Сурагч охин архинд хордож, амиа алдаж, Дундговьчууд урантай ус уух нь
Сенсааци1: БНХАУ-ын компани усны хайгуул хийх нэрийдлээр Ураны ордод санаархсан талаар “Үндэсний шуудан” сонинд мэдээлжээ. Тодруулбал, “Дуу хуурын өлгий Дундговь аймгийн газар нутгийн тэн хагасыг гадаад, дотоодын компаниуд лиценз нэрийдлээр өмчлөн авч, энд тэндгүй төнхөж эхэлжээ. Тэд Төв, Өвөрхангай аймгийнхан шиг уул уурхайн компаниудаа хяналтаасаа алдах уу, үгүй юу гэдэг салаа замын уулзварт ирчихээд байгаа юм. Налайхын цаана Элстэйд Улаанбаатрын ундны усны эх үүсвэр байдаг. Түүний цаахна Ар, Өвөр Жанчивлан хоёрын дунд ураны их агуулгатай орд бий. Тэр ураныг олборлохоор зарим компани ажиллаж байна. Ураныг хүхрийн хүчилд уусгаж, ялгаж аваад буцаагаад хүхрийн хүчлээ газарт булна. Тэр нь усны судлаар дамжаад Элстэйд хүрээд ирэх юм бол бид цоргоноосоо урантай ус ууж эхэлнэ” гэсэн байна. Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тайшен девелопмент” Эрээний төмрийн хүдрийн уурхайд олборлолт явуулдаг аж. Тус компани ордыг ашиглаж эхлээд удалгүй хүдэр олборлож баяжуулах хуурай аргын технологио өөрчилж, нойтон баяжуулах технологиор үйлдвэрлэл явуулахаар ТЭЗҮ-ээ шинээр боловсруулжээ. Ингээд үйлдвэрийн усан хангамжид зориулсан “Газрын доорхи усны эрэл хайгуулын гидрогеологийн судалгааны ажил”-ын даалгавраа Усны газрын дарга Ц.Бадрахаар батлуулсан байна. Үүнд нь Өндөршил сумын Засаг даргын оролцоо ч байсан гэх.
Сенсааци 2:Тавантолгойн хамгийн том хэрчим Америкийн “Пибоди”-д ногдохоор болсон тухай “Монголын мэдээ” сонинд нийтэлжээ. Тодруулбал, “Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт олборлолт явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендер өнгөрсөн жил болоод БНХАУ-ын Шенхуа 40 хувийг эзэмшихээр болж байсан билээ. Гэвч энэ тендерийг дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүчингүй болгосон. Тэгвэл шинээр явагдах тендерт АНУ-ын “Пибоди энержи” компани “Шенхуа”-гийн байрыг эзлэх бололтой. “Ройтерс” агентлагийн цахим хуудсанд ийм утгатай мэдээлэл гарчээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок энэ мэдээллийг өгсөн гэнэ. Түүнд дурьдсанаар бол “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад шаардагдах дэд бүтцийг байгуулахад туслахыг “Пибоди Энержи” компаниас хүсчээ. Хэрвээ энэ хүсэлтийг нь хүлээн авч, бүтээн байгуулалтад нь оролцохыг зөвшөөрвөл Монголын эрх баригчдын зүгээс давуу тал олж авна гэдгийг ч давхар дуулгасан аж. Харин энэ удаа тендер явагдах юм бол цэвэр улстөрийн шинжтэй шийдвэр гарна гэж гадны эдийн засагчид үзэж байна. Монгол Улс гуравдагч хөршийн бодлого баримтлах болсон, саяхан БНХАУ-ын төрийн өмчит компанийн бизнесийг хазаарлах зорилгоор хууль баталсан зэрэг баримтыг Хятадын “шаанс” багасах гол үндэслэл болгосон байна” гэжээ.
Сенсааци 3: Өчигдөр өмнөх Засгийн газрын эхлүүлсэн “Нарны гүүр” ашиглалтад орсон нь онцлох үйл явдлын нэг байв. Энэ тухай “Монголын мэдээ”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр” зэрэг өдөр тутмын хэвдлэлүүдэд мэдээлжээ. Тодруулбал, “Нэгэн зууныг ажралгүй давах “Нарны гүүр” ашиглалтад оржээ. Японы ард түмний буцалтгүй тусламжаар тус гүүрийг гурван жилийн хугацаанд барьж дуусгасан юм. 895 метрийн урт, 19.5 м өргөн, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөн явган хүний зам бүхий “Нарны гүүр”-т 3.7 тэрбум иений хөрөнгө оруулалт хийжээ.
Сенсааци 4: Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Ц.Улаанхүүд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэж, ялыг хэвээр нь үлдээх шийдвэр гаргасан байна. Сануулахад Ц.Улаанхүү начин НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн нэгдсэн конвенци”-ийн жагсаалтад орсон мансууруулах бодис болох морфин, героины бэлдмэлийг их хэмжээтэйгээр буюу 0.523 кг-ыг хууль бусаар олж авч, хадгалан улмаар борлуулах зорилгоор Б-д шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт холбогджээ. Баянзүрх дүүргийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард энэ хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар 11 жил хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Сенсааци 5: Архи уусан сурагч охин амиа алдсан талаар “Өдрийн сонин”-д мэдээлжээ. Өвөрхангай аймгийн Сант сумын дунд сургуулийн сурагч архинд хордож амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 11-нд Сант сумын ЕБС-ийн 11 дүгээр ангийн дөрвөн охин архи уусан бололтой байсан аж. Тэгээд үдэш гэр, гэр рүүгээ салж явцгаасан байна. Гэтэл нэг охин нь тус сумын “Олон байшин” гэх гэр хороололд байх хашааныхаа хажуугийн жалганд амиа алдсан байсныг ээж нь олсон байна. Ил харагдах ямар нэгэн шарх сорвигүй амьсгал хураасан байсан гэнэ. Улмаар хэргийн газарт үзлэг хийж, охиныг ямар учраас амь насаа алдсан гэдгийг шинжилж байгаа юм байна. Шинжилгээний хариу удахгүй гарах бөгөөд анхан шатны дүгнэлтээр осгож амь насаа алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: