Т.Чогжмаа: Х.Тэмүүжин эмнэлгийн салбарт шунан улайрч байна
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг цэргийн госпитальтай нэгтгэх шийдвэрийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гаргаснаар тус эмнэлгийн удирдлага сайд хоёрын хоорондох хэрүүлийн алим өнхөрсөөр байна. X.Тэмүүжин сайд ажлаа авснаасаа хойш яамныхаа бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж, шүүх, цагдаагийн барилгуудыг орчин үетэй хөл нийлүүлсэн хэлбэрээр барихаар болсон. Энэ хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг Хууль зүйн яамны мэдэлд авахаар болоод байгаа. 80 жилийн түүхтэй эмнэлгийн хамт олон үүнийг эсэргүүцэн үе шаттайгаар мэдээлэл хийж, эмнэлгийн барилгаа алдахгүйн тулд эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдээд байгаа юм. Энэ талаар тус эмнэлгийн бага эмч Т. Чогжмаатай ярилцлаа.
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг хотын төвөөс зайлуулсан нь дээр. Учир нь тус эмнэлэг төрд алба хашдаг дарга нарт үйлчилдгээс бус жирийн иргэдийг үүдээрээ ч оруулдаггүй гэх шум гадуур их байна. Энэ талаар тайлбар өгөөч?
-Манай эмнэлэг төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэдэг нэрэндээ л байгаа болохоос биш үйлчилгээ нь иргэдэд нээлттэй байдаг. Цагдаа, шүүх байгууллагын ажилчид, Онцгой байдлын Ерөнхий газрын ажилчид ч мөн Монгол Улсын иргэд шүү дээ. Тэдэнд эмнэлгийн үйлчилгээг манай эмнэлэг үзүүлдэг. Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд яаралтай мэс заслын тусламж үзүүлдэг. Сайд, дарга нарт үйлчлээд байдаг юм биш. Энгийн ард түмэн ирээд үйлчлүүлэхэд манай үүд хаалга нээлттэй байдаг. Нэг хоёр хүний буруу мессеж гадуур яваад байгаа юм шиг байгаа юм. Төрийн тусгай албан хаагчдын гэсэн нэг л сүрхий нэр байгаад байгаа болохоос биш төрийн томчуудыг хүлээж аваад ард иргэдийг түлхдэг тийм зүйл байхгүй.
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг гэж нэрлээд өдийг хүрсэн нь ямар учиртай юм. Иргэд магадгүй төрийн тусгай албан хаагчид л тус эмнэлгээр үйлчлүүлэх ёстой гэж ойлгодог байж болох юм?
-Эмнэлгийн нэрний хувьд манай системд үйлчилж буй хүчний байгууллагууд тусгай обьектод үүргээ гүйцэтгэж байгаа. Жишээлбэл, 2008 оны долоодугаар сарын нэгний үймээнээр цагдаа нар ямар байдалд яаж ажиллаад, хэрхэн бэртсэнийг хүн бүхэн мэдэж байгаа. Тэр цагдаа нар чинь Монголын л иргэд биз дээ. Тэд чинь сайд, дарга нараас шал ондоо. Энэ хүмүүс чинь төрийн байгууллагад ажиллаж байгаа ард түмний л төлөөлөл. Гэхдээ зөвхөн цагдаа, шүүх, гэх мэт төрийн тусгай албан хаагчдаас өөр хүнд үйлчлэхгүй гэсэн үг биш шүү дээ. Манай эмнэлгээр энгийн ямар ч иргэн үйлчлүүлж л байгаа шүү дээ. Тэр сүрхий сайд дарга нар чинь манай эмнэлгээр үйлчлүүлдэггүй. Бүгд Хоёрдугаар эмнэлгээр үйлчлүүлдэг. За бараг Хоёрдугаар эмнэлгээрээ ч тоож үйлчлүүлэхгүй дээ. Ихэвчлэн гадаадад эмчлүүлчихэж байгаа.
-Х.Тэмүүжин сайд танай эмнэлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаад ихэнх ор нь сул байдаг. Эмнэлгийн иргэдийг хамрах хүрээ бага гэж дүгнэсэн. Харин та эмнэлгийн ачаалал маш их бусад эмнэлгийн адил ор хүрэлцдэггүй гэж ярих юм?
Манай эмнэлэг нийтэд үйлчилж байгаа. Нийтэд үйлчилж байгаа гэдэг утгаараа байнга л ачаалалтай ажиллаж байна. Өдөрт дунджаар 400-500 иргэн үйлчлүүлдэг. Дахин хэлье. Манайх хэнийг ч голж, ялгаварлахгүйгээр эмчилгээ үзүүлдэг. Монгол Улсын Үндсэн хуулинд өвчтөн эмч, эмнэлгээ өөрөө сонгож үйлчлүүлнэ гэсэн заалт байдаг биз дээ. Бид хуулиа л мөрдөж ажиллаж байгаа шүү дээ. Биднийг зорьсон өвчтөнүүдийг үзээд оношилгоо шинжилгээг нь хийгээд өвчний оношийг нь тодорхойлоод дараагийн эмчилгээг нь зааж өгдөг. Тангараг өргөсөн эмч хүнийхээ хувьд бид хэнд ч тусламж үзүүлэхэд бэлэн.
-Эмнэлгийг нүүлгэн шилжүүлэхэд боломжгүй гээд байгаа хамгийн гол шалтгаан нь эмнэлэгт суурилуулчихсан байгаа тоног төхөөрөмжийг буцаан авах боломжгүйг та нарыг төлөөлсөн хүмүүс өмнө нь мэдэгдэж байсан. Гэтэл тоног төхөөрөмжийг авах боломж бий гэдгийг тогтоосон байна лээ?
-Тоног төхөөрөмжийг доод давхраа бөглөөгүй байхдаа оруулж суурилуулсан байгаа. Тоног төхөөрөмжийг оруулж ирсэн гадаад компани өөрсдөө өрөөний дотоод зохион байгуулалтыг хийгээд барилгыг нураахгүй л бол тоног төхөөрөмжийг гаргах боломжгүйгээр суурилуулсан. Одоо тэдгээр тоног төхөөрөмжийг буцаагаад гаргахдаа их хэмжээний үрэлгэн байдал гаргах болж байна. Бид ард түмний буюу татвар төлөгчийн тэрбум гаруй төгрөгөөр эхний блокийг ашиглалтанд оруулсан. Одоо гадна талын пасад л гэхэд, хаалга цонхны асуудал л үлдсэн. Ийм байхад Х.Тэмүүжин сайд эмнэлгийг нураа гэж байна. Дөнгөж барьчихаад эргээд нураагаад, дараа нь эргээд барихад хэдэн тэрбум төгрөг үрлэгдэх нь ойлгомжтой. Татвар төлөгчийн мөнгийг зүгээр л эвдээд, нураагаад, дахин бариад байж болох уу? Манай Засгийн газар, Х.Тэмүүжин сайдын үрэлгэн байдал эндээс харагдаж байгаа биз дээ.
-Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хувьд яриач. Монголд байхгүй тоног төхөөрөмжөөр эгэл ардад үйлчлэх цор ганц эмнэлэг бий боллоо. Гэтэл Засгийн газар зөвшөөрсөнгүй гэж эмч нар тайлбарлаад байгаа?
-Тоног төхөөрөмжийн хувьд дөрвөн тэрбум төгрөгөөр орж ирсэн. Энэ төхөөрөмжүүд хамгийн сүүлийн үеийн, хамгийн өндөр хүчин чадал
бүхий оношилгооны төхөөрөмж. Үүнийг задлаад тайлбарлавал маш их юм ярьж болно. Сонгдо эмнэлэгт байрлах хүйтэн хөргүүрийн аппарат 1,5 секундэд 64 зүслэгээр зураг авдаг бол манай аппарат 128 зүслэгээр зураг авдаг. Ийм аппарат Монголд орж ирчихээд байхад үүнийг үл ойшоож байгаа нь үнэхээр харамсалтай. Нэг үгээр тодорхойлбол эдгээр төхөөрөмж Монголд нэвтэрч амжаагүй байгаа. Ард түмэнд илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд энэ төхөөрөмж маш дөхөм болно. Үүний дунд гадаадад эмчилгээнд явдаг иргэдийн ачаалал 30-40 хувь буурна гэж бид тооцоолж байгаа.
-Хотын А зэрэглэлийн бүсэд эмнэлэг байх нь тохиромжгүй гэж үзээд байгаа. Цэргийн госпитальтай нэгдэхэд дургүйцэх шалтгаан нь юу юм бэ?
-Энэ эмнэлэг чинь 80 жилийн түүхтэй. Угаасаа үйл ажиллагаагаа энэ газар л эхлүүлсэн учраас Цэргийн госпиталь, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг гэх Батлах хамгаалах яам, Хууль зүйн яам гэх шал хоёр өөр яамны эмнэлэгтэй нэгтгэх гэж байна. Нэг ёсондоо офицер нарт үйлчилдэг цөөнхийн эмнэлгийг жинхэнэ ард түмний төлөө ажилладаг эмнэлэгтэй холбож нийлүүлэх гэж байна. Батлан хамгаалах яам чинь дайн байлдаан байхгүй энх тайван цагт үйл ажиллагаа явуулж эхэлсэн эмнэлэг. Тэд энхийг сахиулах ажиллагаанд явдаг хүмүүстээ үйлчилдэг. Харин манайх ус, үер, гал түймэр, үймээн шуугиан гээд хэцүү бүхний өмнө явдаг хүмүүсийн эрүүл мэндийн эрсдэлийг бид хамгаалдаг. Эмнэлгийг хөөж туугаад байгаагийн гол учир нь манай эмнэлгийн газарт шунасан явдал. Түүнээс биш аль ч улс оронд төв эмнэлгүүд хотынхоо А зэрэглэлийн бүсэд байрладаг гэдгийг сайд өөрөө мэдэж байгаа. А зэрэглэлийн бүс байх тусмаа эмнэлгийн үйлчилгээ иргэдэд хүрнэ шүү дээ.
-Ж.Тэмүүжин сайд танай эмнэлгийн ажилчидтай албан ёсоор уулзсан уу?
-Сайд манай эмнэлгийн ажилчид, албан хаагчидтай албан ёсоор биечилж уулзаагүй. Тэрбээр 10 дугаар сарын зургааны ажлын бус өдөр бүх эмнэлгийн ажилчид амарч байх үед орж ирээд даргад үүрэг өгөөд явсан байсан. Ёстой нөгөө чоно борооноор гэгчээр зөвхөн барилгын үүдээр шагайчихаад энэ барилгыг тэг, ингэ гэчихээд явсан байна лээ. Яагаад эмнэлгийн бүх бие бүрэлдэхүүнийг байхад санал бодлоо солилцож болоогүй юм бэ? Эмнэлгийн ор хаанаа яаж тавигдсан, үйл ажиллагаа дотоод ажиллагааг сайд огт үзээгүй. Тийм байж энд тэндхийн хэвлэлүүдээр төсөөлж яриад байгаа юм. Энэ нь сайд эмнэлгийг зайлуулах гэсэн л бодолтой байгааг харуулж байна. Энэ эмнэлэг эндээ үйл ажиллагаа явуулснаар ямар үр дүнтэй гэдгийг тэрээр огт мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна.
-Эмнэлгийг цэргийн госпиталь руу шилжүүлэх тал дээр сайд хатуу байр суурьтай байна. Та нарын санал бодлыг үл харгалзан эмнэлгийг шилжүүллээ гэхэд танай эмнэлгийн зүгээс учрах хохирол болоод үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бий юу?
-Тийм боломж байхгүй. Жишээлбэл зөвшөөрөлгүй барьсан 80 барилгын 74-т нь госпиталийн өргөтгөлийн барилга байгаа. Тэгэхээр тэнд бид үйл ажиллагаа явуулах нь эргэлзээтэй. Цэргийн госпиталь өөрийн гэсэн дэд бүтэц зохион байгуулалттай, манайхтай ижил түвшинд ажиллаж байгаа. Тэгэхээр биднийг тэнд аваачна гэдэг бол бидэнд үлгэр шиг сонсогдож байна. Энгийн жишээ татвал Цэргийн госпиталийн орчимд дэд бүтэц гэж байхгүй. Toг нь байнга тасарч байдаг. Халаалтын системээ сольё гэхэд л зам талбай энэ тэр нь ямар ч боломжгүй байрлалд байрлах жишээтэй. Манайх 240 ажилчинтай, үүнээс цэргийн жинхэнэ албан хаагч нь 66 байдаг. Үлдсэн 170 гаруй ажилчин нь энгийн ажилчид. Манай эмнэлгийн ажилчид ч бусад эмнэлгүүдийн эмч нарын авдаг цалингаас доогуур байдаг. Энд цалингийн шатлал тогтоох үедээ гаргасан алдаа бас байдаг. Эдгээр ажилчдын дунд өрх толгойлсон 28 орчим эмэгтэй бий. Тэдний цаана тав орчим гэр бүлийн хүн байгаа. Хоёр эмнэлэг нэгдсэнээр эмх замбараагүй байдал их гарна. Үүний зэрэгцээ ажилчдын халаа сэлгээ гарах нь ойлгомжтой. Тийшээ очоод нэгдлээ гэхэд манай эмнэлгийн ажилчид 100 хувь ажлын местэндээ үлдэнэ гэх баталгаа байхгүй. Тэгэхээр бид өөрийн гэсэн үйл ажиллагаагаа явуулаад 80 гаруй жил болсныхоо хүрээнд бодлого чиглэл, ахиц дэвшил гээд олон юм бий. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн бүхнээ бид тийм амархан замхруулмааргүй байна. Манай эмнэлгийн ард түмэнд хүргэх үр нөлөө хэр вэ гэдгийг үйлчлүүлэгчид өөрсдөө хэлнэ дээ.
-Эмнэлгийн өргөтгөл хийх санхүүг Засгийн газраас гаргаж байсан. Тэр үед энэ талаар яригдаагүй юм уу?
-2009-2010 онд манай эмнэлгийг өргөтгөх төсөв санхүүг суулгахад Х.Тэмүүжин сайд УИХ-ын гишүүн. Н.Алтанхуяг Шадар сайд байсан. Эд чинь эмнэлгийн төсөв санхүүг гараа өргөөд дэмжиж байсан шүү дээ. Гэтэл одоо өөрсдийнх нь бүрэн эрхэд шилжингүүт ард түмний мөнгийг хөсөр хаяж, нураана гээд дайрч байна.
С.Мөнх-Од
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: