МҮЭХ-ноос мэдэгдэл гаргажээ

МҮЭХ-ноос УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороонд хандан мэдэгдэл гаргажээ. Энэ мэдэгдлийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын нийгмийн бодлогын байнгын хороонд

Улсын Их Хурал Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоог хийхдээ хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж эхэллээ. Энэ байдлыг МҮЭ-ийн холбоо эрс эсэргүүцэж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний талаар тодорхой заасан байдаг. Хуульд заасны дагуу Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлж “нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн гурван хүн” ажиллах ёстой. Гэтэл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаас Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд ҮЭ-ийн төлөөлөлд нэр дэвшүүлсэн хүмүүс нь Нийгмийн даатгалын тухай хуулийн дээрх зүйл заалтыг зөрчиж компанийн захирал, дийлэнх олонхийн эрх ашгийг төлөөлөх боломжгүй ҮЭ-ийн төлөөллийг нэр дэвшүүлсэн байна.

МҮЭ-ийн холбоо нь УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны энэ шийдвэр нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж асуудлыг хэт улс төржүүлсэн, нийгмийн даатгалын хөрөнгийг даатгуулагчдын хараа хяналтаас гадуур зарцуулах, хөрөнгийг эзэнгүйдүүлэх нөхцөл бүрдүүлэх, түүнчлэн нийгмийн даатгалын тогтолцооны бие даасан байдалд ноцтой үр дагавар учруулахуйц харалган шийдвэр болно гэж үзэж байна.

МҮЭ-ийн холбоо нь олон жил төсвийн алдагдлын нөхөөс болж, нийгмийн даатгалын зарим удирдах албан тушаалтнуудын хууль зөрчсөн шийдвэрийн золиос  болсоор ирсэн нийгмийн даатгалын хөрөнгийг нөхөн бүрдүүлэх, бие даасан байдлыг нь хангахын тулд нийгмийн даатгалын санг улсын төсвөөс салгах, тэтгэврийн даатгалын санд дутуу төлөгдсөн шимтгэлийг Засгийн газраар нөхөн төлүүлэх, сангийн үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулж өсгөх зэрэг олон санал, шаардлагыг гарган ажиллаж тодорхой амжилтуудад хүргэсэн.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд МҮЭ-ийн бүрэн төлөөллийг оруулахаас татгалзаж байгаа УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны энэхүү хууль зөрчсөн шийдвэр нь МҮЭ-ийн шударга шаардлагаас зайлсхийсэн үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.

Тус холбоо УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хууль бус энэхүү үйл ажиллагааны талаар нийт даатгуулагчдын дунд санал асуулга явуулах зэрэг даатгуулагчдын эрх ашгийг хамгаалсан тодорхой арга хэмжээ авч ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо энэхүү шийдвэрээ эргэн харж хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. МҮЭ-ИЙН ХОЛБОО” гэжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих