АТГ-т бүртгэлтэй ардын элч нар
АТГ-т өмнөх хийгээд өнөөгийн парламентийн хэд хэдэн гишүүдэд нээсэн хэрэг хадгалагддаг ч УИХ-ын гишүүн халдашгүй бүрэн эрх гэгчээс болоод “архив”-т шилжжээ. Энэ төрлийн хэргийг шалгах гэхээр мөнөөх л бүрэн эрх нь саад болоод ахиц гардаггүй гэж авлигатай тэмцэгчид гоморхож суудаг ажгуу. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хууль зөрчсөн ч гишүүний сэнтийд заларсанаар хэргээс мултрах нь бий. Хэдийгээр хууль зөрчсөн байлаа ч УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болсны дараа л шалгах “зориг” АТГ болон цагдаа, шүүхийн байгууллагад олддог. Харамсалтай нь удам дамжсан бөх гэдэг шиг улирч сонгогдох нь олонтаа. Уг нь хуулиар гэм буруутай нь тогтоогдвол гишүүн байх эрхээс нь шууд түдгэлзүүлэх хууль бий.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэхэд л УИХ-д сонгогдсон хотын дарга асан Ц.Батбаяраас эхлээд Монголбанкаар “овоглосон” О.Чулуунбат, Хонгорыг хордуулсан гэгддэг Д.Хаянхярваагаар үргэлжлэх нэлээд урт жагсаалтыг АТГ гаргасан ч замын дунд хүрээд шалгалт нь мухардаж зогссон. Тэгвэл тэдгээр хэрэгт холбогдсон УИХ-ын эрхэмүүдийн хэрэг юу болов.
Мөнгө тараасан нөхдүүд яах вэ?
О.Чулуунбатын хэргийг Прокурорт шилжүүлжээ
УИХ-ын гишүүний бүрэн эрхээ сунгахаар дараагийн сонгуульд өрсөлдсөн ч мандат авч чадаагүй О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгч байхдаа албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн АТГ шалгаж эхэлсэн. Түүний хэргийг АТГ-аас нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлээд байгаа аж. Түүний хэрэгт бас нэгэн эрхэм холбогдсон нь УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү гэдгийг хэлэх хэрэгтэй. О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах байх хугацаандаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тус банкны Валютын газрын захирал Ч.Одонтуяатай хамтран 11 тэрбум төгрөгийг Жорж Чайлмарс гэгчтэй хамтран 35 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм байна.
Түүний хамсаатан гэх Жорж 2006 онд “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийт 200 сая аккриедитив нээх гэрээ байгуулсан ч орон сууц нь баригдаагүй бөгөөд тэрээр оргон зайлсан байна. О.Чулуунбатад Эрүүгийн хуулийн 150.3-т заасан бусдыг завшиж, их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн, 264.2-т заасан төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 264.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, vйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хvртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хvртэл хугацаагаар баривчлах, эсхvл таван жил хvртэл хугацаагаар хорих ял, 150.3-т зааснаар эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.
Хотын даргын хэрэг юу болов?
Хотын даргаа өгөөд УИХ-ын гишүүний суудлаар “шагнуулсан” ч улирч сонгогдож чадаагүй АТГ-ын “хараанд” өртсөн бас нэгэн гишүүн бол УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр. Баянзүрх дүүргээс УИХ-д өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд суусан ч энэ удаагийн сонгуульд баянзүрхчуудээс “урваж”, Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн ч тусыг эс олсон.
УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ талаар АТГ-аас асуухад “Шалгаж байгаа” гэсэн товчхон хариулт өглөө. Түүнийг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа өмч хувьчлалыг хууль бусаар явуулахад гар бие оролцсон гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Тодруулбал, 2007 оны наймдугаар сарын 17-нд “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлын менежментийг сайжруулах тухай саналыг НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан аж. Үүний дагуу НИТХ-аас 159 тооот тогоолоор зочид буудалд хөрөнгө оруулах хувийн хэвшлийн төсөл сонгон шалгаруулж дүнг танилцуулах үүрэг даалгасан байна. Гэтэл сонгон шалгаруулалтгүйгээр “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, “Хар дун” компанийн 75, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой “Дун-Өргөө” компани байгуулах асуудлыг НИТХ-д өргөн барьж, 2007 оны аравдугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор хувьчилжээ. Түүнийг дээрхи хэргээр шалгаж байгаа бөгөөд одоогоор шалгаж байгаа гэхээс тайлбарийг албаныхан өгөөгүй байгаа юм.
АТГ, шүүх, цагдаагийн байгууллагаас амархан мултардаг байсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хамгаалалтад цэг тавих уу гэдэг хариултүй асуулт хэвээр байна.
URL: