50 тэрбумаа тайлбарлах цаг болсон, Ерөнхий сайд аа
Өмнөх Засгийн газар буюу МАН-ын дарга асан С.Батболдын Засгийн газрын үед нэгэн дуулиан дэгдсэн нь цөмийн хог шаарыг монголд булшлах тухай асуудал байлаа. Ард түмнийг айдас хүйдэст автуулсан эл мэдээллийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж холбогдох албаны нөхдүүдээс тайлбар авч “Монгол улсад цөмийн хог шаар булшлах асуудал байхгүй юм байна. Ийм асуудлыг би гаргахгүй” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдэж байсан билээ.
Гэвч үүнээс хойш хэдэн сарын дараа Ерөнхий сайдын багцад цөмийн хог хаягдлыг булшлах байгууламж барих төлөвлөгөө тусгагдсан байсан нь ил болсноор дээрх асуудал дахин хөндөгдөхөд хүрсэн юм.
Манай сайт эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийн талд баттай зогсож, цөмийн хог хаягдлыг эх орондоо булшлах асуудлыг эсэргүүцэж удаа дараа энэ талаар нийтэлж байсныг уншигчид андахгүй биз ээ. Тийм ч учраас бид энэ удаа цацраг идэвхит хаягдлыг булшлах байгууламжинд зориулсан байж болзошгүй 50 тэрбум төгрөгийн талаар тайлбар шаардаж байна, Ерөнхий сайдаас.
2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жагсаалтыг өмнөх Засгийн газар баталсан. Эл жагсаалтад буюу Ерөнхий сайд асан С.Батболдын багцад Монгол Улсад Цацраг идэвхит ашигт малтмалын хаягдлыг хадгалах булшлах байгууламж, радио химийн лабораторийг барьж байгуулахаар төлөвлөөд оруулчихсан байсан юм.
Эл хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайтад нийтэлсэн байсан ч төд удалгүй сайтаас авчихсан байсан нь цаанаа учиртай биз.
Уг жагсаалтад бичигдсэн булш бунханы төлөвлөгөөг тодруулбал
-Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 2013-2014 онд 5000.0 төгрөгийн өртөгтэйгөөр цацраг идэвхт хаягдлыг хадгалах, боловсруулах, булшлах байгууламж барих
-Дорнодын Мардай тосгонд 2014-2015 онд 5000.0 төгрөгийн өртөгтэйгөөр цацраг идэвхт хаягдлыг хадгалах, боловсруулах, булшлах байгууламж барих
-Алдартолгойд 2013-2014 онд 1000.0 төгрөгийн өртөгтэйгөөр Цацраг идэвхит ашигт малтмалыг хадгалах, булшлах байгууламж болон радиохимийн лаборатори барихаар тусгажээ.
Алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр гээд дэлхийн уул уулхайн гигантуудын арааны шүлсийг асгаруулж, “шуналын булчирхай”-г нь идэвхжүүлсэн ашигт малтмалынхаа буянаар Монголчууд хоосон хонохгүй, хоёр идэхгүй. Бүр муугаар хэлэхэд шүү дээ.
Харин сайнаар хэлбэл нөгөө л улиг домог болтлоо яригдсан булангийн орнуудын хөгжлийн жишигт хүрч чадахуйц баялагтай гэдэгтэй хэн ч маргахгүй.
Гэхдээ уул уурхайгаас орж ирж буй хөрөнгө мөнгө хэн нэгний халаас руу урсаагүй, хэсэг бүлэг олигархийн гараар дамжихгүйгээр улс эх орны бүтээн байгуулалтад зарцуулагдсан цагт л Арабын энд хүрэх нь мэдээж.
Харин авлигаас ангид байх уриа дэвшүүлж, хуулиа чангатгасан манай улсын хувьд бахь байдгаараа өгөө аваа, холио солигоо хийсээр байвал араб бүү хэл Африкийн өлсгөлөн амьдралыг туулах зам шуударна.
Манай улсад цөмийн хог хаяглыг булшлах, шар нунтаг боловсруулах, бүр цаашилбал уран олборлох ч шаардлагагүйгээр хөгжих боломж бий. Хатуухан хэлэхэд “Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар тоглоно” гэх үг бий.
Монгол улсад юу хэрэггүй, цөмийн хог шаар булшлах, цөмийн эрчим хүч хэрэггүй. Тэртэй тэргүй манай улсад асар их энерги зарцуулах хүнд үйлдвэр байх биш. Харин V цахилгаан станцаа хурдхан бариулж ашиглалтад оруулбал тэр нь монголчууд бидний ирээдүйд өлзийтэй.
Яагаад ийн хэлэх болсны учир нь манайдаа ураны олборлолтоор анхдагч болсон Мардайн асуудалтай салшгүй холбоотой.
Дорнод аймгийн Мардайн ураны уурхай. Мардайн ураны орд нь Дорнод аймгийн Чойбалсан хотоос баруун хойш 110 км-ийн зайд орших бөгөөд Баяндун, Гурванзагал, Дашбалбар сумдад гурван бүлэг орд байрладаг. Хуучнаар Зөвлөлт холбоот улс тус ордод 1971 онд хайгуул хийж 1974 онд илрүүлсэн юм.
Үүний дараа 1981 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Зөвлөлт холбоот улс болон манай орны Засгийн газартай “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ураны орд ашиглах тухай” хэлэлцээр байгуулснаас хойш 1988-1995 оны хооронд нийт 510.6 мянган тонн хүдэр олборлосон гэх тоо баримт бий.
Дээрх уурхай нь хоёр сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай байсан төдийгүй тухайн үед хийсэн бүтээн байгуулалтын ажил нь манай оронд олон талын үр ашигтай байсан гэдэг.
Тухайлбал, төмөр зам, ус дамжуулах хоолой, сургууль, цэцэрлэг гээд хурдацтай хөгжлийн жишээ Мардайд л өрнөж байсан түүхтэй.
Гэтэл эл хөгжил цэцэглэлт зөвхөн цаг зуурын төдийгүй хожмын хорт үр дагавар даллах гишгүүр байжээ гэдгийг Дорнодчууд өдгөө л ухаарч буй.
Хэдэн сарын өмнө Токиогийн их сургуулийн багш, мэргэжилтнүүд Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар зэрэг сумдын нутаг дэвсгэр болон Мардайн уурхай орчимд цацрагийн хэмжилт хийжээ.
Гэтэл тус сумуудад цацраг идэвхит бодис хэвийн хэмжээнээс хэд дахин илүү байгаа нь илэрсэн байна. Энэ нь нөгөө л алдарт Мардайн уурхайгаас эхтэй бөгөөд ураны уурхайн хаягдал болох шороо нь уурхайн гадна,газрын хөрсөн дээр ил задгай орхисноос цацраг идэвхит бодис тархах гол үндэс.
Тэр ч бүү хэл Мардайн уурхайн хөгжил цэцэглэлтийн үед баригдсан цэцэрлэг сургууль зэрэг байгууламжийн балгаснаас блокыг нь авч сумын төвд барилга байгууламж, цэцэрлэг барьж байгаа гэх.
Энэ нь цацраг идэвхит бодисоор хордсон өөрөөр хэлбэл “Хориотой бүс”-ээс авчирсан бүтээгдэхүүн. Тэр ч бүү хэл цацраг идэвхит бодис хадгалж байсан цацрагийн аюултай гэх амбаар савыг хашаандаа авчирч байрлуулсан тохиолдол ч гарсан нь цацраг идэвхит бодисын аюул чимээгүйхэн тархаж байна гэсэн үг.
Өнгөрсөн зууны “Их бүтээн байгуулалтаас” үлдсэн эл сорвио эдгээж, цацраг идэвхит шороон овоолгоны асуудлаа шийдэж чадахгүй байгаа улс бүхэл бүтэн булш барьж хэдэн зуун жилээр аюулгүй, осол авааргүй хадгалж чадна гэдэг юу л бол.
Нэг л итгэл үнэмшил төрж өгөхгүй байна. Монгол улс цөмийн хог шаар булшилж түүнээс олсон ашиг орлогоороо баяжиж хөгжинө гэдэг асуудал байж болох үлгэр үү, Ерөнхий сайдаа. Юутай ч битүү хатуу байгаа 50 саяын талаар танаас тайлбар шаардаж байна. Эл асуудал эх орны ирээдүйд юу юунаас ч илүү чухал гэдгийг Та мэднэ дээ.
Mass.mn Ж.Наран
URL: