Байгаль орчны сайд асан У.Барсболд залуучуудыг доргиож эхлэв
МАХН засгийн эрх барьж байх үед Байгаль орчны сайдаар ажиллаж байсан У.Барсболд Зайсангийн аманд үлэмж хэмжээний газар олгосон хүний нэгээр тодорсон тухай манай сайт урьд нь мэдээлсэн. Тэрбээр хэсэг зуур нам гүмхэн явснаа МАХН МАН-аас тусгаарлан сонгуульд оролцсоны үр дүнд цөөн хэдэн суудал авсны дараа тус намын үйл хэрэгт үнэнчээр зүтгэх болов.
Гэрлэх ёслолын ордны ар талд байрладаг МАХН-ын төв байрны гадаа өчигдөр үдээс хойш У.Барсболд тэргүүтэй тус намын үнэнч гишүүд болох 20 орчим залуус цугларч байснаа төдөлгүй дотогш орцгоов. Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлын хүндэрч байгаа энэ цаг үед хамтрагч МҮАН-ын дарга М.Энхсайхан зайгаа барьж эхэлсэн тул сүүлийн үед МАН-тай эргээд нэг хөнжилд орох асуудлыг Ө.Энхтүвшин дарга, Я.Содбаатар нар үгүйсгэхээ болив.
Хуучин нэг намд харьяалагдаж байсан залуучууд нэгэнт байдал бишидсэн тул хэн хэндээ ашигтай хувилбар сонгох үүднээс Засгийн газар унавал хамтрах чиг бодлогыг баримталж эхэлсэн сураг дуулдана. Тэр ч бүү хэл бүлгээ байгуулж чадаагүй МАН-ын гишүүд гудамжны улс төр хийж эхэллээ. Бодвол тэд Ж.Батзандан, Г.Уянга, Батцогт, С.Ганбаатар нарыг гудамжны улс төр хийсний үр дүнд УИХ-ын гишүүн болсныг нь зөв зүйтэй алхам байсан гэж ойлгосон бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: