АН-ын анархистууд аа, битгий давар
АН-ын анархистууд аа, битгий давар. Арай ч хууль ёсыг ингэж завхруулж болохгүй. Ард түмнийг басахаа боль.
МАН-ын “Ухаангүй ноёд”-оо, та нар яасан хийморьгүй, эргээд уулзах нүүргүй хулчгарууд вэ. Сэрээч, хөдлөөч. Энэ улс орон чинь уруудаж, ард олон ядуурч дууслаа.
Ингэж ч дээрэлхүүлж, гудамжинд гарах гэж дээ. Алдаж эндсэн ч 80 жил Монгол орныг удирдан чиглүүлж, урагшлах хөгжлийнх нь түүчээ болж явсансан. Түүхийнхээ хүнд бэрх даваа, нугачаа бүрийг түүртэлгүй даваад гарахдаа өнөөдрийнх шиг туйлдаж байсныг нь улаан батлахаа аминаасаа ч илүү хямгадаж яваа хөгшчүүл үзээгүй. Насны наран хэвийсэн ч зүрх сэтгэл нь өнөөдрийн МАН-ын төлөө лугшиж л байгаа. Яг одоо бол “Ухаангүй ноёд”-ынхоо балгаар Төрийн ордонд ч орох эрхгүй гудамжны нам болчихоод байна.
1990 оноос хойш байгуулах гэж зүтгэж замын дунд завхарч яваа нийгэм маань ардчилал гэж байгаа. Гэтэл өөрсдөө ч учрыг нь олоогүй нийгмийнхээ салшгүй нэгэн цөм болсон улстөрийн томоохон хүчин МАН-ыг Төрийн ордонд оруулахгүй, цэрэг цагдаа болж байгаа өнөөдрийн улстөрийг юу гэж ойлгох вэ. Энэ чинь арай дэндэж, хүмүүнлэг ёсыг уландаа дэвсэлж байгаа хэрэг биш үү.
Өнөөдрийн МАН-ын У.Хүрэлсүх, удирдлага яасан арчаагүй сул дорой нөхөд вэ. Хаана байна вэ, тэр Сү.Батболд. 2012 оны сонгуулийн өмнөхөн намынхаа нэрийг солихдоо юу, юу гэж том дуугараад байлаа. Нам нь нэр хүндтэй ялан мандаж явахад бүхний өмнө гарч, цээжээ дэлдээд байдаг дарга нар өнөөдөр хаашаа алга болчихов. Та нарт улстөрчийнх байг гэхэд эр хүний зориг зүрх гэж байдаг бол одоо ил гарч, насаараа нэр нэгтэй явж, хоолноос нь хороолцсон МАН-ынхаа төлөө ганц хоёр үг гялтайлгах юм биш үү.
Хүн мөнх биш. Хоёр амьдрахгүй. Ганц яваа насандаа хүн шиг хүн явж, итгэж биширсэн намынхаа үйл хэрэгт эцэст нь хүртэл яваач. Арай ч дээ, МАН-аар дөрөөлж ажил, амьдралын дээд суудалд заларсан ноёд оо.
Өнөөдөр Монголын нийгэмд МАН хэмээх улстөрийн хүчин байна уу. Ц.Нямдорж оо, таны эр зориг, тэмцэгч чанар чинь хаашаа уусан алга болов. Ө.Энхтүвшин дарга аа, таныг улстөрийн зориггүй гэж шүүмжилж байна лээ. Монголын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрийн ууган хүчнийг арай ч ингэж удирдаж болохгүй ээ. Хөдлөөч, тэмцээч. Элэг бариулж дууслаа.
Ийм нийгэм байгуулж, ингэж дураар нь тавиулах гэж 20 жил ардчилсан нийгмийг хүлээсэн юм уу. Түмэн олноосоо итгэл хүлээж, хорин хэдүүлээ хууль тогтоох дээд байгууллагад сонгогдчихоод бүлэг байгуулах хэмжээний эрх мэдэлгүй байна гэдэг ичгэвтэр. Уг нь МАН өчигдөр хийсэн жагсаал цуглаанаа Өвөрхангайн 10 дугаар тойргийн хороо дүнгээ гаргасны дараа буюу одоогоос гурван сарын өмнө хийх ёстой байсан.
Хорин жилийн өмнөх шиг ганц нам засгаа бариад социалист нийгэм рүүгээ буцаад шилж л дээ. Хууль ёс гэж байна уу. Ишш чааваас МАН. Хаа байна, нөгөө “Улаан хамгаалагч” У.Хүрэлсүх, нөгөө төрөөс төрсөн тэрбумтанууд. УИХ-д суугаа МАН-ын 25 гишүүн ингэж дээрэлхүүлж байхаар гишүүний суудлаасаа татгалзаж иргэний зориг гаргаасай. Тэр цагт дахин сонгууль явуулж ард түмний сонголт үнэнээрээ батлагдах ч юм бил үү.
Хүнлэг ардчилсан нийгэм байгуулна хэмээн хоолойгоо сөөтөл АН-ынхан хашхиралдаад байдаг. Харин амьдрал дээр буухаараа хүчирхэг улстөрийн сөрөг хүчнээ нухчин дарж гудамжинд хөөж гаргаад байдаг. Эрх баригч төрийн толгойд байгаа нам гэдэг ийм байх учиргүй. Ардчиллын үндсийг тавигч, АНУ-ын ерөнхийлөгч асан А.Линкольн 150 жилийн өмнө “Ардчилал гэдэг анархизм биш” гэсэн алдарт үгээ хэлсэн.
Тэгвэл ардчилсан Монгол орны өнөөгийн төрийн тэргүүн улс оронд үүсээд байгаа шударга бус тогтолцоог юу гэж болгоож байгаагаа нэн даруй илэрхийлэх ёстой. Яагаад гэвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болох ёстой гэж сонгосон билээ.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: