УИХ-ын гишүүн болох нь миний туйлын зорилго биш

УИХ-ын 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та дараагийн шатанд давж заалдана гэж байсан. Гэтэл СЕХ гэнэт шийдвэрээ гаргалаа. Асуудлын эцсийн шийдийг хүлээж байсан хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Өчигдөр /уржигдар/ орой СЕХ орой хуралдаад, тойргийн хорооны шийд­вэрээр Н.Төмөрхүү бид хоёрт олгосон түр үнэмлэхийг хүчингүй болгож,  Д.Зоригт, Г.Батхүү нарт түр үнэмлэх олгох шийдвэр гаргасан юм билээ. Энэ нь хуулийг илт зөрчсөн, хэт нэг талыг барьсан үйлдэл болсон.

СЕХ бол төрийн алба шүү дээ. Тийм байтлаа нэг намд үйл­чилж, хууль зөрчсөн шийд­вэр гаргалаа гэж ойл­гож байгаа.

Н.Төмөрхүү бид хоёр хэдийгээр аймгийн шүүгчийн захирамжид хариуцагчаар орол­цоогүй ч гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж бай­гаа учраас гомдол гаргах зайлшгүй эрхтэй. Түүнийхээ дагуу гомдол гаргасан. Хариу нь гараагүй байна.

Мөн аймгийн сонгуулийн тойргийн  шүүгч Ж.Отгон­жаргал захирамж гаргахдаа насанд хүрээгүй хоёр хүүхэд ажиллуулсныг нь сонгуулийн тойргийн хороо хүлээн зөвшөөрсөн мэт шийдвэр гаргасан. Гэтэл үүнийг 10 дугаар тойргийн хороо хүлээн зөвшөөрөөгүй. Ж.Отгонжаргал болохоор дээрх шийдвэрийг хууль зөрчин байж, хялбаршуулсан журмаар шийдсэн шүү дээ.

-Талууд зөвшилцөж, ойл­гол­цон, эвлэрснээ бичгээр хүлээн зөвшөөрсөн нөх­цөлд хялбаршуулсан журмаар шийдвэр гаргадаг биз дээ?

-Тийм. Гэхдээ нэмж хэлэхэд цаана нь гуравдагч этгээдийн асуудлыг хөн­дөөгүй тохиолдолд шийддэг. Гэтэл сая нэгдүгээрт тойр­гийн хороо хүлээн зөв­шөө­рөө­гүй, хоёрдугаарт Н.Төмөр­хүү, С.Чинзориг гэдэг хүмүүсийн эрх ашгийг хөн­дөж байгаа юм.

-Та хоёрын эрх ашиг ямар байдлаар хөндөгдсөн гэж?

-Энэ шийдвэрийг гар­гас­наар түр үнэмлэх хү­чингүй болгох асуудал дав­хар хөндөгдөж байгаа юм. Тэгэхээр эрх ашиг яригдахаас аргагүй.

Энэ утгаараа тойргийн хороо “Бид хүлээн зөв­шөөрөөгүй” гэсэн гомдол гар­гасан байдаг. Мөн насанд хүрээ­гүй хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан гэдэг. Гэтэл тэр хүүхдүүд нь ажиллаагүй гэсэн гомдол гаргасан байдаг. Тиймээс тойргийн хороо хүүхдүүдийн гомдлыг үндэслээд шүүхэд дахин гомдол гаргасан.

-Тэгвэл дахиад шинэ асуудал үүссэн байх нь ээ?

-Тийм, яг тэр зарчмаар шүүх гомдлыг нь хүлээгээд авчих­сан. Шүүхийн үйл ажиллагаа үргэлжилж байсан юм. Гэтэл тойргийн хороо шүүгч Ж.Отгонжаргалын захирамжийг үндэслээд “давж заалдах эрхгүй” гэсэн шийдвэр байна гээд шийд­чихсэн. Үндсэндээ шүүхийн процесс үргэлжилж байхад СЕХ хууль зөрчсөн шийдвэр гар­гачихаж байгаа юм.

-Мэдээж үйл явцыг ха­раад, шүүхийн шийдвэр хүлээж байсан хүний хувьд хэцүү байгаа нь ойлгомж­той?

-Монголд шударга ёс алдагджээ л гэж ойлгож байна. Бид Ерөнхийлөгчөөсөө эх­лээд  олон жил шударга байцгаая гээд л байгаа. Энэ нь ард түмэнд цаасан малгай өмсгөж байсны л илэрхийлэл боллоо. Ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо гэж хөөрцөглөөд байсан чинь энэ хүний үед Өвөрхангайн иргэдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байна шүү дээ. Сонгох, сонгогдох эрхийг нь хуулиар булаагаад авчихлаа.

Мөн шүүхийн шинэчлэл гэж яриад байгаа. Ард түмэн эндээс шударга бус байдал газар авч, үнэний талд байх ёстой шүүгчид нь хуулийг буруу хэрэглэж, эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүмүүст үйлчилдэг байдлыг хүлээгээгүй л байх.

Хамгийн харамсалтай нь, Монгол Улс ардчилсан Ерөн­хийлөгчийн үед, шүүхийн шинэчлэлийн үр дүнд сонгох эрхээ баталгаажуулах, ул­маар шударга шүүхээр мэтгэл­цээний журмаар асууд­лаа шийдүүлэх, үнэн мөнийг тогтоолгохын тулд давж заалдах эрхгүй хоёр иргэн­тэй боллоо гэж л ойл­гож байна.

-Маргааш /өнөөдөр/ Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх тухай яригдаж байна. Энэ тохиолдолд Н.Төмөрхүү та хоёр цаашид асуудлаа хэнд хэрхэн  тавих вэ?

-Нэгэнт эхнээсээ л асууд­лыг хүчээр шийдэж, хоёр хүний эсрэг төрийн механизм бүхлээрээ ажиллаж бай­хад бид хүчин мөхөстөж байгаагаа нуухгүй.

Хамгийн гол нь, аливаа асуу­дал үнэнээр яваад тогтоогд­­вол сайхан байна. Шүүх нь цагдаагийн бай­гууллагын үүрэг гүйцэт­гэлээ. Нотлож тогтооно гэдэг чинь цагдаагийн бай­гуул­­лагын ажил. Гэтэл үүнийг  шүүхийнхэн өөрсдөө хийгээд, шийдвэр гар­гадаг хууль бус тогтолцоо үүс­чих­лээ. Бид хэдийгээр төрийн машины эсрэг зогсож байгаа ч шударга хүмүүс, албан тушаалтнууд байгаа гэдэгт найдаж байна. Тэр ч утгаараа аймгийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг харна. Хариуг нь харж байгаад, давж заалдах шатны шүүхэд ч гомдол гаргах асуудал бий.

Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой. Энэ мэтчилэнгээр Үндсэн хуулийн Цэцэд хандах зэрэг процессууд шат шатандаа үргэлжлэх байх.

-Та өнөөдөр цаашид тэм­цэнэ л гэж байна. Гэхдээ МАН  Увсын тойргийн асууд­лаар Өвөрхангайн тойргийг тохирчихсон юм биш үү?

-МАН надад итгээд, ялалт авч ир гэж 10 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн. Бид  намын бүтэц, гишүүд, дэмжигчдэдээ тул­гуурлаж, ажилласан. Тэгээд ч  асар их мөнгөний хүүдий болсон хоёр хүнийг гарцаагүй  ялсан.

Энэ ялалтыг манай намын­хан баталгаажуулна уу л гэхээс ямар нэгэн тохироо хийхгүй.

Яах вэ, ямар нэгэн байдлаар тохироо хийдэг, худалдаж авдаг зэрэг асуудал байж болох байх. Гэхдээ ир­гэдийн итгэл үнэмшил, сон­голтыг ямар ч  албан ту­шаалтан, эрх мэдэлтэн тохирч, мөнгөөр  худалдан авч болдоггүй, тийм эрх зүй, ёс суртахуун ч байхгүй. Тиймээс шударга үнэн дуусчихлаа гэж бодохгүй байна. Үнэний төлөө жаахан ч гэ­сэн гэрэл гэгээ байгаа байх.

-Таны төлөө саналаа өгсөн дэмжигчдийн уур амьсгал ямархуу байгаа бол?

-Мэдээж бухимдаж байгаа. Н.Төмөрхүү бид хоёрыг тан­гараг өргүүлэхгүй, үл­дээс­нээс хойш л нийслэлд очиж жагсана, өлсөнө гэдэг асуудлыг  ярьж, дамжуулж байгаа. Бид  асуудал ч ийм хэмжээнд хүрэхгүй байх гэдэгт итгэлтэй, хүлээцтэй байхыг хүсч тайвшируулж байсан.

Аргагүй шүү дээ. Иргэд энэ жил МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөр­хүү бид хоёрыг дэмжиж үнэм­лэхүй олонхын санал өгсөн. Миний хувьд нийт сонгогчдын 48 хувь буюу Г.Батхүүтэй харь­цуулахад 3500 гаруй саналаар, Н.Төмөрхүү л гэхэд залуу хүн гэлтгүй 43 хувь буюу мөн л 1500 хүнээр илүү санал авсан.

Ингэж иргэд үнэмлэхүй олноор санал өгчихөөд бай­хад насанд хүрээгүй хоёр хүүхэд сурталчилгаанд ажил­луулсан гэдэг шалт­гаанаар хүчингүй болгож байгаа нь үнэхээр шудрага бус явдал.

Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг Өвөрхангайчууд хан­галт­тай сонгосон. Тэд ир­гэдийнхээ дуу хоолой болж ажиллан, итгэлийг нь хүлээж байсан бол сон­гогчид нь сонгохгүй байх үндэсгүй л байлаа. Гэтэл сурталчилгаа эхлэхэд л иргэд “Бид энэ удаа шинэ залуусыг сонгоно” гэдэг уур амьс­галыг бүрдүүлчихсэн байсан. Гэтэл сонголтоо хий­сэн хүмүүс рүү шороо цацах, нулимах, саналыг нь хүчээр авах, мөнгөөр түрий барих асуу­дал байж боломгүй л юм.

Өвөрхангайчууд анх­наасаа шинэ сонголт хийнэ, сун­галт хийхгүй гэж байсан. Харам­салтай нь, нөгөө хоёр нь сунгалт байтугай то­милолтын гишүүд болох гээд байгаа.

-Тэгвэл удахгүй жагсаж, цуглаад эхлэх нь ээ?

-Бүх асуудлыг хүчээр шийдчихэж байгаа учраас иргэд надаар хэлүүлэлтгүй эрхээ хамгаалж босохоос аргагүй гэж байна. Тиймээс өвөрхангайчуудын төлөөлөл болсон тодорхой хэмжээний хүмүүс эрх бүхий албан тушаалт­нууд, хуулийг уландаа гишгэдэг шүүгчид, СЕХ-нд эрхээ хамгаалж, дуу хоолойгоо хүргэхээр ирнэ гэж байгаа юм билээ. Түүнийг би зохион байгуулах зүйл алга. Бас хэрэггүй ч гэх эрхгүй. Иргэд өөрсдийн саналаар зохион байгуулалтад орохоос аргагүй нь гэж байна лээ.

Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёр мөнгө, хөрөнгөтэй хүмүүст дээрэлхүүлж, дэв­сүүлэх нь өнгөрсөн хэрэг. Бид заавал УИХ-ын гишүүн болох гээд зүтгээд байх хэрэг алга. Амьдралын эцсийн, туйлын зорилго маань ч УИХ-ын гишүүн болох биш. Бол­сонгүй гээд амьдрал зогсох гээд байгаа юм биш шүү дээ.

Хамгийн гол нь намын хамт олон дэмжиж, тө­лөөл­лөө болгон илгээсэн. Сон­гогчид ч бидний төлөө саналаа өгсөн. Тиймээс бид хоёрын эрх ашиг гэхээсээ илүү нам, сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалахын тулд  чангахан дуугарч явахаас өөр арга алга.
Эх сурвалж: “Өглөөний Сонин


URL:

Сэтгэгдэл бичих