Гүн галуутайд хууль бусаар хайгуулын үйл ажиллагаа явуулж байна
Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн газар Гүн галуутайд хууль бусаар хайгуул хийж, өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж байгаа талаар нутгийн иргэд гомдол гаргажээ. Үүний дагуу холбогдох албаныхан хяналт шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоосон байна. Гүн галуутайг 2002 оны аравдугаар сарын 30-ны өдрийн аймгийн ИТХ-ын тогтоолоор хамгаалалтад авсан байдаг. Мөн 2007 онд сумын ИТХ-аар орон нутгийн нөөц газар болгон тогтоол үйлдсэн ажээ.
Гэтэл хайгуулын лицензтэй “Ти Энд Пи”, “ЗанартУул” гэдэг хоёр компани энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Ти Энд Пи” компанийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өнгөрсөн тавдугаар сард дуусчээ. Гэтэл өнгөрөгч есдүгээр сараас эхлэн дахин үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Шалгалтаар тус компани анх дөрвөн газар өрөмдлөг хийх зөвшөөрөл авсан ч хууль бусаар долоо болгосон нь илэрсэн аж. Нэмж гурван газар өрөмдлөг хийх зөвшөөрлийг хэн, хэзээ өгсөн нь одоогийн байдлаар тодорхой бус байна.Байгаль орчны тухай хуульд зааснаар бол хязгаарлалтын бүс нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулах хориотой байдаг.
Энэ хуулийн дагуу Баяндэлгэр сумын байгаль орчны улсын байцаагч Ц.Гүррагчаа хууль бусаар хайгуул хийж байсан “Ти Энд Пи” компанид үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавьсан байна. Харамсалтай нь уг компани түүний шаардлагыг биелүүлээгүй аж. Түүний шаардлагы билүүлэхгүй байх нь ч аргагүй юм. Өөрөөр хэлбэл, байцаагчийн акт үйлдэх маягт дууссан учраас тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэгээ хийж, гарын үсэг зуруулжээ. Акт үйлдэж, техник технологийг нь лацдаад байхад л үйл ажиллагаагаа зогсоодоггүй энэ салбарынхан тийм шаардлагыг биелүүлнэ гэхэд бэрх. Мөн эдгээр компанитай байцаагч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг одоо болтол батлаагүй байгаа аж. Тэрбээр “Батал гэж надад өгсөн. Одоо удахгүй батална” гэсэн байна.
Уг нь өнгөрсөн тавдугаар сард гарсан шинэ хуульд хайгуулын лицензтэй компанийг үйл ажиллагаа явуулахаас өмнө байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг заавал батлуулах ёстой. Хэрэв үүнийг батлуулаагүй тохиолдолд хайгуулын лицензийг цуцална гэсэн заалт бий. Ийм хуулийн заалт байхад хайгуулын үйл ажиллагаа нь дууссан хойно энэхүү төлөвлөгөөг батлуулах гэж байгаа нь ямар учиртай юм бол. “Ти Энд Пи” компанийн геологич П.Батхуяг хяналт шалгалтынханд хэлэхдээ орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тиймээс бид хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэсэн байна.
Харин сумын Засаг даргын орлогч Ц.Энхтүвшин үүнд орон нутаг хамаагүй. Тэгээд ч би 2009 оноос ажлаа хүлээж авсан учир асуудлыг сайн мэдэхгүй байна гэв. Мөн түүний хэлснээр нутаг дэвсгэрт нь хайгуулийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад Ашигт малтмалын ерөнхий газар 2007-2008 оны үед зөвшөөрөл олгосон аж. Тиймээс тэдэнтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан байна. Харин “Ти Энд Пи” компани гэрээнд заасны дагуу гурван сая төгрөг суманд өгсөн ч Ашиг сонирхлын хууль гарсан тул ямар нэгэн зүйлд ашиглаагүй.
Дансанд хийчихсэн байгаа хэмээн Засаг даргын орлогч шалгалтынханд хэлжээ. Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө батлуулаагүй байхад хамтран ажиллах гэрээ байгуулах учиргүй. Гэтэл энэхүү зөвшөөрлийг сумын Засаг дарга өгч, хамтран ажиллах гэрээ байгуулсан ажээ. Энэ мэтчилэн Хамтын ажиллагааны гэрээ нэрийдлээр хахууль авч гарын үсэг зурдаг батлагдаагүй хууль Монголд тогтоод буйг шалгалтынхан хэлж байна.
Энэ талаар Гүн галуутай нутгийн иргэдийн холбооны тэргүүн С.Ариунцэцэгээс тодруулсан юм.
-Хэзээнээс хязгаарлалтын бүс нутагт хууль бусаар хайгуулын үйл ажиллагаа эхэлсэн бэ?
-Би орон нутгийн тусгай хамгаалалттай газарт 2007 оноос эхлэн ажилласан.Гэтэл энэ оны наймдугаар сараас эхлэн “Занарт-Уул” ХХК хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Бид шаардлага тавьж, тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийг зөрчиж байгааг анхааруулсан. Харин тус компанийнхан Ашигт малтмалын ерөнхий газраас зөвшөөрөл авсан, мөн танай сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсан учир хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гээд байгаа. Гэтэл тэд гэрээг ажлын бус цагаар буюу амралтын өдөр байгуулж, барьцаа болох нэг сая төгрөгийг өгсөн байсан. Энэ талаар сумын Засаг даргаас асуухад, “Занарт-Уул” ХХК өөр газар хайгуул хийх ёстой байтал газраа андуурсан байна” гэсэн тайлбарыг бидэнд өгсөн. Тиймээс бид сумын иргэдтэй хамтран удаа дараа үйл ажиллагааг нь зогсоохоор шаардлага хүргүүлсэн ч үйл ажиллагаагаа зогсоогоогүй.
-“Ти Энд Пи” компанийн хувьд?
-“Ти Энд Пи” компанийн хувьд хайгуулын лицензийн эрх нь өнгөрсөн тавдугаар сарын 7-нд дууссан. Гэтэл тэд өнгөрсөн есдүгээр сараас дахин хайгуул хийж эхэлсэн. Ингэхдээ сумын Засаг даргатай уулзаж, хандив нэрийдлээр гурван сая төгрөг өгч, зөвшөөрлөө авсан юм билээ. Ер нь энэ бүс нутгийг орон нутгийн нөөц газар болгосон ИТХ-ын тогтоол нь хэвээр байхад Засаг дарга ийнхүү зөвшөөрөл олгосонд гайхаад байна. Уг нь энэ бүс нутагт хайгуулийн зөвшөөрөл олгох нь бүү хэл нутгийн малчид буу, нохойтой явах нь хориотой байдаг. Мөн мал сүргээ ч хамаагүй оруулдаггүй юм.
-Хайгуулынхаа үед энэ компани эртний хиргисүүр, бунхан ухсан гэж дуулдсан. Энэ тухай Танд мэдээлэл байна уу?
-Манай нутгийн хамгийн өндөр цэг болох Хөх овооны оройд хиргисүүр байсныг ухсан. Түүнээс доош хоёр ч хиргисүүрийг ухсан байсан.
-“Занарт-Уул” компанийн үйл ажиллагаа дууссан гэсэн. Газраа хүлээлгэж өгсөн үү?
-Засаг дарга хүлээж авах ёстой ч хүлээлгэж өгөөгүй. Хэрхэн яаж, хэзээ хүлээж авах нь бүрхэг байгаа. Одоогийн байдлаар мөн “Ти Энд Пи” компани ажлаа дуусчихаад газраа хүлээлгэж өгөхгүйгээр явж байна.
М.НАРАНБОЛД
URL: