МАН эсэргүүцлийн жагсаал хийнэ
СЕХ өчигдөр хуралдаж Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр болсон. Харин үүнийг МАН-ын гишүүд эсэргүүцэж хэвлэлийнхэнд хандсан юм. Мөн энэ хуралд сонгуулийн сурталчилгаанд ажилласан гэж хардагдаад буй Сэлэнгэ, Булганаа хоёр ирсэн юм.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин: Монгол улс ардчилалгүй болж. Цөөнхийг дарангуйлж байна. Олонх болсон улс төрийн хүчин өөрсөддөө хууль гаргадаг хэм хэмжээг тогтоолоо. Сонгогсдын эрхийг уландаа гишгэж байна. Хууль хүчний бүх бйагууллагыг хяналтадаа авлаа. Сонгогдчын эрх ашгийг зөрсөн маш тодорхой жишээ өчигдөр боллоо. СЕХ хурлаа гэнэт хуралдуулж АН-ын нэр дэвшигчдийг батламжиллаа. Д.Зоригт, Г.Батхүү нарын бус С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын тангарагыг өргүүлэх ёстой байсан. СЕХ тэр үед “Хан-Уул дүүргийн шүүхэд Батхүү, Зоригт нар маргаан үүсгэсэн болохоор түүнийг хүлээнэ” гэж хэлж байв. Шийдвэр гарч түүнийг давж заалдаад хүчингүй болгосон. Энэ шүүхийн эцсийн шийдвэр байлаа. Бидний зүгээс тангарагыг нь өргүүлэхгүй юу гэж хэлэхэд, “Дээд шүүхэд хандсан байна. Түүнийг хүлээнэ” гэж хэлсэн. Энэ хооронд Өвөрхангай аймгийн шүүхэд маргаан үүсгэж сум дундын шүүхээс насанд хүрээгүй хүүхдийн сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэж шийдвэр гаргасан. Гэтэл үүнийг СЕХ үндэс болгоод Зоригт, Батхүү нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлнэ гэж хэллээ. СЕХ-г хуралдаж байхад бид хүлээж байсан ч тэд нууц хаалгаар зугтаж УИХ-ын даргад бичгээ өргөн барьсан. Нууцаар өргөн барьсан.
Тэдний хардаад байгаа зүйл бол огт болоогүй, тэр хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ажиллаагүй.
Чинзориг Батхүүгээс 3554 саналын илүүтэй бол Чинзориг Зоригоос 6698 саналын илүү байгаа юм. Төмөрхүү Батхүүгээс 328 санал илүү бол Зоригоос 4472 саналын илүүгээр ялалт байгуулсан. Сонгогчид ингэж санал өгчихөөд байхад ялалт байгуулсныг бус ялагдсаныг нь хүчээр батламжлах гээд явж байна. Өчигдөр Өвөрхангайн иргэд манай нам руу ярьсан. “Яагаад ийм шийдвэр гарч байгаа юм бэ. Бидний сонголтыг яагаад хүндлэхгүй байгаа юм” гэж асууж байна.
Тэгэхээр энэ байдлаараа сонгууль явуулах хэрэггүй. Цагдаа шүүх нь шийддэг байх ёстой. Тиймээс бид эсэргүүцэж байна. Энэ байдлаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид ч хэлнэ. Сонгуульд ажилласан гэж хэлээд байгаа хоёр хүүхэд эрх зөрчигдлөө гээд шүүхэд хандсан. Мөн Өвөрхангай аймгийн сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийг ч шүүхэд өгсөн. Гэтэл үүнийг үндэслэл болгохгүй, хүлээж авахгүйгээр СЕХ хууль бус шийдвэр гаргалаа. Хамгийн сонирхолтой нь СЕХ тэнд хуралдаж байхад энд Батхүү, Зоригт нарын тангарагыг өргүүлэх ажлыг бэлтгэж байна. Энэ бол зохион байгуулалттай зүйл. Тиймээс шүүхээр асуудал бүрэн шийдэгдэх хүртэл тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулах ёстой гэдэг шаардлагыг тавьж байна. Цаашид үнэн мөнийг ойлгуулах ажлыг зохион байгуулж, сонгогч ард түмэн рүүгээ хандана” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: УИХ байгуулагдсанаас хойш олонхийн явуулж байгаа үйл ажиллагааг тэвчээртэй харж байгаа. Өчигдөр СЕХ-ны шийдвэр Ардчилсан Монгол Улс байхгүй болсон гэдгийг дэлхийд нотоллоо. Хараат бусаар байлгах зарчмыг манай нам олонх байхдаа баримталж ирсэн. Энэ бүхэн уламдаа гишгэгдлээ. УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон. Аль болох МАН буюу цөөнхийг оролцуулахгүй байх бодлого барьж ирсэн. Гэтэл бүх зүйлийг боомжилж байна. Бид энэ асуудлаар холбогдох байгууллагуудад хандана. Ардчилсан нийгмийн хамгийн гол зарчим нь хууль биелүүлэх. МАН бүлэгтэй бүлэггүй байх нь улс төрийн үйл ажиллагаагаа явуулж чадна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гишүүн байхдаа Баянгол дүүргээс сонгогдсон гишүүдийн асуудалд тайлбар хийж байсан. Ингэхдээ иргэдийн сонголтыг хүндлэх ёстой гэж хэлж байсан. Бид үүнийг нь сануулна” гэв.
Оюунтан Сэлэнгээгийн хувьд сонгуулийн сурталчилгаанд ажиллаагүй гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан юм.
МАН-ынхан харин энэ асуудлаас үүдэн маргааш жагсаал цуглаан зохион байгуулахаар болсон байна.
URL: