“Нийслэл өргөө” ХХК гэгчийн дээр зөвхөн дээд тэнгэр л байдаг хэрэг үү?
Ерөнхий боловсролын сургуулиудын талбайг дээрэмдэх асуудал буурахгүй байна. Гэтэл барилгын салбарын алдаа дутагдал яг энэ цаг үеийн хамгийн бугшсан асуудал болоод байгаа. Энэ асуудал таригчдын тэргүүн эгнээнд Б.Ганзориг захиралтай “Нийслэл өргөө” компани ордог. Энэ компани нийслэлийн баянзүрх дүүргийн 21- дүгээр сургуулийн хашаанд барилга угсралтын ажил эрхлэн явуулж байгаа юм. Нийслэлд удаа дараа гараад байгаа барилгын осол аваар, тэр дундаа Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн хашаанд баригдаж буй барилгын ослоос үүдэн тус сургуулийн багш сурагчид, тэдний эцэг эхчүүд айдас дүүрэн байдаг болсон гэнэ.
Тус 21-р сургуулийн захирал Л.Уранчимэг ч энэ асуудлаар холбогдох төрийн байгууллага болоод “Нийслэл өргөө” компанийхантай удаа дараа холбогдон маргаан үүсгэх гэсэн боловч авч хэлэлцдэггүй ажээ. Хууль шүүхийн байгууллагын “Нийслэл өргөө” ХХК-ий талд гаргасан шийдвэрүүд үүгээр зогсохгүй.
Өнгөрсөн 2011 оны 5 дугаар сарын 30-нд тус компаний 108 айлын орон сууц болох 12 давхар барилгын ажил хийж байсан Г хэмээх залуу 10 дугаар давхарт өрлөг хийж байх үедээ унаж амь насаа алдсан. Тэрхүү ослын шалтгаан нь барилгын тагтны хэсгийг хэт нимгэн хийснээс болсон гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байдаг. Тухайн үед барилгыг хүлээлгэж өгөх ёстой хугацаа тулсан учир нэг ёсондоо яаравчлан “халтуурдаад” өнгөрсөн бололтой юм. Харин одоо тэрхүү барилгын тагтуудыг доороос нь төмрөөд тулчихсан байдаг байна. Уг нь стандартын дагуу бол тагтыг цутгахдаа голд нь төмөр хийж цутгах ёстой байтал ямар нэг төмөр хийлгүй цутгасан, одоо тэрхүү хороололд айл өрхүүд орчихсон байгаа ажээ. Энэ хэрэг явлын дараа тус барилгыг гүйцэтгэж байсан “Нийслэл өргөө” ХХК, Өрлөгийг хариуцан ажиллаж байсан “Улзын тэнгэр” ХХК, Цутгалтын ажлыг хариуцсан “Гэгээн тэнгэр” ХХК хэмээх байгууллагууд ажил явдлынх нь үед ар гэрт нь тус бүр нэг сая төгрөг өгөөд өнгөрсөн байна. Мэдээж хөдөлмөр аюулгүйн ажиллагааны горим алдагдаж, чанаргүй цутгалтаас болж хүний амь нас эрсдээд байхад хууль шүүхийн байгууллагаар хандан хэлэлцсэн боловч тус компаниуд бурууг нь бие биерүүгээ түлхсээр асар урт хугацаа өнгөрч, “Нийслэл өргөө” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээлгүй мултарч байж.
Мөн тус компани нь нийслэлийн засаг даргын 2008 оны 181 тоот захирамжийг үндэслэн гаргасан 8022/0047 тоот газрыг эзэмших гэрээний дагуу хүлээсэн төлбөр төлөх үүргээ гүйцэтгэлгүй шүүхтэлцэж, шүүхийн шийдвэр газрын албаны талд гарсны дараа давж заалдах шатны шүүхэд хандан, шийдвэр Нийслэл өргөөгийн талд ашигтайгаар гарч байжээ.
Мөн одоо Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 эхийн амаржих газрын барилгын ажлыг Пума Констракшн компаниай хамтран барихаар тендерт шалгарсан байна. Улсын төсвөөс энэ ажилд 19 тэрбум /19 000 000 000/ төгрөгний төсөв баталжээ. Ийнхүү санхүүжилтийг бүрэн шийдчихээд байгаа атал энэхүү барилгын ажил 60 орчим хувьдаа хүрээд зогссон байна. Учир нь цахилгааны асуудал гарсан учраас Буянт-Ухаа спорт цогцолборын хажуугийн дэд станцаас түр цахилгаан татсан боловч цаашид цахилгаанаар хангах боломжгүй болсон гэсэн мэдэгдэл авчээ. Иймээс уг асуудлыг шийдвэрлэхийн тулд улсын төсвөөс дахин 5,5 тэрбум төгрөг гаргах шаардлагатай хэмээж байгаа юм байна. Гэтэл нэг дүгээр амаржих газрын барилгын ажилд 10,3 тэрбум, гурав дугаар амаржих газрын барилгын ажилд 10,5 тэрбум төгрөг төсөвлөн, ажил нь хэвийн үргэлжилж байгаа ажээ.
Харин одоо энэ байгууллагын барилга угсралт хийж байгаа газар нь дээр дурдсан Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн хашаа юм. Манай сурвалждагчид газар дээр нь очиход тус сургуулийн хашаанд үнэхээр хоёр ч барилга баригдаж байна. Тодруулах гэтэл сургуулийн захирал хараахан байсангүй. Ямартай ч ухсан нүх, хамгаалалт хангалтгүй гэж санагдам барилгын хажууд хүүхдүүд тоглож байгаа харагдав. Тэнд үнэхээр хүүхэд “эрүүл аюулгүй орчинд” сурч боловсорч чадахгүй байна. 660 хүүхдийн даацтай энэ сургууль 1400 гаруй сурагчидтай бөгөөд сургуулийн даацыг нэмэгдүүлэх зорилготой барилгын ажил төлөвлөгдөн батлагдсан боловч энэ барилгын ажлаас болж саатаад байгаа юм байна.
Нийслэл өргөө ХХК нь жилдээ 9.0 орчим тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж, нийт 39000 м2 талбай бүхий орон сууц, сургууль, цэцэрлэг ясли, үйчилгээний төв зэрэг барилга байгууламжуудыг бүрэн цогцолбороор ашиглалтанд оруулах, барилгын материал хийц эдлэлүүдийг иж бүрдүүлэн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд захирал Б.Ганзоригийнх нь мэдэлд “Нийслэл тоосго” ХХК, “Ханын материал” ХК тус тус байдаг байна. Тэгэхээр энэ компаний дээр зөвхөн тэнгэр л байдаг хэрэг үү?
21 дүгээр сургуулийн хашаа нэг иймэрхүү л байдалтай байна.
Нийтлэлч: Хатгуур
Үрдүн
URL: