Мөрдөн байцаах албаны дарга Э.АМАРБАТ: Т.БИЛЭГТ ОРГОН ЗАЙЛСНААС БОЛЖ БУСАД ХАМСААТНУУД НЬ ЯЛ ЗАВШИЖ БОЛЗОШГҮЙ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.АМАРБАТТАЙ ярилцлаа.

 

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн хамсаатнуудад холбогдох хэрэг ямар шатандаа явна вэ. Тэдний зарим нь оргон зайлж, зарим нь албан тушаалаараа түрий барин мөрдөн байцаалтад дуудаад ч ирэхгүй байгаа гэх юм. Энэ ортой юү?

-Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргээс за¬рим хүнд холбогдох хэргийг тусгаар¬ласан байгаа. УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, БСШУ-ны сайд асан Н.Болормаа нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ч тэдний зарим нь байхгүй байгаа нь үнэн. Үүнтэй холбоотойгоор  хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удаа¬ширч байгаа. Одоогоор Т.Билэгт гэж хүн Монголд ирээгүй байгаа. Хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Т.Билэгт гуайг дуудаж уулзаж, байцаалт авах зайлшгүй шаардлага бол байгаа. Тиймээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаа зогсонги байдалд ороод байна.

 

-Т.Билэгтийг санаатайгаар оргон зугтсан гэдэг. Энэ үнэн үү. Түүнийг олон улсын Интерполын байгууллагаар эрэн сурвалжлуулахаар хандсан гэсэн. Ахиц гарч байна уу?

-Авлигатай тэмцэх газар олон улсын Интерполтой хамтарч ажилладаг. Гэхдээ энэ нь мэдээж харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу явдаг. Харин харилцан гэрээгүй улсад энэ асуудлыг тавьж, эрэн сурвалжлуулах боломжгүй юм. Тиймээс манайд Т.Билэгтийг албадан авч¬рах эрхзүйн орчин одоогоор алга. Энэ ч утгаараа хугацаа алдаад байгаа тал бий. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

 

-АТГ-аас өнөөдрийн байдлаар ямар албан тушаалтнуудыг шалгаж байгаа вэ. Тухайлбал, Ашигт малтмалын газ¬рын дарга асан Д.Батхуяг, Газрын тосны даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа ямар ша¬тандаа яваа вэ?

-Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуягийг Уул уурхайн ашиглалтын тусгай лицензыг хууль бусаар бусдад олгосон гэдэг үндэслэлээр шалгаж байгаа. Энэ хэрэгт тус газрын Гео¬логи, уул уурхай, кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтыг мөн холбогдуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Шаардлагатай гэж үз¬вэл өөр хүмүүсийг нэмж шалгахыг үгүйсгэхгүй. Мөн Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайханд холбогдох хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгох саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байна. Одоогоор хэргийг хэрэгсэхгүй болгосон шалтгааныг хэлэхэд эрт байна. Манайх зохих шалгалт хийгээд прокурорын байгууллагад шил¬жүүлчихсэн байгаа. Д.Амарсайханыг 19 хүүхдийн гадаадад сурах тэтгэлгийг зохих журмыг зөрчиж олгосон. Газрын тос экспортлогчдоос Газрын тосны газарт төлсөн мөнгийг Төрийн санд шилжүүлэхдээ хувь хүртсэн гэсэн мэдээлэл манай газарт ирсэн юм. Өөрөөр хэлбэл, ам.доллараар ирсэн мөн¬гийг монгол төгрөгт шилжүүлж, ханшийн зөрүүг нь завшсан асуудлыг шалгасан.

 

-Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг ямар хэргээр шалгаж байгаа юм бэ. Түүнд холбогдох хэргийг шалгах ажлын хэсгийг гаргасан гэсэн?

-Татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаяр болон өөр бусад хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч, мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Түүнийг албан татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэс¬лэлээр шалгаж байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа ид явж байгаа учраас үүнээс илүү тодорхой зүйл ярих боломжгүй байна.

 

-ШӨХТГ-ын дарга Л.Магнай ажлаа аваад удаагүй байхдаа өмнөх дарга, түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүсийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Эдгээр хүмүүс нефть импортлогчдод ногдуулсан 17 тэрбумын торгуулийг хүчингүй болгосныхоо төлөө авлига авсан гэж хардагдаад байгаа нь үнэний ортой юү?

-Шударга өрсөлдөөн, хэ¬рэг¬лэгчийн төлөө газрын дарга О.Магнай манай газарт хандсан байна лээ. Энэ бол үндсэндээ гэмт хэргийн шинжтэй мэдээлэл гэсэн үг. Тэгэхээр ийм мэдээллийг бид 19 хоногт багтаан шалгах хуулийн хугацаатай. Энэ хуулийн хугацаа ирэх долоо хоногт дуусна. Энэ хугацаанд бид шалгах, эрүүгийн хэрэг үүсгэх үү, татгал¬зах уу, эсвэл өөр газарт шилжүүлэх үү гэдгээ шийднэ. Хэрвээ эрүүгийн хэрэг үүсгэх юм бол мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна гэсэн үг. Тэгж байж ШӨХТГ-ын хуучин удирдлага болоод ажилтнууд нь хууль зөрчсөн үү, авлига авсан эсэхийг тогтоох боломжтой болох юм.

 

-Намуудын нэг нэгнээсээ өшөө хонзон авах хэрэгсэл нь АТГ боллоо. Тэд зөвхөн нэг намын аймгийн Засаг дарга нарыг шалгаж, баривчилж эхэлсэн. Зарим нэгийг нь сонгуулийн өмнө барьж хориод тэгснээ сонгууль өнгөрөхөөр хэрэг хийгээгүй юм байна гээд гаргадаг. Ийм байдал нүднээ илт байна л даа. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваад холбогдох хэргийг манайх шалгаж байгаа. Бусад хэргийг АТГ-аас шилжүүлж, заримыг нь шүүхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт холбогдох хэргийг шалгаад про¬курорт шилжүүлсэн. Одоо прокурорын хяналтад байгаа. Авлигатай тэмцэх газар аль нэг нам эвсэлд ажиллаа¬гүй, ажиллаж байгаагүй, цаашид ажиллах ч үгүй. МАН-ын харьяалалтай Засаг дарга нарыг АТГ-ынхан хоморголон шалгаад Ардчилсан намын Засаг дарга нарыг шалгахгүй байгаа нь улс төрийн шалтгаантай гэсэн яриа гарсан. МАН-ын гишүүдтэй холбоотой асуудлыг шалгуулахаар тухайн аймгийнх нь иргэд болон аймгийнх нь сөрөг хүчин болох АН-ынхан АТГ-т хандсан. Тэгэхээр бид шалгаж, нягтлахаас өөр арга байхгүй. Тэгээд ч АН-аас угшилтай Засаг дарга нарын талаар иргэд, сөрөг хүчин болох МАН-ынхан  манайд шалгуулахаар хандсан бол бид мөн шалгах л байсан. АТГ иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагаас манайд ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн дагуу шалгах үүрэгтэй. Энэ үүргээ л хэрэгжүүлж байсан. Тиймээс бус үүнийг аль нэг намын өшөө хонзонг авах гэсэн хэрэг гэж ер ойлгож болохгүй юм. Яахав зарим хүнийг саатуулан шалгасан ч мөрдөн байцаалтын явцад хэрэг нь нотлогдоогүй. Тэгээд ч сулласан. Тэр нь цаг хугацааны хувьд сонгуулийн өмнө, хойно болж таарсан учраас л тийм яриа гарсан гэж ойлгож байгаа.

 

-Танай газрыг акулуудыг барьж, хорьж шалгадаг. Харин жараахайнуудыг үл тоодог гэдэг. Ингэж шүүмжилж байгааг хэрхэн хүлээж авдаг вэ. Үнэн чанартаа төрийн үйлчилгээний байгууллагад авлига их байдгийг толгойтой бүхэн мэддэг. Яагаад тэднийг шалгаж болдоггүй юм бэ?

-Хүмүүс албан тушаалтны эрх мэдлээр нь ангилаад том, жижиг хэрэг гээд асуугаад байх юм. Ингэж үнэлэх үнэлэмж  нь өөрөө юу юм бэ. Ямрыг том, ямрыг нь жижиг хэрэг гээд байгааг би хувьдаа ер ойлгохгүй байгаа. Тухайлбал, зам дээр зогсч байгаа цагдаа, гаалийн хяналтын талбай дээр байгаа улсын байцаагч хүнээс мөнгө авчихвал жижиг авлига болох уу. Энэ бол жижиг хэрэг биш шүү дээ. Энэ бол том авлига. Авлигатай тэмцэх газар ямар ч хэргийг ялгалгүй шалгадаг. Иргэдийн акул, жараахай гэж ягаад ангилдгийг мэдэхгүй юм. Төрийн албаныхны дунд авлига их байгааг судалгаагаар гаргасан байгаа. Энэ дагуу манай газраас шалгалт оруулж, зарим нэг байгууллагыг шалгаж эхлээд байна. Иргэд ч энэ талын мэдээллийг манайд өгөөрэй гэж хэлмээр байна. Харин буцах хаягтай, өөрийн нэртэйгээ өгвөл сайн байна. Ийм тохиолдолд бид шууд шалгаад эхэлнэ гэсэн үг. Тэгэхгүй, хэн нэгний нэргүй мэдээллээр бусдын эрхэнд шууд халдах боломжгүй  болчихож байгаа юм.

SHUDARGA


URL:

Сэтгэгдэл бичих