсан өр, Засгийн газар болон Төв банкны гаргасан баталгааг багтаадаг аж. Саяхан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын санаачилж оруулсан таван тэрбум ам.долларын Засгийн газрын бонд (үүнээс эхний ээлжинд 1.5 тэрбум)-ыг гаргах асуудлыг УИХ-аар хэлэлцээд дэмжив.
Мөн энэ онд Монголын Хөгжлийн банк Засгийн газрын баталгаатайгаар 580 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргасан.
Үүн дээр Засгийн газрын гаргах 1.5 тэрбум ам.долларын бондыг оруулж тооцвол зөвхөн энэ жил Монгол Улсын Засгийн газрын өр 2.8 тэрбумаар нэмэгдэж байна.
Монголын Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээл нь жилийн 5.75 хүүтэй бөгөөд үүнийг таван жилийн дараа төлөх учиртай. Тодруулбал, жилд 33.3 сая, өдөрт 91 мянган ам.долларын хүү төлнө гэсэн үг.
Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойших 20 гаруй жилийн хугацаанд Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөх зориулалтаар гадаад улсууд, Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл тусламж авч байв. Монгол Улс нийт дөрвөн тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, тусламж авч байсны 28 хувийг Азийн хөгжлийн банкнаас, 20хувийг Дэлхийн банкнаас, мөн 20 хувийг Японы Засгийн газраас тус тус авчээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улс нь хуучин ЗХУ-ын өр, авлагыг өвлөн авсан ОХУ-д төлөх ёстой байсан (10 орчим тэрбум ам.доллар) өртэй тэнцэх хэмжээний өрийг одоо тавьчихаад байна. Нэгэнт зарлаад байгаа 10.9 тэрбум ам.доллар дээр Засгийн газраас гаргах гэж буй 1.5 тэрбум ам.долларын бондыг нэмбэл Монгол Улсын гадаад өр хэдий хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой.
Өнөөдөр УИХ, Засгийн газрын зарим гишүүд “Бондын орлогыг зөвхөн төмөр зам, цахилгаан станц, аж үйлдвэрийн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах ёстой. Таван тэрбум ам.доллар гэдэг тийм ч их мөнгө биш” гэж яриад байгаа. Хэрэв энэ байдлаар жил бүр бонд гаргаад байвал тун удахгүй ойрын таван жилд Монгол Улсын нийт гадаад өр 16-17 орчим тэрбум ам.долларт хүрч мэдэхээр байна.
Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: