Өнөө цагийн хамгийн сүйхээтэй 10 аавын хүү
Өнөө цаг үед эрдэм боловсролтой Монголын мянга мянган залуус ирээдүйнхээ төлөө авьяас билэг, ур ухаан, чадвараараа өрсөлдөн салбар салбартаа тэргүүлж байна.
Энэ дундаас аль ч салбарт ажиллаж, амжилт олж, ирээдүйд ихийг хийж бүтээх өндөр магадлал бүхий 10 “Сэргэлэн” залууг нэрлэж байна. Тэд мэдээж хэрэг өнөөгийн “өндөрлөг”-т хүрэхийн тулд хамаатан болон хуурай ахан дүүсийн дэмжлэгийг авсан гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.
1. Н.Номтойбаяр.
Н.Номтойбаярт мөнгө, хүүхэн, боловсрол, эрх мэдэл гээд дутуу зүйл байхгүй гээд хэлэхэд буруудахгүй. Түүний энэ зэрэгтэй яваа нь Монголын тэргүүн баян Нямтайшир гуайн нөлөө, хөрөнгө ихээхэн нөлөөлсөн гэдэг юм билээ. Товчхондоо бол Н.Номтойбаяр ухаантай, тэрбумтан аавын буянаар бизнес, улс төрд орж дэд сайд, УИХ гишүүн болтлоо томорсон нь өсөж яваа “жараахай”.
2. О.Магнай
Төрийн эрх баригчдын өөдөөс харж байгаад олон ч үг хэлж, хүйтэнд хөрж, халуунд халж, өлсгөлөн зарласан “хатан зоригтон” бол О.Магнай. Түүнийг мөнгөөр ивээн тэтгэн, албан тушаалд дэвшүүлэх татаас байгаагүй ч өөрийнхөө үйлдлээрээ ажил хийвэл “хашраадаг” нэгэн гэдгээ баталсан. Харамсалтай 2008 оны долдугаар сарын нэгэнд хийсэн жагсаалын үр дүн түүнийг бага зэрэг мохоосон. Гэхдээ цагын аясаар хурцлагдах аавын хүү.
3. Ц. Баатархүү
“Лектор” төвөөр овоглогддог энэ эрийн сэргэлэн нь дэндсэн гэхэд маргах хүн гарахгүй дээ. Ярьж чаддаггүй ичимхий Монгол залуусыг нүүрэмгий, өөртөө итгэлтэй болоход асар их хувь нэмэр оруулсан. Одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үгийг бэлдэж, арын албыг нь асуудалгүй зохицуулдаг энэ эр өдгөө Засаг даргын орлогчийн алба хашиж байгаа. Сэргэлэн, тууштай зан, чадварлаг үйл нь түүнийг өндөр албан тушаалд хүргэх нь лавтай.
4. Л.Оюун-Эрдэнэ
Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ гэнэт л тодроод ирсэн. Түүнийг тод гэрэлтэх “од” болно гэж бодон улс төрийн акулууд зүлгэж байгаа. Зүлгэх тусам өнгө ордог энэ эр дараа дараагийн сонгуулиудад сойгдож байгаа өсөх ирээдүйтэй улс төрч. 2001 онд Хэнтий аймгийн Бэрх сумын Захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд Дэлхийн Зөн ОУБ-ын салбарын захирал, Европ тивийн санхүүжилт хариуцсан бүсийн захирал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт зөвлөх, Филиппин, Тайланд улсад төслийн менежер, мэргэжлийн үнэлээчээр ажиллаж байсан гэхээр хэн гэдгийг нь та бүхэн гадарлах байх.
5. О.Содбилэг
Ухаалаг, чадварлаг, сайн аавын угсаа залгамжлах ганц хүү. Эцгийн хайрыг өсвөр насандаа үгүйлсэн ч ээжийн ухаан, хайрын ачаар “газардаагүй”. Гадаадад сурч, галуу шувууны мах идсэн, өндөр боловсролтой тэрбээр УИХ-ын дуугүй гишүүдийн нэг. Сайн эцгийн буянаар амьдралдаа санаа зовох зүйлийг үзэлгүй 33 насыг зооглоод буй тэрбээр “Улаанбаатар” зочид буудал, “НИК” компани, “Капитрон” банк, “Эрдэнэт групп”-ийн хувьцаа эзэмшигч. Биеэ, гэрээ төвнүүлсэн болохоор улсаа төвхнүүлэх ажилд гэр бүлээрээ зүтгэж байгаа бөгөөд намынх нь нөхөд түүнийг ихийг хийх залуу гэж үнэлдэг юм билээ.
6. Н.Учрал
“Их засаг” их сургуулийн өв залгамжлагч Н.Учрал ажилч, хичээнгүй аавын буянаар эрдэм боловсролыг дээдэлсэн өв тэгш залуу болжээ. Хошуу дүрсэн салбар бүртээ амжилт олдог нэгэн. Темон нэрээр урлагийн салбарт багагүй амжилт олсон тэрбээр дэлхийн боловсролыг Монголд хэмээх уриатайгаар “ROYAL” академи, “ROYAL” нэртэй телевиз, “ROYAL” радио гэх мэтчилэнгээр бизнесийн салбарт ч амжилттай яваа. Улс төрд орох сонирхолтой. Энэ жилийн сонгууль түүний цээжинд багтсан ч нас залуу нь асуудал болсон. Гэхдээ л МАН-ын залуу боловсон хүчинд тооцогддог сүйхээтэй эр.
7. С.Эрдэнэболд
Өгүүлэхүйн ухааныг шимтэн судалдаг тэрээр өдгөө МУ-ын Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны даргаар ажиллаж байна. Ухаалаг, намбалаг энэ эр ихийг хийж бүтээнэ гэдгийг ажлынхан болон ойр тойрныхон нь баталдаг. Харин өөрийгөө “дарж тоглодог” тэрбээр цаг нь болохоор дэндүү ихийг хийх нэгэн.
8. Н.Төрбат
“Залуу Манлайлал” төвийн үүсгэн байгуулагч. Сэргэлэн, зальтай гэж жигтэйхэн энэ залуу нь өдгөө өөрийн хүчээр босгосон Глобал Менежмент Группын ХХК–ны Ерөнхий захирал. Үл хөдлөх, хөрөнгө зуучлал, бизнесийн зээл олгодог юм байна. Нэг хэсэг Буянгийн Жаргалсайханы баруун гар болж явсан энэ залуу нь өдгөө 26-хан настай ч “Залуу Манлайлагч” оюутны тэтгэлгийг зохион байгуулж 155 оюутанд 4 жил үнэгүй сурах тэтгэлэг олгосон гэдэг. Мөн “Хаан Индэр” бизнесийн хаадын нэгдсэн оны хүндэтгэлийн лекцийг санаачлан жил бүр зохион явуулдаг юм билээ.
9. A.Амундра
Монгол Масс Медиа Группын Гүйцэтгэх захирал. Энэ залуу нь хар багаасаа олон нийтийн байгууллагаар явж, олон хүнтэй танилцаж, овоо их зүйл хийж сурсан залуу гэдэг юм билээ. Хэвлэл мэдээллийн салбарт энэ залууг мэдэхгүй хүн ховор болов уу. Тэрээр өөрийн заль, арга ухааны ачаар хөрөнгө оруулалт татаж чамгүй одтой яваа нэгэн. Түүний мэдэлд “Еagle” tv, “Edu” tv, Music box, MOVIE box, Sport Box гэх мэтчилэн сувгууд ажиллаж байна.
10. Э.Батшугар
Чадалтай аавын шийрийг хатаах шартай хүү. Ширүүн төрхтэй ч уяхан нэгэн. Эзэмшсэн мэргэжил нь түүнд асуудлыг олон талаас нь ханддаг занг бий болгосон гэлтэй. Аавынхаа үйл хэргийг залгамжлан улс төрд орж ирэх нэгэн.
Дээрх сүйхээтэй эрс ихийг хийж бүтээх ажилдаа ханцуй жамлан орсон бөгөөд, удахгүй бүүр ч ихийг хийж бүтээнэ гэсэн зорилго, хүсэл мөрөөдөлтэй гэдгийг ойр тойрныхон нь баталдаг юм билээ. Хэдхэн жилийн дараа улсдаа ихийг хийж бүтээсэн үе тэнгийн үхэр хонь жилтнүүд хэмээн бичигдэх биз ээ.
URL: