Д.Ганцог: 1.3 тэрбум гэдэг бол “Петрочайна”-гийн байгаль сүйтгэсний хажууд өчүүхэн зүйл

Дорнод аймгийн Матад сумаас Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хүртэлх 110 км зам бол там. Биднийг явах үед ямар ч байсан жижиг тэрэг үзэгдсэнгүй. 30-40 тоннын даацтай машинууд өдөр шөнөгүй холхилдож байдаг учраас зам ингэж эвдрэх нь ч аргагүй биз.

“Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн эсрэг гомдол гаргасан гол байгууллага нь “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөн” ТББ аж. Хоёр жилийн өмнө нутгийн иргэд, Матад сумын Засаг дарга нь компанийн эсрэг гомдол гаргасан боловч төдийлөн амжилтад хүрээгүй. Харин иргэний хөдөлгөөнийнхөн Матад сумын иргэдтэй хүч хавсарснаар энэ асуудал бодит ажил болж, “Петрочайна дачин Тамсаг” ХХК-иас 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авах болсон гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Энэ талаар “Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Ганцогтой ярилцсан юм.

-Газрын тосны салбарт дан­гаа­раа ноёрхож байгаа “Петрочайна дачин Тамсаг” ХХК-иас 1.3 тэрбумын нөхөн төлбөр гаргуулах шийдвэрийг хоёр шатны шүүх гаргалаа. Энэ гомдол хэр удаан үргэлжилж байж шийдэгдсэн бэ?

-Бид гурван жилийн өмнө байгаль орчны асуудлаар гомдол гаргаж эхэлсэн юм. “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг зогсоох гэж шүүхээр хоёр жил явсны эцэст 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар боллоо.

Хамгийн гол нь энэ шүүх хурлын шийдвэр цаашдаа Монгол Улс байгаль орчны тал яаж ажиллах ёстой вэ гэдэг дүр зургийг гаргаж өгсөн гэхэд болно. Өмнө нь манай шүүхийнхэн ийм асуудлыг шийдэж байгаагүй. Харин энэ удаагийн гомдол уул уурхайн компаниудаас байгаль орчин сүйтгэсний нөхөн төлбөрийг гаргуулж болдог юм байна гэдгийг нотолсон.

Манайхны хууль хэцүү л дээ. Байгаль орчинд хохирол учирсан асуудал гараад ирэхээр хариуцах эзэн олддоггүй. Уг нь үүн дээр зөвхөн компани биш, УИХ-ын гишүүд, сайд дарга нар ч хариуцлага хүлээх хэрэгтэй шүү дээ.

-Яагаад?

-“Петрочайна дачин Там­саг”-тай холбоотой хохирлын асуудал гараад шүүхээр батлагдаж, нотлогдоно гэдэг бол тухайн байгууллагатай холбоотой ажиллаж байсан яам, агентлаг, МХЕГ ч буруутай гэсэн үг. Төрийн байгууллагуудын ха­риуц­­­­лагагүй байдлаас болж бай­галь орчин хохирсон. Уг нь өөр улсад ийм асуудал болбол ЭБЭХ-ний сайд, Газрын тосны газрын дарга, МХЕГ-ын дарга гээд шат шатны хүмүүс нь хариуцлагаа үүрээд огцрох ёстой байдаг.

Өөрөөр хэлбэл, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт, Газрын тосны газ­рын дарга асан Д.Амарсайхан, МХЕГ-ын дарга байсан Р.Содхүү зэрэг хүмүүс хариуцлага хүлээх ёстой байхгүй юу.

Р.Содхүү бол “Петрочайна дачин Тамсаг”-ийг байнга өмөөрч байсан. Замыг нь хаасан байцаагч авто тээврийн улсын байцаагч Д.Батбаатар нарын хэд хэдэн байцаагчийн эрхийг хасч байсан хүн.

-1.3 тэрбумын нөхөн төлбөрөөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт, Тамсагийн сав газарт учирсан хохирлыг барагдуулахад хангалт­тай юу?

-Энэ 1.3 тэрбумын хохи­рол чинь зам салаалсан, зам сүйтгэсэн болон дөрөвхөн цооног дээрх хохирлыг тооцсон үнэлгээ байхгүй юу. Гэтэл Тамсагийн ордод өнөөдөр 400-500 цооног байна шүү дээ. 1.3 тэрбумын бараг нэг тэрбум нь замын хохирол. Цооног нь гурван зуун сая орчим гэсэн үг. Тэгэхээр энэ цооногуудын хохирлыг тооцвол дахиад нэг тэрбум төгрөгийн асуудал үүсч болно.

Ер нь дахиад ухвал “Петрочайна дачин Тамсаг”-т өчнөөн булхай байна. Энэ асуудалд хариуцлага тооцдог тогтолцоотой байх ёстой. Ерөөсөө л шүүхийн шийдвэр гарлаа, шат шатандаа хариуцлага алдсан хүмүүст зохих хариуцлагыг нь үүрүүлдэг тогтолцоо хэрэгтэй. Доод талын хүмүүс нь яах вэ. Ийм зүйлийг дээрээс нь эхэлдэг байх ёстой.

-Та нарын бүрдүүлсэн гомдлыг хуурамчаар хийсэн гэдэг асуудал яригдаж байсан?

-Тийм. Бидний баримт­жуулсан материалыг хуу­рамч байна гэсэн гомдол гаргаж байгаа. Хариу арга хэмжээ л байх. Гомдол худлаа байсан бол бид эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Бидний айдас бол төрийн бай­гууллага. Төрийн байгуул­лагуу­дын үйл ажиллагаа хэцүү байгаа ч гэсэн шүүх талаасаа засарч байна гэж ойлгодог. Өмнө нь том компаниуд шүүхэд нөлөөлдөг байсан. Одоо тэгж чадахгүй байна. Энэ бол шүүхийн шинэчлэлийн үр дүн болов уу гэж ойлгодог.

-“Петрочайна дачин Тамсаг”-аас гаргуулах 1.3 тэрбум төгрөгийг аймагт өгөх үү, суманд өгөх ёстой юу. Энэ мөнгийг яаж зохицуулах бол гэдэг нь бас анхаарал татаж байна л даа?

-Хуулиараа бол 1.3 тэрбумын хохирлыг орон нутагт төлөх ёстой. Сумын хөгжлийн санд оруулж болно. Нэг талаасаа хохирлыг байгаль орчныг нөхөн сэргээх зардал гэж ойлгодог. Тэгэхээр 1.3 тэрбумыг юундаа зарцуулах нь нутгийн иргэдийн эрх. Эндээс нэг л зүйл харах ёстой юм шиг. Орон нутгийн засаг, захиргаанд ямар ч эрх мэдэл алга. Нутгийнхан нь орон нутгаа өөрсдөө мэддэг байсан бол хэзээ ч ингэж байгаль орчноо сүйтгүүлэхгүй шүү дээ.

Гэтэл иймэрхүү асуудлыг аймгийн Засаг дарга, мэргэжлийн хяналт гээд баахан дарга нар нь мэддэг. Хэрэв нутгийн эзэд нь орон нутгаа удирддаг байсан бол Матад сум юун аймгийн төв, тэрнээс ч гоё болчих боломж байсан.

-Иргэний хөдөл­гөө­ний­хөн “Пет­рочайна дачин Тамсаг”-тай заргалдаад эхлэхээр шантааж хийж байна, мөнгө нэхэж байгаа биз гэдэг байдлаар хандах хүмүүс байсан л даа?

-Үнэндээ бидэнд мөнгө чухал биш байсан. Энэ асуудал гомдол гаргахаасаа эхлээд л олон нийтийн нүдэн дээр ил тод явагдсан. Тэр чигээрээ л дуусна. Тийм ч учраас дорнодчуудын зүгээс бидэнд баяр­лаж байгаагаа илэрхийлсэн.

Харин “Петрочайна дачин Тамсаг”-ийг давж заалдах гомдол гаргасан гэхээр нутгийн иргэд гайхаж байгаа юм. Аргагүй шүү дээ. Үүнээс хэд дахин их хохирол учруулсан. Нутгийн баялгийг үнэ төлбөргүй зөөсөн. Орон нутагт нь юу ч өгөөгүй. Тэгчихээд ийм жаахан хохирол тогтоосон шүүхийн шийдвэрийг эсэр­гүүцсэн гэхээр л санаанд багтахгүй байгаа юм. Давж заалдах гомдол гаргана гэдэг бол энэ компани дахиад Монголын байгаль орчныг сүйтгэхийн илэр­хийлэл гэж ойлгож байгаа.

-Дахин гомдол гаргавал өнчөөн юм бий гээд байсан. Ер нь дахин гомдол гаргах уу?

-Цаашдаа дахин булхайг нь дэлгэе гэж байгаа. Гэхдээ дараа­гийн удаа Матад сумын иргэд өөрсдөө нутгийнхаа төлөө гомдол гаргах байх. Бид энэ гомдлыг гаргахын өмнө Тамсагийн ордын 30-40 км замаар яваад ирэхэд л ийм хэмжээний хохирол тогтоогдож байгаа юм. Бүх талбайгаар нь явбал өчнөөн зүйл бий гэдэг нь ойлгомжтой.

Яг үнэндээ 1.3 тэрбум төгрөг гэдэг бол юу ч биш байхгүй юу. Уг нь сонсоход их мөнгө л дөө. Харин нутаг орныг сүйтгэж, учруулсан хохирлынх нь хажууд өчүүхэн, ёстой инээдэмтэй юм байхгүй юу. Гэтэл давж заалдаад явж байдаг. Ер нь давж заалдаж байна гэхээр энэ компани сургамж авахгүй байгаагийн илрэл.

Бидний хувьд үлгэр жишээ байж чадлаа. Гэхдээ юм бүхэн рүү ингэж ороод байвал хүмүүс бас өөр нүдээр харах гээд байх болов уу. Тэгэхээр дараа дараагийн гомдол гаргах асуудлыг орон нутгийн иргэд нь үргэлжлүүлэх биз ээ.
Эх сурвалж: “Өглөөний Сонин


URL:

Сэтгэгдэл бичих