Тавантолгойн нүүрсний нийт хэмжээ хятадын хоёрхон жилийн хэрэглээ гэнэ

“Монгол Улс өнөөдөр эдийн засгаа нүүрсээр тэтгэнэ” хэмээж байгаа ч харамсалтай нь газрын баялагт сохроор найдаад суух нь утгагүй хэрэг. Учир нь олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ савлаж, түүнчлэн уг бүтээгдэхүүний хамгийн том зах зээл гэх хятад ах нарын халаас найдваргүй болж эхлэв.
Нөгөөтэйгүүр бид Хятадад 20, 30 сая тонн нүүрс экспортолж байна хэмээн цээжээ дэлдэцгээдэг. Харамсалтай нь өмнөд хөрш нүүрсний дөнгөж 0.3 хувийг л гаднаас авдаг гэнэ. Өнгөрсөн жил гэхэд манай улс тус улс руу 21.1 сая тонн нүүрс экспортолсон тухай мэдээ бий. Энэ тоо бол 2009 оноос бараг гурав дахин өссөн үзүүлэлт юм.
Тухайлбал 2009 онд гэхэд, нэг сая тонн байсан бол 2010 онд 16.7 сая тонн болсон. Ойролцоогоор 21 сая тонн хүртэл өссөн дээрх үзүүлэлтээр Монгол Улс, Австралийн өмнө орсон бахдам амжилтын эзэн болов. Учир нь Хятадад гангын үйлдвэрийн гол хэрэглээ болсон коксжих нүүр­сийг Австрали улс ганцаараа 10 гаруй сая тонныг нийлүүлдэг байж. Гэтэл илчлэг өндөр, дээрээс нь үнэ хямд нүүрсийг Монголоос авч болно гэдгийг их гүрнийхэн мэдэнгүүт анхаарлаа хойд хөрш рүүгээ хан­дуулах нь тэр.
Манайхан ч яахав нүүрсний хамгийн том нийлүүлэгч нь болчихсон юм чинь “Үнэд хүргэх хэрэгтэй” хэмээн хамраа сөхөөд эхэлчихсэн. “Хятадуудад газрын баял­гаа хамаагүй өгөхгүй” гэж зарим нэг нь пээдэлзэн байгаа. Бүр төрөөс Гашуунсухайтын боомтыг хаах талаар ярьж байна. Гэвч энэ бүх тэнэглэлийн эцсийн үр дүнд бид юу ч хожихгүй гэдгийг харъяа яам, Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд хэлж байна. Яагаад гэвэл дэд бүтэц хөгжөөгүй, дээрээс нь нүүрсээ гадаг­шаа гаргадаг ганцхан оронтойгоо аятай­хан харьцаатай байхгүй бол эдийн засгаа хөлдөөж мэдэх аюултай аж.

Монголын нүүрсийг хятад өндөр үнэлэхгүй

Дэлхийн нүүрсний нийт хэрэг­лээний тэн хагасыг БНХАУ дан­гаараа эзэлж байна. Тодруулбал, дэлхий даяар зургаан тэрбум тонн нүүрсийг хэрэглэдэг. Тус улсын хувьд дотоодын нүүрсний нийт хэрэглээ нь жилд 3.5 тэрбум тонн. Мөн ийм хэмжээний нүүрсийг олборлож, боловсруулдаг. Харин гаднаас дөнгөж 40 сая гаруй тонн нүүрсийг экспортолдог гэнэ. Дашрамд дурьдахад манай улсын Тавантолгойн 6.5 тэрбум тонн нүүрсний нийт хэмжээ Хятадын дөнгөж хоёрхон жилийн хэрэгцээ гэдэг нь дээрх тооноос харагдаж байна. Үнэндээ Хятадууд Монголоос авч буй 20-хон сая тонн нүүрсийг өрөвдсөндөө авдаг гэхэд бараг хилсдэхгүй. Бүхэл бүтэн тэрбум тонноор нь хэрэг­лэдэг улс дургүй нь хүрвэл Монголоос санаагаа буруулчихвал яана.
Нүүрсээр бид эдийн засгийн хэдэн хувиа бүр­дүүлдэг билээ гэдгийг бас санахад илүүдэхгүй биз ээ /төсвийн нийт 11 хувь/. Тэгтэл манай улсын нүүрсний жилийн хэрэглээ ердөө 10 сая тонн байдаг аж. Гэхдээ уг 10 сая тонн нүүрс бол чулуун нүүрснээс илчлэгийн хэмжээ хийгээд үнэ нь хэд дахин бага байдаг хүрэн нүүрс бөгөөд үүнийгээ эрчим хүч гаргаж авах зориулалтаар ашигладаг байна. Монголын компаниуд Хятадын аж үйлдвэрийн мужууд болох Хэбэй, Шианси, Таншан руу нүүрс гар­гана гэх яриа гараад байсан.
Мөн Баотоу, Ухай руу нүүрсээ зөөж зар­вал тээвэрлэлтийн зардал нэлээд хэмжээгээр нэмэгдэж, тухайн хэс­гийн уурхайн бүтээгдэхүүнтэй үнээрээ лав өрсөлдөж чадахгүй гэд­гийг эдийн засагчид онцолж буй. Түүнчлэн түүхий нүүрсний үнэл­гээг боловсруулсан нүүрсний тухайн бүсэд мөрдөж буй үнэлгээнд үндэслэн 35-40 хувиар хорогдуулж тооцдог болохоор Монголын нүүрс төдийлөн өндөр үнэлэгдэж чадахгүй юм байна.
Тэгвэл дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ хэрхэхийг ган үйлдвэрлэгч томоохон үйлдвэрүүдийн бодлогоос ихээхэн хамаа­рахыг шинжээчид хэлжээ. Ту­хайлбал, коксжих нүүрсний тонн тут­мын үнэ 200 ам.доллараас доош орвол “ВНР Billiton”, “Rio Tinto”, “Teck Resources”, “Alpha Natural” зэрэг дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч, хэрэглэгч компаниуд уг нүүрсний үнийг өргөж өгөхийн тулд олборлолт, үйлдвэрлэлээ бууруулах гэнэ.
Энэ тухай “CRT Capital Group’’-ийн шинжээч Куни Чен Хятадын томоохон сайтуудаар мэдээлжээ. Гэсэн хэдий ч Дэлхийн гангийн холбооны прогнозоор ган­гийн эрэлтийн өсөлт өнгөрсөн онд 5.6 хувь байсан бол энэ онд 3.6 хувь болж буурахаар байгаа учир коксжих нүүрсний олборлолтыг нэлээд их хэмжээгээр бууруулж байж үнийн уналтыг өргөж чадах бололтой. Хятадын гангийн хэрэглээ энэ жил 648 сая тонн байхаар төлөвтэй байгаа нь өнгөрсөн гуравдугаар сарын прогнозоос есөн сая тонноор буурсан үзүүлэлт аж.

Нүүрсний дотоодын зах зээлд төрийн оролцоо их байна

Манай улсад эрчим хүчний нүүрс буюу хүрэн нүүрсний үнэд төрийн оролцоо маш их байгааг бизнес эрхлэгчид  хэлдэг. Тодруулбал, Шивээ-Овоо, Багануурын нүүрсний уурхайг төр бараг бүхэлдээ эзэмшдэг аж. Харин Шивээ-Овоогийн цөөн хэдэн хувийг Америкийн тал эзэмшдэг гэнэ. Америкчуудын хувьд “Монголын төр дэндүү хариуцлагагүй ажилладаг” талаар байнга гомдоллодог.
Бага­нуурын нүүрсийг 19 мянга, Шивээ-Овоо­гийн нүүрсний нэг тонныг нь 20 мянган төгрөгөөр тогтоосон. Энэ мөнгөөр өнөөдөр ганц гутал ч авч өмсөж чадахгүй. Уурхайнуудын хувьд цахилгаан станцуудад дээрх хэмжээний мөнгөөр зараад бу-сад хувийн жижиг компаниудад тон­ныг нь 50 мянган төгрөгөөр худалдаалдаг. Гэтэл хот руу оруулж ирж иргэдэд жижиглэн хэлбэрээр зарахад үнийг нь тав дахин нугалж зарж байгааг мэргэжилтнүүд хэлсэн.
Эцсийн дүндээ төрийн оролцоо хэт их байгаагаас болж зах зээлийн жамаараа өсч, буурах үнэ байхгүй болсон гэнэ. Тиймээс зөвхөн нүүрсний ченжүүдэд ашиг нь тусч уур­хайнуудад өр шир, алдагдал нь хэвээр байгааг ч тэд хэлж байлаа. Энэ бүхэн адаг сүүлдээ нүүрсний цогц бодлогод өөрчлөлт оруулахыг  харуулж буй юм.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих