Цэцэрлэгт өгөх хангамжаас завшдаг нь илэрчээ
Цэцэрлэгт хүнс нийлүүлдэг нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд нь цэцэрлэгүүдийн хоолыг зах зээлийн үнээс илүү үнээр нийлүүлдэг талаар мэдээлэл иржээ. Энэ мэдээллийг гарсанаар шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран энэ асуудлыг шалгасан байна. Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалтын хариу ирсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ШӨХТГ-ын дарга О.Магнай нар мэдээлэл хийлээ.
Гэтэл энэ шалгалтанд хамрагдсан дөрвөн байгууллагын нэг буюу “Хүнс хангамж төв” нь гэрээг зөрчиж зах зээлийн үнээс хэт өндөр үнээр нийлүүлдэг байсан нь тогтоогджээ. Энэ нийслэлийн өмчид газар нь Сонгино хайрхан дүүргийг хариуцан ажилладаг байжээ. Зах зээл дээр 5600 төгрөгөөр борлуулагдаж байгаа махыг 7000 төгрөгөөр, 1500 төгрөгөөр борлуулагдаж байгаа будааг 2000 төгрөгөөр нийлүүлдэг нь шалгалтаар илэрсэн байна.
Тиймээс зөрчил илэрсэн “Хүнс хангамж төв”-ийг татан буулгахаар болжээ. Харин хүнсний хангамж нийлүүлдэг үлдсэн гурван газар буюу “Багачууд хүнс”, “Өсвөр үе хүнс”, “Асгат” гэх газруудын худалдааны журмыг өөрчлөх хэрэгтэй байгаа талаар мэдэгдлээ. Энэ талаараа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгад өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлж, шудрага өрсөлдөөнийг бий болгох хэмжээний бусадтайгаа өрсөлдөхүйц нийслэлийн өмчид газруудыг нэмэгдүүлэх саналыг тавьсан байна.
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн нэг хүүхдийн хоногийн хоолны мөнгийг 1100 төгрөгөөр тогтоосон байсаныг төсвийн тодотголоор 1600 төгрөг болсон. Энэ нь нэг хүүхдийн хоолыг бэлдэхэд нэлээд хүндрэлтэй байдаг талаар цэцэрлэгийн удирдлагаас хэлж байгаа. Цэцэрлэгийн насны хүүхэд нормоороо өдөрт 170грамм мах бүхий хоол идэх ёстой. Гэтэл өнөөдрийн төсөвлөсөн мөнгөөр ердөө 40 грамм махтай хоол бэлдэж өгдөг. Ингэхлээр хүүхэд 2-3 жил цэцэрлэгт явсанаар хоол тэжээлийн дутагдалд орж, жижгэрч намхан болж, тэжээлийн дутагдалд орно. Тиймээс ирэх онд хүүхдийн цэцэрлэгийн мөнгийг 2200-3000 төгрөг болгон нэмэгдүүлэх шаардалга тавин ажиллаж байгаа гэнэ.
Хүнс хангамжын нэг байгууллага нь жилд дунджаар 48 тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийдэг. Үүний арван хувиар зах зээлийн үнээс дээгүүр нийлүүлэхэд 4-5 тэрбум төгрөгийн ашиг гарч байгаа юм. Гэтэл энэ бол зөвхөн хотын дүүргүүдийн түвшинд илэрсэн зөрчил .Цаана нь хөдөө орон нутагт ч хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрны хоол хүнс хариуцсан байгууллагуудад ийм шалгалтыг хийхээр боллоо.
Э.Хулан
URL: