ЖОННИ ДЕПП НОМ ХЭВЛЭДЭГ АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
Алдарт жүжигчин, хөгжимчин Жонни Депп ном хэвлэдэг шинэ мэргэжил эзэмшиж эхэлжээ. Хэвлэлийн томоохон Harper Collins компанитай хамтран тэрбээр “Infinitum Nihil” /”Мөнх юм гэж үгүй”/ цуврал номыг хэвлэж байна. Цувралаа ардын хөгжимчин Вуди Гатригийн “Газар дээрх байшин” /1947 он/ роман, “Боб Диланы ээдрээтэй түүх” намтарчилсан номоор эхэлж байгаа аж.
Цуврал номын нэрийг 2004 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Деппийн продюсерийн компанийн нэрээс зээлджээ.
Гор Вербинскигийн “Ганцаардмал рейнжер” киноны зураг авалтаа дуусгаагүй байгаа Депп “USA Today” сонины цахим хуудсанд нийтлүүлсэн албан ёсны мэдэгдэлдээ “бидний цаг зав, анхаарлыг татах, жирийн үед уншигчдын хүртээл болж чаддаггүй тийм номуудыг хэвлэхэд бүхий л хүчээ дайчилж байна” гэжээ.
Техасын жирийн нэг оршин суугч болон нутгийн элит хоёрын хоорондын эдийн засгийн зөрчилдөөний тухай өгүүлдэг “Газар дээрх байшин” роман 2013 оны нэгдүгээр сард хэвлэлтээс гарах аж. Вуди Гатри /1912-1967 он/ энэ зохиолоо хэвлүүлэхийг огт эрмэлзээгүй бөгөөд түүний охин Норагийн ачаар уншигчдын хүртээл болох гэж байна. Түүхч, сэтгүүлч Даглас Брииклигийн бичсэн “Боб Диланы ээдрээтэй түүх” ном 2015 онд гарах аж.
Жонни Депп, Даглас Бринкли хоёр олон жилийн өмнө зохиолч Хантер С.Томпсоноор дамжуулан танилцаж байжээ. 2005 онд амиа хорлосон Томпсон болон Депп хоёр дотнын андууд байсан бөгөөд түүний романаар бүтээсэн “Лас-Вегасын айдас ба үзэн ядалт” /1998 он/, “Ромын өдрийн тэмдэглэл” /2011 он/ кинонд Депп тоглосон байна.
З.Амгалан
URL: