МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛД В.И.ЛЕНИНИЙ ХОЛБОГДОХ НЬ

Б.Даш-Ёндон

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа нийслэл дэхь В.И.Лениний хөшөөг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргасан тухай “Нийслэл таймс” сонин 26-ны өдрийн дугаартаа мэдээлжээ. Ингэх болсны гол учир нь “энэхүү хөшөө дурсгалын суурь бэхэлгээ муудсан” гэнэ. Уг нь суурь бэхэлгээг нь ядах юмгүй засчихаж болно шүү дээ, бид чинь хөл нь өвдсөн нэгнийгээ хүний данснаас хасчихдаггүй биз дээ. Ер нь манай нийслэлийн удирдлага нэгэн хөшөөний суурь төдийг янзалчихтайгаа байгаа шүү дээ. Энд аж ахуйн бус, харин өөр ямар нэгэн далд санаа агуулагдаж байгаа нь хэнд ч тодорхой байна.
Хүнд зориулагдсан хөшөө баримал үг дуугардаггүй, амьд буй хойч үеийн мулгуу бидэнтэйгээ хэрүүл маргаан хийдэггүй, биднийг шүүмжилдэггүй, бидэнтэй албан тушаал булаацалддаггүй юм.
Хөшөө баримал босгодог нь тухай улс үндэстний талархалыг илэрхийлсний тэмдэг болдог бөгөөд улмаар  хийж бүтээгдсэн  хойноо түүх, соёлын үнэт зүйл болон үлдэж, байгаа газраа хадгалагдан амьд үеийнхээ их үйлсийг сануулан тунхаглаж байдаг юм.
Улс орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг сайн ойлгодог манай ард түмэн, тухайн үеийн БНМАУ-ын удирдагчид монголчууд бидэнд В.И.Лениний үзүүлсэн их тус дэмд талархан одоогийн энэ хөшөөг нь бүтээж 1954 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 30 жилийн ойн өдөр суурилуулан баяр ёслолын байдалтай нээжээ.
В.И.Лениний энэ хөшөөг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл ба МАХН-ын Төв Хорооны 1954 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хамтарсан 363/38 дугаар тогтоолоор босгуулжээ. Тус тогтоолоор В.И.Лениний хөшөөг Батлан хамгаалах яаманд хариуцуулсан байна. Ийм болохоор: нэгд, энэ хөшөө нийслэлийн өмчид байх ёсгүй, Батлан хамгаалах яамны мэдэлд байх ёстой; хоёрт, хэрэв хөшөөг эрх мэдэлтнүүд хүсэж байгаагаараа шийдэх гэж санаархаж буй бол эхэлж дээр дурьдсан тогтоолыг хүчингүй болгох ёстой. Харин ингэнэ гэвэл, энэ нь улс төрийн нэн будилаантай, ноцтой асуудал дагуулсан шийдвэр болж таарна.
Эрх мэдэлтнүүдээ, бүгдээрээ номоороо л явцгаая л даа.
В.И.Лениний энэ хөшөөтэй бүдүүлгээр оролдох явдал манайд ганц энэ удаад гарч байгаа биш л дээ. Бүүр 1992 оны үед хэн нэгэн мангуу этгээд В.И.Лениний хөшөө рүү будаг цацсаныг нь нэгэн монгол залуу харж, хэнтэй ч ярилгүй өөрөө ганцаараа өдөржин ноцолдож цэвэрлэв гэж тэр үед Монгол Улсын Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай надад ярьсан. Бас Д.Бямбасүрэн: хэсэг “залуучууд” В.И.Лениний хөшөөг буулгая гээд байна, би хариуд нь В.И.Ленин бол монгол хүн шүү хэмээн хэлж санааг нь буцаав гэж надад хэлсэн.
Түүх номоо мэддэг хүн ийм л байдаг байна шүү дээ.
Манай Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн зарим нь, бас манай зарим Засаг дарга улс орныхоо түүхийг сайн судалж мэддэг байвал зүгээр гэдгийг зөвлөхийн хамт, ер нь нийтэд зориулж В.И.Ленин монголчууд бидний улс төрийн амьдралтай хэрхэн холбогддогийг харуулах үүднээс түүхийг товчхон сөхөж толилуулав.

Нэг. Манай улсын тусгаар тогтнол, хөгжлийн замд
В.И.Лениний холбогдох зарим баримтын тухай

Манай Монгол түүхэн аугаа их хоёр хөрштэй. Бид тэмцсээр эцсийн эцэст 1921 онд тусгаар тогтнолоо бүрэн байлдан олж авсан нь хоёр хөршийн аль алинаас нь эрх чөлөөгөө буцаан олж аван бие даасан хөгжлийн замд орсон хэрэг байв. Тусгаар тогтнолоо буцаан олох гэсэн Монгол Улсын тэмцлийг тухайн үед нь өмнөд хөрш маань огтхон ч дэмжээгүй. Умард хөрш маань хаант Оросын үед чухамдаа мөн л ийм байв.
Манай улсын тусгаар тогтнол, товчхон хэлэхэд Орос оронд болсон Октябрийн их хувьсгалтай салшгүй холбоотой юм. Тус хувьсгалын жолоодогч В.И.Ленин шигээр Монголын талаар олон он жил анхаарал тавьсан дэлхийн томоохон улстөрч хаанаас ч гараагүй билээ. Монголын хөгжил Монголын тусгаар тогтнолтой холбоотой учраас миний бие энд В.И.Лениний ач тусын талаар заавал хөндөж ярих нь зайлшгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Ажиглахад, Монгол Улс 1911 оны арванхоёрдугаар сард тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан үеэс эхлэн В.И.Ленин манай улсыг анхаарч эхэлжээ хэмээн хэлж болмоор байна.
Оросын ажилчны социал демократ намын нийт Оросын VI (“Прагийн” гэгддэг) бага хурлаас гаргах “орчин үеийн байдал, намын зорилтын тухай” тогтоолын төсөлд В.И.Ленин: “…Европт улам бүр хойш түрэгдэж байгаа хаант засаг (Оросыг хэлж байна, Б.Д.) эрх чөлөөний төлөө хувьсгалт тэмцэл хийж байгаа … Монголын* эсрэг чиглэсэн колонийн ёсны түрэмгийлэл хийх замаар шунахай эрх ашгаа хангахыг оролдож байна”1 гэсэн шүүмжлэлээр манай талаархи санаа бодлоо анхлан илэрхийлж эхэлжээ. Тэрбээр эл тогтоолын төслийг 1912 оны нэгдүгээр сарын эхээр бичжээ. Энэ цагаас хойш В.И.Ленин Монголын талаар цаг үе бүхэнд анхаарал тавьжээ хэмээн хэлж болохыг бидний, одоо цаашид дурдах, баримтууд харуулах болно.
В.И.Ленин энэ санаагаа үргэлжлүүлж, 1912 оны арваннэгдүгээр сард бичсэн үгүүлэлдээ: “Монголыг Орос “энхрийлж тэвэрлээ” **гэж ёжилжээ.
Улмаар тэрбээр мөн оны мөн сард “Ажилчны депутатуудын хэлэх зарим үгийн тухай асуудалд” гэсэн сэдэв бичиж Оросын IV Думын социал-демократ фракцид өгчээ. Энэ нь тус фракцийн тунхаглалын үндэс болжээ. Уг сэдэвт Оросын Засгийн газрын гадаад бодлогод “…Монголыг булаан эзлэх” гэсэн шунал байгааг нь эсэргүүцжээ. Тэгээд В.И.Ленин 1912 оны арваннэгдүгээр сард “Думын ажилчны депутатууд ба тэдний тунхаглалын тухай асуудалд” сэдэв бичиж, түүндээ Оросын засгийн газар “…сайн харилцааг зөрчиж Монголыг эзлэн авах”2 гэж байгаа хэмээн буруушаажээ. Гэхдээ тэрбээр сайн харилцаа гэдэгтээ Хятад улстай харилцах харилцааг хэлсэн бололтой. Түүний энэ үг тухайн мөчдөө зөвхөн тактикийн учир холбогдолтой байжээ хэмээн хэлж болмоор байна.
Яагаад гэвэл, тэрбээр 1913 оноос эхлэн Хятадыг бодолцсон үгнээсээ буцаж Монголын асуудлаар эхэндээ баримталж байсан санаанууд руугаа эргэж орсон байна. В.И.Ленин 1913 оны арваннэгдүгээр сард нийтлүүлсэн “Хөрөнгөтний гадаад бодлого” гэдэг үгүүлэлдээ “…Монголд ардчилсан байгууллагууд бий болох уу, чухам яаж бий болох вэ гэдэг талаар” Оросын их гүрний үзэлт сонинууд “бичих ч үгүй, ярих ч үгүй байна”3 гэж хэлээд тухайн цагийн Оросынхоо сонин хэвлэлийг шүүмжилжээ. Энд Монголын тусгаар тогтнолын тухай асуудал далдуур яригдаж байна хэмээн бодож болмоор.
Тэрбээр бас  1913 оны зургадугаар сард бичсэн “Ардыг гэгээрүүлэх яамны бодлогын тухай” гэдэг үгүүлэлдээ Орос улс ардын боловсролд хөрөнгө гаргахгүй мөртлөө Монголд (бас зарим орныг хэлсэн Б.Д.) “дээрэм хийх балмад бодлогод зарцуулах зардлаараа … маш “баян” байгаа юм”4 гэжээ.
В.И.Ленин Дэлхийн I дайны мөн чанарыг тодорхойлж 1915 онд хэлсэн нэг үгэндээ, уг дайны мөн чанар нь Англи, Франц, Герман улс колонийг хуваах гэж хоорондоо тэмцэлдэж байгаа бол “Оросын хаант засаг, эрх баригч ангиуд” “Перс, Монгол, Азийн Турк, Константионоль, Галиц зэргийг эзлэн авах гэж эрмэлзэж байгаад оршино”5 хэмээн тодорхойлжээ.
Тэрбээр 1915 онд бичсэн “Социализм ба дайн” гэдэг товхимолдоо “Оросын шинэхэн маягийн капиталист империализм” ч гэсэн “…Монголын талаар явуулсан” хаант засгийн бодлогыг үргэлжлүүлж байна гээд Оросын хийж байгаа дайн “…эрх чөлөөний эсрэг шинж чанараараа онцгой юм”6 гэж дүгнэжээ.
В.И.Ленин 1915 онд дайны талаар гаргасан уриалгадаа Оросын хаант засаг “…Перс, Монгол зэргийг боолчлохыг эрмэлзэн дээрмийн дайн хийж байна”7 хэмээн дахин шүүмжилжээ.
1916 оны 8-10 дугаар сард бичсэн “Марксизмыг дууриах гээд хөглөсөн нь” хэмээх зохиолдоо монголын талаар оруулсан түүний санааг чухалчлан анхаарах нь зүйтэй болов уу гэж санагдана. Тэрхүү томоохон зохиолд:“…их Оросын ажилчин бид засгийнхаа газрыг Монгол, Туркестан, Персээс зайл гэж шаардах ёстой…” гээд эл шаардлага бол, жишээ нь, Монголыг Оросын пролетари нараас холд гэсэн үг биш гэдгээ нотлоод, “энэ бол дарлагдсан бүх орны, түүний дотор колониудын дарлагдсан бүх ангийг биднээс битгий тусгаарла, харин бидэнтэй аль болохоор ойртон нийл”8 хэмээсэн үг гэж тайлбарлажээ. Цааш нь тэрбээр үүнээ лавшруулж: “колониуд тусгаарлах бүрэн эрх чөлөө, үнэхээр өөрөө засан тохинох эрх олгохыг засгийнхаа газарт шаардаж байгаагаа” илэрхийлжээ. Тэгээд “Бид бол (Оросын ажилчин ангийг хэлж байна, Б.Д.) монгол, перс, египетүүдтэй ойртон нийлэхийг бүх хүчээрээ чармайна…” хэмээн хэлжээ. Энэ “ойртон нийлнэ” гэдгээ тэрбээр: “Биднээс илүү дарлагдан хоцрогдсон эдгээр улс түмэнд…машин хэрэглэх, хөдөлмөрөө хялбарчлах, ардчилал, социализмд тэднийг шилжихэд нь туслахыг бид хичээнэ”9 хэмээн тайлбарлажээ.
В.И.Лениний энэ бүх санаа дэлхийн том гүрнүүдийн колоничлох бодлогын их дайны үед хэлэгдсэн бөгөөд тэрбээр 1916 оны эхний хагаст бичсэн “Империализмын тухай дэвтрүүддээ “…1910 оны долдугаар сард Орос, Япон хоёр Солонгосыг монголоор “арилжих” гэрээ байгуулав. …1914 оны есдүгээр сарын 17-нд Орос улс “тусгаар тогтносон” Монгол Улстай “гэрээ” байгуулав. (Монголыг дээрэмдэх гэрээ”10  хэмээн тэмдэглэжээ***
Монголын талаархи В.И.Лениний бодол ийм байдлаар явсаар байгаад тэрбээр 1917 оны зургадугаар сард бичсэн үгүүлэлдээ “Оросын ажилчин, тариачин бид Их Оросын биш (Туркестан, Монгол, Перс мэтийн) нэг ч газар нутаг буюу колонийг хүчээр барьж байлгахгүй”11 гэсэн шийдвэрт хүрчээ.
Октябрийн хувьсгалын дараагаар В.И.Ленин тэргүүтэй Зөвлөлт Оросын Засгийн газар 1919 оны 8 дугаар сарын 3-нд Монголын ард түмэн, Засгийн газарт давтан ирүүлсэн бичигтээ: Хаант Оросоос Монголд эдэлж байсан онцгой эрхийг хүчингүй болгосноо дахин мэдэгджээ. Уг бичигт: “Монгол Улс бол эрх чөлөөт орон мөн … Тус орны засгийн бүх эрх ба шүүн халах эрх монголын ард түмэнд байх ёстой. Гадаадын ганц ч хүн монголын дотоод хэрэгт оролцох эрхгүй… Зөвлөлт Засгийн газар энэ тухай монголын ард түмэнд өндөр дуугаар өргөмжлөн мэдэгдэж, Оросын ард түмэнтэй дипломат харилцааг түдгэлзэлгүй тогтоон, Монголын чөлөөт ард түмний төлөөлөгчдийг улаан армийн өмнөөс угтан явуулахыг хүснэ”12гэжээ.
Монгол судлаачдын цуглуулсан баримтаас13 үзэхэд В.И.Ленин 1921 онд Монголын Засгийн газартай байгуулах хэлэлцээрийг “өнөөдөр****багтааж хянан үзэхийг хүссэн ” гэж нэгэн зурвас бичжээ.14 Энэ нь академич Б.Ширэндэв гуайн хэлснээр: “Орос, Монголын гэрээнд гарын үсэг зурах явдлыг түргэлэх тухай заалт” байлаа.15 “Монголын анхны албан ёсны төлөөлөгчид 1921 оны арваннэгдүгээр сард Москвад очиж, Зөвлөлийн засагт Орос улсын засгийн газартай хэлэлцээр хийж, хоёр орны хооронд найрамдалт харилцаа тогтоосон тухай орос монгол хоёрын хоорондын найрамдлын анхны гэрээнд гарын үсэг зурахад В.И.Ленин биеэр оролцсон билээ”16 гэж Б.Ширэндэв гуай бичжээ.
Хоёр тал гэрээнд 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд гарын үсэг зурсан байна. Уг гэрээ бичгийн оршилд: “Урьдын Оросын хаант Засгийн газраас түүний эзэрхэг түрэмгий, зальт шунахай бодлогын хүчээр дарлаж, автономит Монголын Засгийн газартай байгуулсан гэрээ бичгүүд хоёр улсад шинэ байдал тогтсон учир хүчингүй болсон”-ыг онцлон тэмдэглэжээ.17 Мөн гэрээ бичгийн нэгдүгээр зүйлд: “Зөвлөлийн засагт Орос улсын засгийн газраас гагцхүү хуулийн ёсоор эрх барьсан Монголын Ардын засгийн газрыг зөвшөөрөн хүлээнэ”18 гэж заажээ. Гэрээнд гарын үсэг зурсан өдрөө В.И.Ленин монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан нь манайхантай түүний уулзсан хоёрдахь уулзалт байв.
Миний бие энд Оросын судлаач Александр Шабановын “Новая эволюция Концепция модели развития России на период 2012-2042” гэдэг бүтээлдээ бичсэн нэгэн санааг нь зориуд цохлон дэлгэрэнгүй иш татъя. Тэрбээр: “1917 он гэхэд дайн байлдаан, II Николай хааны удирдах чадваргүйгээс болж улс орон эмх замбараагүй байдалд орж, хоёрдугаар сарын ардчилсан хувьсгалд хүргэсэн юм. Үүний уршгаар, хэдхэн сар болоход л ардчилал Орос орныг огт удирдлагагүй болгож, энэ нь большевикууд чухамдаа хулганы хамраас цус гаргалгүйгээр эрх мэдлийг гартаа авахад дэм болжээ. Большевикууд засгийн эрхийг нэг сараас илүү хугацаанд барьж чадна гэдэгт хэн ч итгэхгүй байв. Хэрэв Ленин гайхалтай гарамгай авъяас чадвартай байгаагүйсэн бол тэгэх л байлаа. Тэрбээр ард түмний олонхийг коммунистуудын талд татаж дайн байлдааны болон төрийн байгууламжийн мянга түмэн практик асуудлуудыг шийдэж чадсан юм. Марксизм бол социализмыг яаж байгуулахыг заасан практикч сургаал биш. Харин Ленин цэргийн коммунизмаас авахуулаад НЭП (эдийн засгийн шинэ бодлого) хүртэл хөгжлийн олон хувилбарыг туршиж үзсэн боловч эцэстээ Орос орныг сахин хадгалж чадсан төдийгүй бэхжүүлсэн билээ. Түүний үйл хэргийг Сталин гарамгай авьяас чадварынхаа ачаар нэн түвэгтэй нөхцөлд үргэлжлүүлж Оросын эзэнт улсыг чанарын шинэ байдлаар Зөвлөлт Холбоот Улс болгон сэргээсэн юм. Мэдээж, Ленин, Сталин хоёр нэг л төрхийн хүмүүс биш байлаа. Тэд ажил хэрэгтээ олон алдаа гаргаж, бүүр гэмт хэрэг үйлдсэн боловч тухайн энэ тохиолдолд бид эцсийн үр дүнгийн тухай ярьж байна, юу гэвэл, хэрэв тэд, тэдний хүсэл зориг, зөв мэдрэмж байгаагүйсэн бол Орос орон 1918 онд, эсхүл 1941 онд Дэлхийн газрын зурагнаас арчигдах байв” хэмээн бичжээ.
Эцсийн сайн үр дүнгийн тухай ийм сэтгэлгээ бол их уудам ухааны үр дүн юм. Монгол Улс тусгаар тогтнолоо дахин олоход В.И.Лениний оруулсан их хувь нэмрийг товч байдлаар дээр дурьдсан. Түүний хамт И.В.Сталин ч гэсэн манай улсын тусгаар тогтнолыг бататгахад мөн л эгзэгтэй үед чухал хувь нэмэр оруулсныг бид мартаж болохгүй билээ.
В.И.Сталин 1945 оны 4 дүгээр сард Крымийн Ялт хотноо Ф.Рузвельт, У.Черчилль нартай уулзаж хэлэлцээр хийх үедээ тус хэлэлцээрийн төгсгөлийн нууц хуралдаан дээр Англи, Америкийн тал Японд дайтахыг В.И.Сталинд санал болгоход Сталин “Монголыг одоогийн байгаа байдлаар нь /статус-кво/ хүлээн зөвшөөрөхийг” шаардсан. Японтой ЗХУ байлдаж Квантуны армийг бутцохиж, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэсэн энэ хоёр асуудал нааштай шийдэгджээ. Энэ түүхэн явдлыг дурьдсаныхаа дараа Б.Ширэндэв гуай “Зөвлөлтийн цэргийг оруулж, Квантуны армиас нутгаа чөлөөлөөд, хариуд нь Гадаад Монголыг хүлээн зөвшөөрөх асуудлыг Рузвельт Хятадын талд ойлгуулах талаар чармайлт гаргажээ. Тэр үеийн Хятадын удирдлагад байсан хүмүүсийн олонхи нь Америкийг түшиглэж байв”18а хэмээн тайлбарлан бичжээ.
Энэ түүхэн явдлын дүнд 1946 онд манай бүх ард түмний санал асуулга болж БНМАУ тусгаар тогтнолоо бүрэн төгс баталгаажуулж билээ.

Хоёр. Монголын хөгжлийн замд В.И.Лениний холбогдох нь


В.И.Ленин бол ХХ зууны үед Монголын талаар ихээхэн анхаарсан томоохон улстөрчдийн болон сэтгэгчдийн нэг юм. Тэр тусмаа энэ хүн тэр үедээ бүүр дэлхий дахинд ч ихээхэн нөлөөтэй байв.
“В.И.Ленин  Монголын тухай” гэсэн номны хоёрдахь хэвлэлийг манай намын түүхийн институт бэлтгэж 1969 онд гаргасныг бид түрүүнд ашиглан хэрэглэсэн билээ. Энэ номонд Монголын талаар В.И.Лениний хэлж, бичиж байсан үг болон Монголын төлөөлөгчдийн тавьсан асуултад өгсөн хариултыг оруулжээ.
В.И.Ленин зарим зохиолдоо тэр үед их гүрнүүдийн, тэр дундаа Хятад, Оросын талаас Монголын тухайд явуулж байсан эзлэн түрэмгийлэх, сорон мөлжих бодлогыг нь шүүмжилж байв19 гэдгийг түрүүнд баримтаар нь харуулсан билээ. Энэ нь зөвхөн хувьсгал хийх тэмцлийнхээ төлөөнөө хаант Оросын бодлогыг В.И.Ленин шүүмжилсэн хэрэг төдий биш байжээ. В.И.Ленин Монголын тусгаар тогтнол, хувь заяа, хөгжлийн замын талаар цаад сэтгэлээсээ сонирхож байсныг цаашдын түүхэн явдал батлан харуулсан хэмээн хэлж болмоор байна. Цаашдын гэдгийг тодруулбал:
Монголын төлөөлөгчдийг Зөвлөлт Орос Улсын Засгийн газрын тэргүүн В.И.Ленин хүссэн цаг бүхэнд нь хүлээн авч уулзан санал бодлоо илэрхийлж байсныг хэлж буй хэрэг. Энэ үед В.И.Ленин дэлхийн пролетари нарын жолоодогч хэмээн алдаршчихаад байв.
В.И.Ленинтэй Монгол Улсын болон Монгол Ардын Намын төлөөлөгчид 1920, 1921, 1922 онд уулзаж асуулт тавихад өгч байсан хариу нь нэн их учир холбогдолтой хэмээн санагдаж байна. Эхний уулзалт нь 1920 оны есдүгээр сард “Монгол Ардын Нам” гэдэг улстөрийн байгууллага  үүсээд Данзан, Чагдаржав нарыг Зөвлөлт Орос руу илгээсэн үед болжээ. Энэ уулзалтын үед манай нөхөд: “Манай улсад ардын хувьсгалт нам байгуулах явдлыг Та хэрхэн үзэх ба бидний хамгийн чухалчлах зүйл юу вэ” гэсэн асуулт тавьжээ. В.И.Ленин хариуд нь, эхэлж, Монгол орны гадаад байдлыг тайлбарлажээ. Ингэхдээ “хэрэв дайн гарвал империалист улсууд газар зүйн байдлын улмаас танай орныг эзлэн авч улмаар бусад орны эсрэг байлдааны талбар болгохыг эрмэлзэнэ. Учир иймийн тулд танай орны хөдөлмөрчдийн ганцхан зөв зам бол Зөвлөлт Орос улсын ажилчин, тариачидтай холбоо тогтоож улстөр, аж ахуйнхаа тусгаар тогтнолын төлөө (би онцлов.Б.Д) тэмцэх явдал мөн. Энэ тэмцлийг салангид сарниун хийж болохгүй бөгөөд Монголд Ардын Нам байгуулах нь ард түмний тэмцэлдээ амжилт олохын нөхцөл мөн болно” хэмээн хэлжээ. Манайханд хандаж В.И.Лениний хэлсэн энэ үгэнд бидний монголчуудад анхааруулсан зүйл их байна. Энэ үгнээс нь харахад В.И.Ленин:
а. Манай Монголын дэлхий дахинд эзэлдэг газар зүйн байдлыг сануулж хэлсэн
байна.
б. Хүнд хэцүү нөхцөлд түших нөхрөө хэнээр сонгож авахыг бодоорой гэсэн
байна.
в. Улстөр, аж ахуйн тусгаар тогтнолоо олохын төлөө тэмц гэсэн байна.
г. Энэ тэмцлээ салангид сарниунаар хийж болохгүй, нэгдсэн удирдлага хэрэгтэй,
иймд Ардын Нам байгуулсан нь зөв гэсэн байна.
В.И.Ленин  хоёр дахь удаадаа 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Д.Сүхбаатар, Б.Цэрэндорж, Данзан, Ширнэндамдин нарын
бүрэлдэхүүнтэй Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтын үед манай нөхөд: “Үндэсний эрх чөлөөний тэмцэлд ялгуусан амжилт олж чадах уу” гэсэн асуулт тавьжээ. В.И.Ленин хариуд нь: “Би өөрөө хувьсгалт  хөдөлгөөнд 30 жилийн турш оролцож байгаа бөгөөд аливаа ард түмэн гадаад, дотоодын боолчлогчдоос ангижрахын хүнд хэцүүг өөрийнхөө туршлагаас мэдэж байна. Монгол орон хэдийгээр мал аж ахуйн орон, түүний үндсэн хүн ам нь нүүдэлчин малчид боловч та нар хувьсгалаа хийж их амжилт олжээ. Үл бүтэх харш этгээдээр бузарлахгүй байж, олон түмний нам болох зорилготой Ардын Намыг байгуулж тэр амжилтаа бататгасан нь гол зүйл мөн” гэжээ. Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэлд МАН байгуулж хувьсгал хийж амжилт оллоо, одоо “үл бүтэх харш этгээдээр “намаа бузарлахгүй”-гээр олон түмний нам болох хэрэгтэй гэсэн санаа энд тов тодорхой хэлэгджээ.
В.И.Ленин гуравдахь удаадаа 1922 оны нэгдүгээр сард Алс дорнодын ард түмний хувьсгалт байгууллагуудын анхдугаар их хуралд оролцсон монголын төлөөлөгч Б.Данзан, С.Буяннэмэх нарыг уг их хурлын бусад төлөөлөгчийн хамт хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтын үед манай нөхөд: “Ардын хувьсгалт намыг коммунист нам болгон хувиргаж болох уу?” гэсэн асуулт тавьжээ. В.И.Ленин хариуд нь: “Нэг намыг өөр нам болгон “хувиргаж” болохгүй тул би тийм зөвлөгөө өгөхгүй. …Зөвхөн нэр хаягийг өөрчлөн солих нь хортой бөгөөд аюултай” гэжээ. В.И.Ленин ингэж хэлээд Монгол орон капиталист бус замаар хөгжвөл чухал, “Капиталист биш хөгжлийн замд шилжих явдлыг хангах гол нөхцөл нь ардын хувьсгалт нам ба засгийн ажлыг хүчтэй болгож, энэхүү ажлын үр дүнд нам, засгийн нөлөөгөөр үүсэж байгаа жижиг арал мэт аж ахуйн шинэ хэвшлүүдээс л Монгол ард улсын капиталист биш эдийн засгийн шинэ систем цогцлон тогтох болно”20 гэжээ. Энд: нам, засаг нь улс орондоо аж ахуйн шинэ хэвшлийг жижиг арал мэтээр үүсгэ, ингэвэл  “Монгол ард улсын капиталист биш эдийн засгийн шинэ систем цогцлон тогтох болно” гэсэн санааг хэлжээ. Манайхан ч ихээхэн бодож байж асуултаа айхавтар онож тавьж, В.И.Ленин ч их мэдлэгтээ тулгуурлан сэтгэл бодол, байр сууриа илэрхийлжээ гэж одоо бодогдмоор байна.  Энэ хүн судсандаа гүйж буй монгол цусаа бодсон ч байж болно. Ийм үндсэн дээр манай улс хөрөнгөтний биш хөгжлийн замыг, тодруулбал, капиталын мөлжлөгийг алгасах замыг сонгож авсан түүхтэй.
Хөрөнгөтний биш хөгжлийн гэгдэх ийм замыг сонгосон нь манай улсын хувьд хөгжлийн тодорхой философи байжээ. Энэ бол улс орны тусгаар тогтнолын замаа сонгох философи байлаа. Академич Б.Ширэндэв гуай: “Монголын ард түмнээс үндэсний ба нийгмийн дарлалаас чөлөөлөгдөхийн төлөө хийж байсан тэмцэлд В.И.Ленин ихээхэн анхаарал тавин талархаж, түүний ашиг сонирхлыг эрс шийдвэртэйгээр хамгаалан ирээдүйн гэрэлт замыг нь заан сургасан билээ”21 гэж бичжээ. Б.Ширэндэв гуайн энэ санаа үзэл суртлын үг биш, харин шинжлэх ухааны нарийн судалсан дүгнэлт ажээ хэмээн бодогдож байна.
Монголын  капиталист бус хөгжлийн зам, энэ тухай үзэл онолыг үүсгэсэн (би тэгж бодож байгаа) В.И.Ленинд манай улс (нам) хэрхэн хандаж байсныг зарим сурвалж бичгүүдээс22 эрж хайлаа. Гол нь, манай улсын хувьд В.И.Лениний гүйцэтгэсэн үүргийг өвөг дээдэс маань хэрхэн үнэлж байсныг сонирхсон хэрэг. Тэгээд, үзэж байтал В.И.Ленинийг нас барсантай холбогдуулан 1924 оны эхээр Монгол Ардын Намын Төв Хороо ба Ардын Засгийн газраас эмгэнэл илэрхийлсэн бичигт В.И.Ленинийг: “…нэн ялангуяа манай Монголын олон түмэн ардуудад эрх чөлөө олгох хэрэгт  их тусламж үзүүлсэн…”23 хэмээн цохон  тэмдэглэжээ.
Тус номноос харвал, 1924 оноос хойш манай нам, төрөөс В.И.Ленинийг дурсаж 1927 (нас барсных нь гурван жилийн ой), 1928 (нас барсных нь дөрвөн жилийн ой) онуудад нэрийг нь ганцаарчлан дурдсан холбогдох баримт бичиг гаргаж байжээ. Тэгээд 1929 оноос Маркс, Лениний сургаал гэж ярих болсон байна. Улмаар 1931 онд “В.И.Лениний нас барсны долоон жилийн ойг эмгэнэн тэмдэглэх тухай” нам, төрөөс шийдвэр гаргажээ. Тэгж байгаад 1955 оны дөрөвдүгээр сарын 20-нд МАХН-ын Төв Хороны Улстөрийн товчоо В.И.Лениний төрсөн өдрийг тэмдэглэж байх тухай тогтоол гаргажээ.24 Тус тогтоолын үзэл санааны дагуу олон газрыг В.И.Лениний нэрэмжит болгосон байна.
Бусдыг үл үгүүлрүүн цааш нь харвал: “В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойд бэлтгэх тухай” МАХН-ын Төв Хорооны тогтоол 1969 оны дөрөвдүгээр сарын 19-нд гарсан байна. Тэр тогтоолд түүний сургаалын дэлхий дахины ач холбогдлыг тэмдэглэж хэлчихээд дотор нь, “Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, түүний шинэ амьдралаа байгуулахад олсон түүхэн их амжилт нь В.И.Лениний нэр, түүний аугаа их сургаалтай салшгүй холбоотой юм”25 гэсэн байна. Энэ баримт бичигт Монголын хувьсгалчдын төлөөлөгчид В.И.Ленинтэй олон удаа уулзсаныг чухалчлан тэмдэглэжээ.
1923 онд В.И.Лениний бие муудахад манай монголчууд эмч очуулъя гэж санал тавьсан нь онц чухал санаа байж. Монгол цустай хүнийг монгол хүн эмчлэх гээд байна шүү дээ. “…эртний Чингис хааны үеэс нааш хэдэн зуун жилд бүдүүлэг харанхуй гэсэн нэрийг халах”26 хэрэгтэй гэж В.И.Ленин хэлж байсныг, би л хувьдаа, мах цусных нь үг гэж бодож байна.
Тэр үед манай Монголчууд В.И.Ленинийг зүгээр л хий хоосон магтаж бишрээгүй, бидний төлөө хийсэн зүйлд нь талархаж байжээ. Тийм ч учраас В.И.Лениний дүрийг монголчууд урлаг соёлдоо бүтээн харуулж байсан төдийгүй, түүнд зориулсан дурсгалын хөшөөг нийслэлдээ сүндэрлүүлэн босгосноо 1954 оны арваннэгдүгээр сарын 27-нд нээж хүндэтгэлийн ёслол үйлдсэн түүхтэй. В.И.Ленин “…хоцрогдсон ард түмэнд капиталист хөгжлийн шат зайлшгүй тохиолдоно гэж бодох нь буруу болно. Хоцрогдмол орнууд, тэргүүний орнуудын пролетари нарын тусламжтайгаар зөвлөлт байгуулалд шилжин орж хөгжлийн тодорхой шатуудыг дамжиж,(би онцлов Б.Д)  капиталист хөгжлийн шатыг алгасан коммунизмд шилжин орж чадна”27 хэмээн ерөнхийлөн дүгнэснийг анхаарах хэрэгтэй.Тэхдээ В.И.Ленин энд “хөгжлийн тодорхой шатуудыг дамжин” гэж хэлж байгааг онцлон тэмдэглэх ёстой. Энд капиталист хөгжлийн шатанд ороогүй “хоцрогдсон” улс орнууд үндэсний эрх чөлөөний хувьсгал хийснийхээ дараа шууд л эхлээд хөгжлийн тодорхой шатыг дамжиж, үр дүнд нь социализмд шилжих, социализм байгуулах гэж оролдох ёсгүй, үр дүнд нь социализмд шилжих ёстой гэсэн санаа хэлэгдсэн нь илэрхий байна. Бидний өвөг дээдэс, МАН В.И.Лениний санааг гүнээ ухаарч энэ удаад хөгжлийн замаа зөв сонгож чаджээ. Манай орон зовлон бэрхшээлийг давсаар эцэстээ эл замаар явж чадсан бөгөөд энэ нь манай ард түмэнд асар их сайн зүйлүүдийг өгсөн билээ. Энэ үеийн сайн сайхан ололтууд улс орны маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тойрч бүрэлдсэн юм.
Бидний энэ ололт амжилт бүүр ХХ зууны 60-аад онд колонийн дарлалаас чөлөөлөгдсөн улс орнуудад ч чухал ач холбогдолтой байлаа. Эдгээр улс орнууд ч гэсэн харгис капиталын замаар яваагүй билээ. (ер нь, цаг нь ч өнгөрчихсөн байсан биз!)
Монголын тухайн цагийн нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал 1961 онд бичсэн “Феодализмаас социализмд” гэдэг зохиолдоо үндэсний тусгаар тогтнолоо тэмцэн олсон  орнуудын хөгжлийн зам, хэтийн төлөвийн тухай асуудлыг хөндөөд, энэ улс орнууд “Цаашаа ямар замаар замнах вэ?” Хямрал, ажилгүйдэл, маргааш яана даа гэж сэтгэл түгшихийн зовлон, нийгмийн гишүүдийн баян хоосны цаглашгүй их ялгаа, улстөрийн тэгш биш байдал, эд бүхнээс хэзээ ч салах учиргүй капитализмын замаар уу, эсвэл “цус балчиг, үгүйрэл, гутрал байхгүй (К.Маркс) шинэ замаар уу? гэдэг асуудлыг амьдрал өөрөө л тусгаар тогтнолоо олсон улсуудын өмнө тавьж байна”28 хэмээн дүгнэн хэлсэн нь зүгээр нэг үзэл суртлын яриа биш юм.
Энэ бол хөрөнгөтний биш хөгжлийн замын тухай В.И.Лениний сургаалыг монголчууд хэрэгжүүлж социалист хөгжил рүү шилжиж эхэлсэн нь олон улсад туршлагын ач холбогдолтой гэсэн санаа ажгуу. Үүний дээр академич Б.Ширэндэв гуай “Капиталист биш зам ба социалист зам хоёр нь нийгэм-эдийн засгийн хөгжлийн ерөнхий чиглэл, эцсийн зорилгын хувьд нэг юм”29 гэж бичсэн нь ардын хувьсгалын дараахь Монголын хөгжлийн философийн үндсэн зарчмыг тоймлон хэлжээ гэж бодож болмоор байна. Социализм байгуулахын төлөө гэдэг нь нэлээд урт хугацаанд байсан хөгжлийн философи юм хэмээн хэлж болно.
-о О о-

 

Тайлбар ба ишилсэн ном зохиол
*Монгол Улс 1911 оны 12 дугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан. Ийм нөхцөлд ч гэсэн Хаант Орос Монголыг колончилох түрэмгий бодлого явуулж байна гэж В.И.Ленин үзэж байсан нь удалгүй бүүр ч тодорхой нотлогдсон билээ.
1 В.И.Ленин “Монголын тухай Улаанбаатар” 1969.7-8-р тал
**1912 оны намар Оросын Засгийн газар Монголын Засгийн газартай шууд хэлэлцээ хийж эхлэн Монголын талыг дарамталсаар байгаад өөрийн орны бодлогыг тулган хүлээлгэж 11-р сарын 2-нд хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэхүү хэлэлцээрээр Оросын тал Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийсэн бөгөөд ялангуяа мөнхүү хэлэлцээрт хавсаргасан протоколоор Орос Улс Монголыг колончилох явдлаа бататгаж авчээ. (Монгол Улсын түүх. V боть. УБ, 2003, 74-75 тал)
2 Дурьдсан ном, 20-р тал
3 Дурьдсан ном, 25-р тал
4 Мөн ном, 31-р тал
5 Мөн ном, 39-р тал
6 Мөн ном, 42-р тал
7 Мөн ном, 44-р тал
8 Мөн номын 51-р талыг бүхэлд нь үзнэ үү.
9 Мөн 63-р талыг бүхэлд нь үз.
10 Мөн номын 53-р тал
*** Энд 1914 оны VIII сарын 26-нд Монгол, Оросын хил дээрх Хиагт хотноо эхэлсэн Орос, Хятад, Монгол гурван этгээдийн гэрээний дүнг хэлж байна. Энэ Бага хурлын үед Орос, Хятад хоёр хүчээ нэгтгэн буурай Монголыг шахаж тулгасаар байгаад Гадаад Монголыг Дундад Улсын хэсэг нь гэж тунхаглажээ.
11 Мөн ном, 75-р тал
12 Академич Б.Ширэндэндэвийн бүтээлийн чуулган. УБ, VIII боть, 2012, 474-р тал
13 “Баримт” гэж би В.И.Ленин “Монголын тухай” гэдэг номыг хэлж байна.
****Өнөөдөр гэдэг нь 1921 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажээ. Энэ өдөр Зөвлөлтийн Ардын Комиссариат нарын Төв Зөвлөл В.И.Ленинтэй заалтын дагуу Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Засгийн газар ба Монголын Ардын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн төслийг хэлэлцэн баталжээ. Зөвлөлт, Монголын гэрээнд гарын үсэг зурсан тухай Оросын Гадаад Хэргийн ардын Коммисириатын мэдээ “Правда” сонины 1921 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаарт нийтлэгджээ. (дурьдсан 109-р тал дахь талбарыг үзнэ үү)
14 В.И.Ленин “Монголын тухай” 76-р тал
15 Б.Ширэндэв. “В.И.Ленин ба Монголын ард түмэн, УБ” 1969, 57-р тал
16 Мөн ном, мөн тал
17 Монгол Ардын Намын түүх /1921-1928/, II боть, зохиогч Ч.Дашдаваа, УБ, 2011, 84-р тал
18 Мөн ном, мөн талд үзнэ үү.
18a Академич Базарын Ширэндэвийн бүтээлийн чуулган. VI боть, 226-р тал
19 Б.Ширэндэв. “В.И.Ленин ба Монголын ард түмэн” 23-р тал
20 В.И.Ленин “Монголын тухай” номноос үзнэ үү.
21 Б.Ширэндэв. Мөн ном, 16-р тал
22 В.И.Лениний тухай Монголын түүхэн гол баримт бичгүүд (1917-1970), УБ, 1973
23 Мөн ном, 20-р тал
24 Мөн ном, 35-р тал
25 Мөн ном, 45-р тал
26 Мөн ном, 59-р тал
27 В.И.Ленин. Зохиол., 31-р боть, 219-р тал
28 Ю.Цэдэнбал. “Илтгэл, үгүүлэл, хэлсэн үг” УБ, 1967, 32-р тал
29 Б.Ширэндэв. “В.И.Ленин ба Монголын ард түмэн” 32-р тал


URL:

Сэтгэгдэл бичих