Салаад явсан эхнэр нөхөр хоёр нийлэх үү, МАН, МАХН хоёр оо
УИХ-ын сонгуульд ялагдсан МАН бүр аргаа барж байна. Шинэ төр, Засгийн газар ажлаа эхлэх даруйд л сүүлийн 20 жилд халаагүй шахам төр барьсан энэ намын булхай, булай алхам тутам илэрч орох байх газаргүй болгож байна. Монголын хүн амын тал хувь оршин амьдардаг нийслэл хотыг ёстой л юу ч биш болгож орхисныг нь дараагийн хүмүүс засч залруулах гэж махаа идэж байна. М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарын гарын салаагаар олгосон газар тухай тухайн үедээ иргэдийг сандаргаж байсан бол өнөөдөр хотын шинэ удирдлагуудыг шаналгаж байгаа. Угаасаа дөрөвхөн уулын дунд газар багатай нийслэл хотыг дахиж жинхэнэ хот шиг болтол нь цэгцэлнэ гэдэг цулгай газар дээр дахиад шинэ хот байгуулахаас хэцүү.
Хамгийн гол нь Э.Бат-Үүл баатрын хийж, эхлүүлж байгаа ажил бүхнээс олон нийт “Үгүй энэ МАН чинь ямар юм хийчихсэн улс вэ” гэж гайхаж, эргэлзэж, асууж байна.
Үүний зэрэгцээ УИХ-ын сонгуулиас хойш МАН-ын бас нэг том булхай илэрсэн нь энэ нам чухам үнэндээ Монгол Улсыг хуульгүй гүрэн болгочихож. Хуульгүй гэдэг нь хууль баталдаггүйдээ биш харин энэ намын эрх мэдэлтэн албан тушаалтнуудад Монгол Улсын хууль үйлчилдэггүй, өөрсдөө ч энэ хуулийг хэрэгжүүлдэггүй байсан нь бас л алхам тутам ил болж байна.
Хамгийн тод жишээ бол УИХ-д бүлэг байгуулах тухайгаа хуулийн хугацаанд саналаа хүргүүлээгүй байж одоо шинэ дарга Ө.Энхтүвшин нь “Ард түмний сонголтоор, Үндсэн хуулийн дагуу МАН бүлэгтэй болсон. УИХ-ын даргад 24 цагийн дотор санал өгнө гэдэг бол нэг муу махан өгүүлбэр” гээд гүйж байгаа. Уг нь энэ бол хэдийгээр ард түмэн сонгосон ч гэсэн нэр дэвшигч бол УИХ-ын гишүүний тангаргаа өргөж байж УИХ-ын гишүүн болдог гэдэгтэй агаар нэгэн адил ойлголт. Тэгэхээр ийм тов тодорхой зүйлийг үл ойшоож байгаа энэ намын удирдлагууд Монгол Улсын хуулийг “нэг муу махан өгүүлбэр” гээд л хэрэгжүүлэлгүй зөрчөөд явж ирж.
Үүний зэрэгцээ өнгөрсөн жилүүдэд МАН сонгууль бүрийг луйвардаж, архи эд зүйл тарааж, санал тоолох ажлыг өөрсдийн гар хөл болсон хүмүүсээр будлиантуулан хууль зөрчин ялж байсан нь энэ сонгуулиар илрэв. Автомат машин гэдэг үүнийг яах ч аргагүй илчилж орхих нь тэр. Тийм ч болохоор тэд орон нутгийн сонгуульд автомат машин ашиглахыг улайран эсэргүүцээд бараагүй. Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт болсон явдал ч үүний нэг гэрч. Чухамдаа 2008 оны сонгуулиар эд зүйл мөнгө тараасан хэл ам хэчнээн гарч байсан ч МАН эрх барьж байсан болохоор ёстой л “гар хугаравч ханцуй дотроо” гээд өнгөрөөдөг байж. Ер нь өнгөрсөн 20 жилд болсон сонгуульд МАН яаж ялж байсан юм бэ гэдэг нь харагдаж байгаа нь энэ.
Тэмээн дээр яманы гарз гэдэг шиг ингэж булай булхай бүхэн нь дэлгэгдэж ядаж байхад МАХН нэрээ МАН болгож сольсны гайгаар гишүүд нь Н.Энхбаярын МАХН руу бөөн бөөнөөрөө нүүж бас нэг зовлон нэмээд байгаа.
Энэ бүхнээс үүдээд МАН-ынхан одоо “МАН, МАХН хоёр нэгдэнэ”, “Угаасаа нэг нам” гэсэн бор шувуу нисгэх болж. Бүр намын дарга Ө.Энхтүвшин нь гэнэт л Н.Энхбаярт хайртай болж шоронд эргэж тойрч очив. МАН-ынхан хүнийг шоронд илгээдгээс биш хэзээ эргэж тойрч байсан бэ. Гаалийн гэдэг Х.Баатарыг ашиглаж ашиглаж хандив тусламж авч авчихаад шоронд илгээгээд л мартаа биз дээ. Ийм жишээ өчнөөнийг дурдаж болно.
Тэгэхээр газар дор ортол нь муулж байсан Н.Энхбаяртаа МАН яагаад ийм хайртай болж орхив гэдгийг ойлгож ядах зүйлгүй. Угаас унаад байгаа нэр хүнд, салаад явж байгаа их урсгалыг зогсоох ганц арга нь олонхиор хүч түрэх л байгаа. Тэр нь нэр хүнд нь өсөөд, гишүүдийнх нь тоо нэмэгдээд байгаа МАХН-тай эвсч, АН-ыг УИХ-д цөөнх болгож Засгийн газрыг унагаад өөрсдөө сандал дээр гарч суух. Ерөөсөө МАН-ын ганц чаддаг зүйл нь өөрсдөө л албан тушаалтай болж байвал Монголын төрөөр яаж ч тоглож болно, Засгийн газрыг хэд ч унагаж, хөнтөрч болно гэж үздэг. Ингэж ч ажиллаж байсан хар түүх бий.
МАН-ын хэдхээн тооны хүн л байгаа л даа, ерөөсөө албан тушаалгүй бол, төрийн мөнгө завшиж амьдралаа өөд татахгүй бол амьдарч чадахаа больсон хүн. Тэдний хувьд Төрийн ямар нэгэн дээд тушаал л олж авахгүй бол бараг л амьд явах нь утгагүй болчихоод бүр аргаа барж байгаа. Зарим нэг нь бол ийм байдлаар удах юм бол булай булхай нь дэлгэгдээд аавынх руу явчих гээд сэтгэлийн шаналгаа ч болж байгаа нь бий. Энэ бүхнээ засч залруулж, бушуухан нэг сандал дээр тухалж авахын тулд л салаад явсан эхнэрээ аргадаж, хөлд нь суух гээд байгаа нь энэ.
Харин улс төрийн давцанаа хурдтайгаар гарч ирж байгаа МАХН гэдэг хүчин МАН-ын, албан тушаалд дуртай хэдэн хүний энэ урхинд орох уу. Эвслээ хүртэл “Шударга ёс” гээд нэрлэчихсэн энэ нам өнөө л шударга бус бүхнийг хийж, энэ улс орон, энэ нийгмийг ийм болтол нь сорон мөлжсөн “Шударга бус” МАН-тай эргээд нийлнэ гэхэд эргэлзээтэй.
МАН угаасаа хуулиас гадуур, бүхнийг мөнгөөр хэмжиж, авлигаар бүхнийг аргалдаг юм гээд хэдэн дарга нартай нь хэлцэж, тохирч шийдэх гээд үзэхэд “Энэ МАН гэдэг чинь даанч дээ. Эртхэн эднээс холдъё” гээд явж байгаа мянга мянгаа байг гэхэд зуу зуун гишүүд нь хүлээн зөвшөөрөх үү дээ.
МАН-ын хувьд бол “Та нарыг эргүүлээд ахиухан мөнгө идэж болох албан тушаалд тавьж өгнө өө” гэвэл чөтгөртэй ч нийлэхэд бэлэн байгаа л даа, хөөрхий. Саддам Хусейн, Усама бен Ладен нар амьд байсан бол тэдэнтэй ч нийлэхээсээ сийхгүй улс, энэ МАН-ынхан.
Х.Өлзийбаяр
URL: