”Монос”-ын эмийн сан мансууруулах бодистой эм худалджээ
- ХААИС-ийн оюутнууд мансуурах үедээ олуулаа байжээ -
Баянзүрх дүүргийн IV хороонд энэ сарын 16-нд Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд мансуурч байгаад баригдсан хэрэг гарлаа. Тус сургуулийн Цахилгаан хангамжийн ангийн нэгдүгээр курсийн оюутан Ө,Э, Б, X, Э,С нарын зургаан оюутныг энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Дээрх оюутнууд Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах “Wendy” гэх кафед 17.00 цагийн үед мансууруулах төрлийн бодистой эмийг үнэрлэн мансуурч байгаад цагдаад баригдсан аж.
Түүнчлэн оюутнуудыг ийнхүү кафед мансуурч байхыг харсан иргэд цагдаад мэдээлэл өгсөн гэнэ. Энэ хэргийн талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс лавлахад “ХААИС-ийн нэгдүгээр курсийн оюутнууд мансуурч байгаад баригдсан. Одоогоор зургаан оюутнаас мэдүүлэг авсан. Мансуурах үедээ олуулаа байсан тул бусад оюутнуудыг нэмж байцаах болно. Мөн оюутнууд зөвхөн эмчийн жороор авах ёстой байсан мансууруулах төрлийн бодистой эмийг хаанаас ямар эмийн сангаас авсан болохыг шалгаж байна” гэв.
Ийнхүү оюутнууд нь нийлж олноороо мансуурч, олны дунд шуугиан дэгдээснийг ХААИС-ийн удирдлагууд мэдээгүй байв. Тус сургуулийн Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Р.Батчимэгийн хэлж буйгаар “Цагдаагийн байгууллагаас манай сургуулийн оюутнуудыг мансуурсан талаар мэдэгдээгүй. Өмнө нь ийм хэрэг гарч байгаагүй. Харин Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх байранд оюутнууд архидан согтуурч байгаад баригдсан тохиолдол цөөнгүй гарч байсан. Өөр зүйл мэдэхгүй” гэлээ.
Харин Цахилгаан хангамжийн тэнхмийн багш нарын хэлж буйгаар “Өнөөдөр (өчигдөр) өглөө Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс цагдаагийн албан хаагч ирж мансуурсан оюутнуудын ангийн багш Г.Тэмүртэй уулзаад явсан. Одоогоор Г.Тэмүр багш алга. Өнөөдрийн байдлаар цагдаад шалгагдсан зургаан оюутан хичээлдээ ирээгүй” гэв.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр оюутнууд мансууруулах төрлийн бодистой эмийг “Монос”-ын эмийн сангаас авч хэрэглэсэн байна. Тэгэхээр оюутнуудад энэ төрлийн эмийг худалдсан “Монос”-ын эмийн санд хууль хяналтын байгууллага хариуцлага хүлээлгэх нь тодорхой болов. Харин Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс оюутнуудын мансуурах үедээ хэрэглэж байсан эмийг чухам ямар төрлийн эм болохыг тогтоолгохоор шинжилгээнд өгчээ.
Түүнчлэн мансуурсан оюутнуудын цуснаас сорьц авч шинжилгээнд өгсөн байна. Шинжилгээний хариу удахгүй гарах аж. Үүнээс гадна нийслэлийн Баянгол дүүргийн XII хороонд байрлах 17 дугаар байранд 14 настай А, 15 настай Т, 16 настай Т, М нар энэ сарын 12-нд нийлэг ууттай нунтагласан өвс татаж, мансуурч байгаад цагдаад баригджээ.
Цагдаагийн байгууллагаас энэ ургамлыг шинжилгээнд явуулахад 50 гр олсны төрлийн мансууруулах ургамал буюу “Каннабис” байх магадлалтай гэсэн шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарсан байна. Энэ өвс нь НҮБ-ын мансууруулах бодисын жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг аж. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс насанд хүрээгүй дээрх дөрвөн хүүхэд мансууруулах уг ургамлыг хаанаас хэнээс авсныг тогтоохоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.
Л.Алтанхишиг
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: