Газар байна, та нар минь наашаа ир л дээ
Нэг цагт бие бие рүүгээ буу онилж, сум исгэрүүлж байсан ч цагийн хувьслаар анд бололцож түншлэлцсэн ард түмэн. 1990-ээд онд социализмын бэлэн хоолноос салаад идэх хоол ч үгүй, гэрэл цахилгаан ч үгүй сууж байхад минь алгаа тэнийлгэж тусалсансан. Цахилгаан станцынхаа сэлбэг хэрэгслийг тэндээс л зөөж, иргэддээ үйлчлэх автобусаа ч тэндээс авчирч, ер л хэрэгтэй бүхнээ нүүр улайхгүй гуйсаар ирсэн. Өнөөдөр ч гуйж л байгаа.
Энэ хугацаанд япончууд бидэнд 3.5 тэрбум ам.долларын зээл тусламж өгсөн юм билээ.
За яахав бид эрхбиш хөрөнгө бэлээр ягдчихаагүй байгаа болохоор сая л нэг удаа нэг сая ам.долларыг нь “буцааж өгөх” шив дээ.
Өөр бид юугаар гийгүүлсэн билээ. Ард түмэнд туслаад өгсөн хэдэн ам.долларыг нь дарга нар дундаас нь мэр сэр хумсалсан л байх.
Уг нь зайлуул даа, бүүр тэртээ 1900-аад оны эхнээс л тэдний сонирхоод байсан зүйл чинь газар нутаг шүү дээ. “Пан монголизм” гэдэг чинь япон түншүүдийн минь л оролцоотой эхэлж байсан эд. Зүүн хойд хятадад Манжуурыг эзлээд авчихсан байхдаа ч бас л манай нутагт санархаж байсан. Бүр бүгдийг нь биш юм аа гэхэд “Халхын голын цаад нутгийг авчихвал….” гэж бодож л байсан байх.
Үгүй ингэхэд бид чинь ийм л сайн түнш юм бол япончуудад энэ их газар нутгааса хагас заримыг нь өгчихвөл яасан юм бэ. Бүр ч биш л дээ, түрээсээр. Яагаав нөгөө Гонконг, Макао шиг.
Бид өнөөдөр хэдүүлээ билээ, хэдий газар нутагтай билээ, хэдий хувийг нь эзэмшиж, хэрэглэж байгаа билээ.
Өнөөдөр аль ч аймаг суманд хамаг айл нь төвөө бараадаж нүүгээд зах хязгаар нутаг нь эзэнгүй эль хуль болсон байгаа. Сумын төв нь ч хамаг хүн малдаа дарагдаад халцгай, тэгээд наад зах нь 50-100 км явж байж л сая нэг юм хилийн заставын бараа харна.
Үнэхээр хэсэгхээн газраа япончуудад түрээслүүлчихвэл 100 жилийн дара хүүхдүүдэд минь мөн ч сайхан хот үлдэнэ дээ.
Бид 20 жил яриад гайгүй нэг тосгон байтугай, чөлөөт бүс гээд нэг юм байгуулчихаж чадахгүй уруу царайлаад сууж байгаа биз дээ.
Нөгөө талд нь япончуудад газар түрээслэх сонирхол байна аа. Сая газар хөдлөхөд тэнд амьдарч байсан монголчуудыг авчирсан онгоцоор хэдэн япон хүрээд ирж ээ. Тэд “гамшиг тохиохоор аюулгүй газар луу хүрээд ирлээ” гэцгээж байна. Нөгөө талаасаа төр засгийн нь хувьд ч гэсэн төв Азид ийм сайхан түшиц газартай байх нь баруун европтой харилцах, худалдаа хийхэд хэчнээн хэрэгтэйв. Тэгээд ч дэлхийн дулаарлаас болоод мөсөн тивүүд хайлж японы арал жилд 3-6 см-ээр сууж байгаа тухай ярьж бичиж байна. Жилд хэдэн удаа газар хөдөлж, галт уул тургиж байгаа билээ.
Газар түрээсэлчихвэл мэдээж тэд хамгийн эхлээд л японоос баруун европ руу гарах гарц болгож хосгүй сайхан олон улсын нисэх буудал барина. Тэгээд түүнийг нь дагаад хот босно.
Энэ бүхнийг дагаад тэр өндөр хөгжил, соёл нь ороод ирнэ. Энэ бол өнөөдөр долоо хоногт манай онгоц хоёр удаа нисээд нэг 150 хүн ирж очоод байхтай зүйрлэхгүй том гүүр болно гэсэн үг.
Яахав гэрээ хэлцлээ л сайн хийнэ биз. Хожмын өдөр үр хүүхдүүд минь нэг сайхан хот хүлээгээд л авна биз. Ямар манай удирдлагууд биш япончууд зальдаж луйвардаад газар нутгийг минь аваад явчихгүй биз.
1990-ээд онд юмсан. Өмч хувьчлал болоод өнгөрсний дараа. Говийн нэгэн аймгийн төвд дотуур байрны зориулалттай хуучин цагийн хоёр давхар чулуун барилга байж билээ. Уг нь төрийн мэдлийнх л дээ. Тэгсэн атлаа төр түүнийгээ ашиглаж чадалгүй, бүүр балгас болгочихсон. Гайгүй хөрөнгө бэлтэй, бизнес ухаантай нэг нөхөр тэр дарга нар дээр очоод “Үүнийгээ надад түрээслүүлчих, болбол бүр өгчих” гээд гуйх. Өгдөггүй ээ. Харамлаад л байна. Гэсэн атлаа өнөөхөө засаад ч авдаггүй, сүүлдээ бүр эзэнгүй болоод хаалга цонхгүй бүр балгас болсон. Модон барилга байсан бол хэдийнээ хүн буулгаад зөөчих байсан л даа. Эзээгүй чулуун барилга тулдаа л торх нь үлдсэн. Тэгээд хүүхэд нохойн жорлон болсон хойно нь нэг хүнд хувьчилж өгсөн. Одоо тэр нь гайгүй сайхан худалдаа үйлчилгээний төв болсон л байгаа даа.
Манайхны араншин ийм л юм. Өөрөө эдэлж хэрэглэж чадахгүй байж өрөөл бусдаас харамлахыг нь яана. Манай өнөөдрийн хий хоосон эх оронч зан яг л нэг иймэрхүү юм уу даа.
Тэртэй тэргүй даяаршиж, улс гүрэн, ард түмэн ойлголцож байгаа энэ хорвоод хэн хэнээ залилаад эзэлж түрэмгийлээд юм уу, эсвэл газар нутгий нь ухаад аваад явчих ямар гүрэн байна аа.
Ер нь тэгээд эх оронч гэдэг чинь хэнийг хэлдэг юм бол. Эх орныхоо газар нутгийг ухаан зарж, үлдэх хойч үе, үр хүүхэддээ ашигтайгаар зөв ашиглаж чадахыг л хэлдэг болов уу.
Чухамдаа агуу Ч.Лодойдамба “Тунгалаг тамир” романдаа “Мань ах ч биднийгээ бодож байгаа нэрийн дор адуугаа хайрлаж байгаа л даа” гэдэг шиг би ч гэсэн хөөрхий түнш япончуудаа бодож байгаа юм шиг атлаа бидний хийж босгож чадахгүй байгаа нэг сайхан хот хожмын өдөр босог, тэрийгээ дагаад хөгжил ирэг гэсэндээ л тэрлэж суугаа минь энэ.
“Газар байна, та минь наашаа ир л дээ” гээд зоригтой дуугарчих зориг зүрх алга уу, та минь ээ.
Эх сурвалж тв5
URL: