”Молиго” Мобикомоос мөнгөө бас итгэлээ НЭХЭМЖИЛЬЕ
Иргэн Г.Хажидаа “Мобиком” корпорацийг шүүхэд өгөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 30 мянган төгрөгийн лимит тогтоосон атал сарын төлбөр нь 60 мянга бус 600 мянган төгрөг гарсанд гайхширч, дэлгэрэнгүйг харах гээд очтол нь барьж хорьсонд тэр бухимдалтай байгаа. Тиймээ үнэндээ ч монополдож, молигоддог Мобиком үүрэн телефоны үндэсний оператор биш, харин үүрэндээ саатуулдаг “хорих газар” болон хувирчээ. Ер нь Мобикомын идээ бээрэндээ сагахдаа үзэгчдэдээ, үйлчлүүлэгчидээ ч хүндлэлгүй, нууцаар азтанаа тодруулж, улмаар өдгөө үйлчлүүлэгчээ цагдан хорьдог болсон нь тэдний энэ үйлдэлээс харагдсаар байна.
Олгой хагаравч тогоондоо гэдэг. Харин Мобикомын олгой хэдий тогоондоо хагарсан ч дэндүү их байсан тул ийнхүү сагаж эхэллээ. Уг нь энэ хэргийн дараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тус корпорацийг 10 сая төгрөгөөр торгосон. Сураг сонсохнээ тэднийх торгуулийн мөнгөө одоо хүртэл төлөөгүйгээр барахгүй, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олж авах ажлаас ч хойш суусаар байна. О.Магнай ажлаа авсаныхаа дараа ирэх 11 дүгээр сарын нэгнээс эхлээд үүрэн телефоны операторууд төлбөрөө секунтээр нь тооцох талаар мэдэгдсэн. Тухайн үед О.Магнай энэ талаар бүх үүрэн телефоны операторуудтай уулзсан. Болно гэсэн хариулт өгсөн хэмээн мэдэгдэж байсан.
Гэвч долоо хоногийн дараа Мобикомоос эхлээд бүх компаниуд энэ үйлчилгээг нэвтрүүлэх боломжгүй гэсэн мэдээлэл цацсан. Уг нь О.магнай дарга Мобиком-ынхонд ашигтай санал гаргаж тавьсан. Энэ үйлчилгээг хамгийн түрүүнд нэвтрүүлээд хэрэглэгчидээ баярлуулаад, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай найзлаад явсан бол хэрэглэгчид эргээд итгэлээ өгөх байлаа. Монопол дээрээ бүр ч томрох боломжтой байсан. Гэвч тэд мунхаг санаа гаргаж, хэрэглэгчидээ алдсаар.
Өнөөдөр гэхэд л твиттер, facebook-т өндөр төлбөр гардаг Мобиком-ынхоо дугаарыг зарах хүсэлтэй хүмүүс хэдэн зуугаараа байна. Ийнхүү Мобикомоос болж хохирч байгаа иргэдийн гомдол тасрахгүй, зарим нь шүүхдэлцэж эхэллээ. Ний нуугүй хэлэхэд тус корпорацийг шүүхэд өгсөн Хажидааг ялаасай гэсэн хүн цөөнгүй байгаа. Түүнтэй хүчт хавсрах хэрэглэгчид мянга мянгаараа тоологдоно гэдэгт итгэлтэй байна.
Нөгөөтэйгүүр Мобиком бусад компаниудаасаа санаа сэдэл аваасай. Сүүлийн үед Мобиком корпорацийн нэр хүнд унахын хэрээр маркетинг нь явж өгөхгүй байх шиг. “Юнител” группыхэн дугаараар хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцсон ажлыг дэмжиж бүх хэрэглэгчиддээ тодорхой цагуудад үнэгүй ярих эрх өгч байна. Төлбөрөө дийлдэггүй, дээр нь замын хөдөлгөөнд гацаж ядан ажлаа амжуулах гэж яаран сандран яваа хүмүүст энэ бол маш том “бэлэг”. Үнэгүй ярих 3-4 цагийн хооронд хэдэн ч ажлыг амжуулчихна.
Гэтэл Монопол гэгддэг Мобиком корпорацийнхан дүлий хүн шиг дүмбийчихээд, яахаа мэдэхгүй л сууж байна. Тиймээс “Мобиком” корпорациас лимитээс хэтрүүлсэн мөнгөө бас итгэлээ нэхэмжилмээр байна. Зөвхөн зориг зүрх гаргаж, иргэн Хажидаа л шүүхдэж байгаа болохоос биш яг энэ хүн шиг хохирсон олон зуун мянган хүн байгаа гэдэг нь бидний бичсэн нийтлэлийн сэтгэгдэлүүдээс харж болохоор байна. Хэрвээ илүү төлсөн мөнгө болгон манай улс оронд хэрэглэгддэг бол хэрэглэгчид юм хэлэхгүй. Гагцхүү хөгжилдөө хахаж цацан байгаа Япон улс руу, тэднийг толгойлогч хэдхэн хүний халаасанд орж байгаа нь шударга явдал гэж үү. Дээрээс нь Мобиком гэсэн итгэлээ бас тэднээс нэхмээр байна. Итгэлийг мөнгөөр хэмжээлэшгүй. Гэхдээ учирсан хохирлоо бодитоор төлүүлж, дахин тэднийг сонгохгүй байх нь үйлчлүүлэгчдэд өлзий биз.
URL: