Ноён Бондгор: Хүний дургүйг хүргэтэл хөдөлмөрлөсөн юм байлгүй дээ

Эх үрсийн элч дуучин Ц.Амарбаяртай ярилцлаа. Фэнүүд нь түүнийг ноён Бондгор нэрээр нь андахгүй. Бяцхан сонсогчдод зориулж үран бүтээл туурвидаг тэрбээр “Ододтой бүжиглэе” цэнгээнт нэвтрүүлэгт оролцохоор бэлтгэж байгаа ажээ.

-Таны өсч төрсөн нутгаас яриагаа эхэлье. Аль нутгийн хүн билээ?

-Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул. Гэхдээ Улаанбаатар хотод төрсөн. Намайг төрөх үед гэрийнхэн маань хотод ирж суурьшсан. Одоо ч ихэнх хамаатан садан маань нийслэлийн иргэн болжээ.

-Увс аймгийн тодотголтой олон дуучин бий. Тэдний нэг нь Та болох юм байна?

-Мэдээж нутгаараа овоглох дуртай. Би урлагийн мэргэжил эзэмшээгүй шүү. ШУТИС- ийг компьютер программист мэргэжлээр төгссөн. Амьдралдаа үлдэцтэй зүйл хийхийн тулд залуучуудыг зөв зүйл рүү уриалахын төлөө дуулахаар шийдсэн. Тэгээд ч миний хийх ёстой зүйл программ зохиох биш юм байна гэдгийг ойлгосон. Дуу хуураараа залуучууддаа үлгэр дууриал болохоор шийдсэн нь энэ юм. Ер нь багадаа бусдын адил дуулдаг хүүхэд байлаа. Хип хоп, янз бүрийн хамтлагт ч дуулсан. Харин одоо дуулаад л, авьяасаа хөгжүүлээд л явж байна даа.

-Мэргэжлийн сургууль төгсөөгүй байж дуучин нэр зүүлээ хэмээн шүүмжлүүлдэг л байх.
Ер нь Та тайзан дээр тасралтгүй хэдэн дуу дуулж чадах вэ?

-Хүмүүст хандаж шударгаар нэг зүйлийг хэлье. Би дуулдаг болсноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа ам барьж үзээгүй. Хөгжимгүй газарт ч тоглолт хийж явлаа. Тэр болгонд сайн дуулахыг л хичээдэг. Монголд янз бүрийн дуучид байна. Мэргэжлийн сургууль төгссөн гэж томордог дуучид тайзан дээр өнгө алдаж, солгойроод, хоолой нь хүрэхгүй үе олон тохиолддог.

Түүнийг хараад заримдаа микрофоныг нь авч дуулж өгмөөр санагддаг юм. Би хаана ч дуулсан тэдэн шиг солгойрохгүй. Нэг удаа С.Жавхлан ах “Дуучин хүн цаанаасаа төрдөг юм” гэж хэлж байсан. Үнэхээр ч П.Адарсүрэн гуай СУИС-д сураагүй. Чингис хаан хаа нэг газар сураад дэлхийн талыг эзлээгүй шүү дээ. Монгол тийм л орон. Энэ газар шороон дээр бичиж байгаа түүхээ би хэнээр ч заалгуулахгүйгээр өөрөө сийлэхийг хүсч байна. Ард олон биднийг шүүнэ. Хүний чин сэтгэлээс гаргаж байгаа авиаг дуу гэдэг болохоос хүнээр заалгуулсан тавилттай хоолойтныг дуучин гэж хэлэхгүй.

-Ингэж хэлэхээр Бондгор өөрийгөө П. Адарсүрэнтэй дүйцэх хэмжээний дуучин гэж үнэлдэг юм байна. Өөрийгөө их юманд бодлоо гэж хэлүүлэх юм биш биз дээ?

-Хүмүүс юу гэж бодно дураараа л болог. Би зөвхөн үнэний тухай л ярьсан.

-Уран бүтээлийн олз омог ихтэй байна уу. Сонсогчдодоо ямар бэлэг барихаар зэхэж байна вэ?

-Удахгүй миний хоёр дахь цомог гарна. Шинэ оны өмнөхөн “Миний найз” цомгоо сонсогчдын хүртээл болгоно. Цомогт “Ботгон тэшээ”, “Би монгол хүн”, “Миний найз”
“Дүү минь” зэрэг уран бүтээлээс гадна С.Жавхлан ахын    шүлэг,Пүрэвсүрэнгийн ая “Жаахан Дулмаа” хэмээх хүүхдийн шинэ дуу багтсан. Энэ цомогт багтсан “Миний л хайр” дууг “Гурван бүдүүн” хамтлагийн авьяаслаг гурван найз маань надад зохиож    өгсөн. Сүүлийн үед энэ дуу хит болж байгаа. Ер нь хоёр дахь цомогтоо ая зохиогч Пүрэвсүрэнтэй хамтран ажилласан. Мөн дөнгөж он гаргаад тоглолт хийх төлөвлөгөөтэй байна.
-Таны яриаг сонсоход С.Жавхлангийн тухай их ярих юм. Нэг нутгийнх ч юм байна. Хамаатан садан уу?

-С.Жавхлан ах бид хоёр төрөл садангийн хүүхдүүд. Гэхдээ С.Жавхлан ах миний чиглүүлэгч. Миний уран бүтээлд хандахаасаа илүү надад их нөлөөлдөг. Би ахынхаа алдсаныг нь тойроод оносныг нь давуулан биелүүлэхийг хичээдэг юм. Одоо 32 настай ахынхаа бодож байгаа зүйлийг 28-тай Бондгор ойлгочих юм бол ахынхаа насан дээр очиход илүү ихийг хийсэн байх зорилго тавиад зүтгэж байна.

 -Таны “Дүү минь” дуунаас үүдэлтэй таагүй мэдээний талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Энэ дууны клипийг хийлгэхдээ цэцэрлэгийн хүүхдүүдээс мөнгө авсан гэдэг нь үнэн үү?

- Тийм мэдээлэл гарсан. Ноён Бондгор “Дүү минь” дууныхаа клипэнд  цэцэрлэгийн хүүхэд тоглуулна гээд тус бүрээс нь 500 мянган төгрөг авсан гэж бичсэн байна билээ. Уучилаарай л гэж хэлмээр байна. Одоогиин нөхцөлд 500 мянган төгрөг хураалгах боломжтой хэчнээн айл бий бол? Цэцэрлэг битгий хэл их сургуулийн оюутнууд дунд ийм хэмжээний мөнгийг клипэнд тоглох гээд өгөх боломжтой нь цөөхөн. Тэгээд ч миний клипэнд ямар ч хүүхэд тоглоогүй. Мэргэжлийн жүжигчид тоглосон. Хэрвээ яг надад 500 мянган төгрөг өгсөн хүн байгаа бол баримттай, баталгаатай ирээд мөнгөө аваач л гэж хэлмээр байна.

-Ер нь Таны тухай таагүй янз бүрийн мэдээлэл салахгүй юм аа даа?

-Мэдээлэл хариуцсан менежер маань миний тухай ташаа мэдээ олон гарч байна гэж хэлдэг юм. Тэдний бичсэнээр би дуучин Б.Баярцэцэгээс салсан, Ховд уруу тоглолтоор явж байхдаа нас барсан юм билээ. Зурагтаар энэ мэдээг зурагтай нь гаргасан байна лээ. Элдэв мэдээлэл санаатай тараадаг эдгээр хүнд баярлалаа. Миний сурталчилгааг илүү сайн хийгээрэй гэж захимаар байна. Мартагдана гэдэг гутамшиг, яригдана гэдэг гайхамшиг гэдэг шүү дээ. Ямар ч гэсэн хүний дургүйг хүргэтэл хөдөлмөрлөсөн юм байна гээд өөрийгөө үнэлж байгаа шүү. /инээв/

 -Та аав болох гэж байгаа гэл үү?

-Ноён Бондгор аав болох болоогүй.

-Найз бүсгүйтэй юу?

-Эхнэртэй. Гэхдээ цааш нь дэлгэрүүлж яримааргүй байна.

-Та шүлгийг нь тэрлэсэн дуу олон бий. Сүүлийн үед уран бүтээлчдэд шүлэг өгөв үү?

-Гавьяат жүжигчин Д.Энхзул эгчийн хүү Б.Чинбаярт “Чамдаа” шүлгийг бичиж өгсөн. “Мотив” хамтлагийн “Хэлж амжаагүй үг” дууны шүлгийг бичсэн.

-Та “Ододтой бүжиглэе” цэнгээнт нэвтрүүлэгт өрсөлдөхөөр болжээ. Хамгийн эхлээд ямар бүжиг хийхээр бэлтгэж байгаа вэ?

-“TV5” телевизээс надад “Ододтой бүжиглэе” нэвтрүүлэгт оролцох санал тавьсан. Энэ нэвтрүүлэгт оролцсон хүн заавал сайн бүжигчин байх албагүй. Залуучуудад зөв үлгэр дууриал, сэтгэхүйг суулгаж байгаа нь надад таалагдсан. Дуучин хүн гэхээрээ л дуулах албагүй биз дээ. Яагаад бүжиг сонирхож болохгүй гэж. Энэ утгаараа нэвтрүүлэг хийж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа.

Энэ нэвтрүүлэг хүний авьяас, боломжийг нээж өгч байна. Би “Хатантуул” хамтлагийн бүжигчин Сувдаатай хамтран бүжиглэхээр болсон. Бидний бүжгийг Энхээ багш дасгалжуулж, дэглэж байгаа. Хамгийн түрүүнд “Ча ча” бүжиглэнэ. Гурав хоногийн дараа бүжиглэх болохоор эрчимтэй бэлтгэл хийж байна. Дээрээс нь эхний бүжиг бүжиглэнгээ “Ботгон тэшээ”-г дуулахаар болсон.

-Арванхоёрдугаар сарын 17 бол Таны мэндэлсэн өдөр. Мөн өдөр багахан хэмжээний тоглолт зохион байгуулдаг. Энэ жил хэрхэн тэмдэглэх гэж байна?

-Энэ жил ч гэсэн тоглолт хийх бодолтой байгаа. Нээрээ ноён Бондгор фэн клубтэй болсон.

-Та өөрийгөө Бондгор гэх юм. Энэ нэрийг Танд хэн өгсөн юм бэ?

-Талийгаач “Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөр, С.Жавхлан ах хоёр маань энэ нэрийг өгсөн.

-Бондгор нэрэндээ эмзэглэх үе гардаг уу?

-Дасал болчихжээ. Гэрийнхэн, сонсогчид намайг энэ нэрээр маань таньдаг. Ямар сайндаа надад тохиолдсон нэг онигоо байдаг юм. “Хүмүүсийн амьдрал” сонины сэтгүүлч над уруу утасдаад “Дуучин Амарбаяр мөн үү” гэхэд би биш гэж хэлээд тасалсан удаатай.

-Уучлаарай. Та яагаад ийм жин ихтэй болсон юм бэ?

-Би зүгээр л унаган махтай. Надад ямар нэгэн өвчин зовиур байхгүй.

-Та эх үрсийн элч дуучин. Хүүхдийн төлөө юу хийхээр төлөвлөж байна?

-0-6 насны хүүхдүүдийг асрах төв, хорих анги, Батсүмбэрийн ахмадын асрамжийн газар, эмэгтэйчүүдийн хориход жил болгон үнэгүй аялан тоглолт хийдэг. Энэ тоглолтоо шинэ жилээс өмнө хийхээр төлөвлөж байна. Миний уран бүтээл зөвхөн хүүхдүүдээр хязгаарлагддаггүй.

-Тоглолт зохион байгуулахдаа хэн нэгэнтэй хамтарвал илүү үр дүнтэй болно биз дээ?

-Би хэзээ ч ийм юм хийх гэж байна гэж улсаас тусламж гуйж үзээгүй. Гуйх ч үгүй. 76 ах нар / УИХ-ын гишүүдийг хэлэв/ маань өрөвдмөөр шүү дээ. Хөөрхий дөө. Алт эрдэнэстэй толгойг ухдаг болохоос өөрийнхөө толгойг ухах биш дээ. Тийм болохоор би зөв хүмүүстэй хамтарч, ядарч яваа хүүхдүүдэд нүүрээ арчих алчуур, шүдний сойзыг нь бэлтгээд өгье гэж боддог юм.

120 жил түүхтэй, Монголын хүүхдүүдийг цэнгүүлсэн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын талбайг хумсалж солонгосуудад зараад барилга бариулж байгаа хүмүүсийг юу гэх вэ. Ийм муухай зүйл хийж болно гэж үү. Монголчуудын үрийн заяа гомдож байгаа байлгүй дээ.
-Та монгол дээлээр гоёдог. Энэ Таны чиглүүлэгчийн санаа юу?

-Хүмүүс С.Жавхлан ахыг надад аймаар их юм зааж өгдөг гэж боддог. Гэхдээ би тэр хүний амьдралын туршлагаас л суралцдаг. Тэгээд ч ах надад “Чи дээл өмс” гэж хэлдэггүй. Ах маань өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг хүн учраас тушааж ингэ, тэг гэж заадаггүй. Би ахыгаа од гэж нэрлэхээсээ илүү цэвэрлэгч гэж боддог. Монгол Улсыг нэг том гэр гэж ойлговол ах маань гэрээ цэвэрлэж яваа л хүн шүү дээ.

Муу муухай бүхнээс эх орон, ард түмнээ хамгаалах цэвэрлэгч нь. Харин би өөрийгөө туслах цэвэрл^ч гэж үздэг. Гэхдээ өнцөг, тохой б^ланг нь цэвэрлэдэг. /инээв/ Монгол ээжийн хурууны өндгөө өвтгөн оёсон үндэсний хувцсыг өмсч үзээгүй мертлөө би монгол гэж “солиорч” яваа залуус олон. Би тэдний тоонд ормооргүй байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж:  unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих