ШШГЕГ-ын зарим даргын хөрөнгө, мөнгө идсэн хэрэг илэрчээ

-Нэг нь 49 сая төгрөг идсэн гэхээр нийлбэр нь хэд болох вэ-

“Үүнийг л хийхгүй бол миний яриад байгаа шинэчлэл урагшаа ахихгүй” хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ярьсан. Тэгвэл сайдын яриад байгаа санаа биеллээ олж салбарт нь шинэчлэл гарч ирлээ.

Саяхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мааньтын 415 дугаар хорих ангиас дөрвөн хоригдол оргож шуугиан тарьсан. Энэ асуудал эрх мэдэлтнүүдийн дунд “нууц” хэвээр үлдсэн ч иргэдийг айдаст автуулсан гэхэд болно.

Чанга дэглэмтэй хорих ангиас дөрвийн дөрвөн ялтан оргочихоод байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан нууцалсаар. Бүүр ажлын хариуцлага алдсан хорих ангийнхан төдийгүй удирдлагуудад нь хариуцлага тооцсонгүй, хачин юм.

Хоригдлууд анх удаа оргоогүй. Өмнө нь ч оргож бусгаж байсан. Тухай бүрт хариуцлага тооцсон нэр зүүгээд хаядаг ужиг өвчин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынханд бий. Тэгвэл энэ газрыг татан буулгадаггүй юм аа гэхэд хариуцлага алдаж хоригдлуудаа оргуулсан удирдлагуудаас “ял” нэхье.

Хариуцлага тооцож амжаагүй байхад тус газрын удирдлагууд халаа сэлгээ нэрийдлээр хаяад зугтах сураг байна. Зарим нь оргодол алдсан хэрэгт биш хөрөнгө, мөнгө идсэн хэрэгт шалгагдах бололтой. Учир нь тус газарт салбарын сайд хяналт, шалгалтын “десант” буулгасанаар идсэн уусан нөхдүүд эхнээсээ илчлэгдэж эхэлжээ.

Энэ асуудал эрх мэдэлтнүүдийн хүрээнд бус Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд хэрэгжиж байгаа шалгалт аж. Түүгээр багахан тушаалын нэг даргын л гэхэд 49 сая төгрөгийн асуудал сөхөгдсөн гэнэ. Үүнээс болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нар шөнө нойргүй, өдөр хоолгүй тарчилж “эхэлжээ”.

Яагаад гэвэл энэ мөнгө хаашаа, хэний халаасанд шургалсныг шалгаад эхлэхээр “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийнх доргино” гэгч болж таарна. 49 сая төгрөг битгий хэл хэчнээн тэрбумын асуудал сөхөгдөх ч юм бил үү хэн мэдлээ. Түүнээс гадна сайдын хэвлэлд өгсөн ярилцлагуудаас эхтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт харьяалагддаг бөхчүүд, дуучдын асуудал өвсөнд ассан түймэр шиг авалцаж байна.

Учир нь тус газрын дуучид, бөхчүүд хянагч нарын орон тоон дээр цалинждаг. Гэтэл хянагч нарынх нь орон тоо хүрэлцэхгүй ямар сайндаа хоригдлууд нь хэд хэдээрээ нийлээд оргож байхав. Түүнийг нь нуухгүй бол нэг талаас дуучид, тамирчид болон тэдний далбаан дор ах дүү, найз нөхдөө цалинжуулж ирсэн дарга нарын булхай дэлгэдэх, нөгөө талаас нэр хүнд, хариуцлагын асуудал яригдаж таарна.

Гэвч одоо энэ бүхэн нууц биш болжээ. Тэгэхлээр энэ газарт шинэчлэл эхэлж, дуучин нь театр руугаа, бөхчүүд нь биеийн тамир спортын хороо руугаа ирсэн замаараа сурсан дуугаа аялаад буцах л болж байна. Тэгээд ч Х.Тэмүүжин сайдын хэлснээр хорих ангиудын тоог цөөлж есөн хорих ангийг татан буулгах юм гэсэн. Ашиг гэхээс илүү алдагдалтай энэ газарт салбарын сайд нь одоо л шинэчлэлтийг жинхэнэ утгаар нь эхлүүлэх бололтой.

Б.Чанцал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих