НОБЕЛИЙН ШАГНАЛТАНДАА УГААЛГЫН МАШИН АВАХАД НЬ ТУСАЛНА

Японы Засгийн газар Нобелийн Физиологи болон анагаах ухааны салбарын шагналтан Синъя Яманакад угаалгын эвдэрхий машиныхаа оронд шинийг худалдаж авхад туслахад бэлэн байна. Ийм саналыг Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Макико Танака сайд нарын танхимын хамт олондоо тавьсан тухай тус улсын хэвлэлд бичжээ.
“Шинэ угаалгын машины үнийг сайд нарын танхимын гишүүд хуваагаад төлж болох юм” гэж Танака хэлсэн байна.

Түүний тооцоолсноор, 19 сайд хувиасаа 5-10 мянган иен гаргахад болох аж. Энэ нь 60-120 доллар гэсэн үг юм. Ийм тусламж үзүүлэх шийдвэр гаргах нь хуулинд нийцэх эсэхийг танхимын гишүүд бодож үзэх хэрэгтэйг ч тэрбээр мөн хэлээд амжжээ.
10 дугаар сарын 8-нд Нобелийн хороо шагналтныг зарлаж байх үед Японы эрдэмтэн Синъя Яманака гэртээ угаалгын машинаа засаад сууж байсан аж. Энэ баярт мэдээг сонссон олон хүн Яманакад баяр хүргэж, түүний судалгаанд хандив өргөгчдийн тоо ч үлэмж өссөн байна.
Синъя Яманака болон Британийн эрдэмтэн Жон Гёрдон нар “нас гүйцсэн эсүүдийг дахин программчилж болох” механизмыг тодорхойлон бичсэний учир нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Энэ судалгааны ажил нь эд эс төдийгүй эрхтэн гаргаж авах хэтийн төлвийг нээж байгаа юм.
З.Амгалан

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих