Газрын тосыг нь соруулснаас болж Дорнодын тал суулт өгч эхэллээ

 400 цооногийн дөрөвт нь л гомдол гаргасан

Дорнод аймгийн Матад суманд олборлолт явуулж буй «Петрочайна дачин Тамсаг» ХХК байгаль орчинг сүйтгэснийхээ төлөө 1.3 тэрбум төгрөг төлөх болсон. Гэвч компанийн талаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр байгаа юм. Уг нь 1.3 тэрбумын хохирол гэдэг нь зөвхөн зам салаалсан, зам сүйтгэсэн болон газрын тос олборлож байсан дөрөвхөн цооногт хохирол тооцсон үнэлгээ аж. Гэтэл «Петрочайнадачин Тамсаг» ХХК-ийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь олон хүний эгдүүг хүргэж байна.

«Петрочайна дачин Тамсаг» ХХК Тамсагийн ордод өнөөдөр 400-500 цооногтой. Гэтэл зөвхөн нутгийн иргэд дөрөвт нь л гомдол гаргасан аж. Тэгэхээр үлдсэн 400 цооногт нөхөн төлбөр тооцуулах гомдол гаргавал асар их мөнгөн дүн гарах нь ойлгомжтой гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргасан ТББ-ынхан болон нутгийн иргэд хэлж байсан юм. Тиймээс «Петрочайна дачин Тамсаг» ХХК 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөх гэж луу унжиж буй энэ асуудалтай холбогдуулан манай сурвалжлах хэсэг Дорнод аймгийг зорьсон юм.

«Петрочайна дачин Тамсаг» ХХК Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. «Петрочайна дачин Тамсаг» ХХК-ийн толгой компани нь БНХАУ-даа тэргүүлдэг газрын тосны «CNPC» корпораци. Энэ копораци газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт болон газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг аж. «CNPC» корпорацийн хувьд Казахстан, Индонез, Иран, Малайз зэрэг Азийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр оронд газрын тосны хайгуул, олборлолтын 23 цэгтэй гэсэн албан бус мэдээлэл бий.
Харин Монгол Улсад орж ирэх алхмаа тэртээ 1990-ээд оны дундуур тавьсан гэдэг. Тухайн үед АНУ-ын «СОКО Интернэшнл» ХХК-ийн Кеймэний аралд бүртгэлтэй «СОКО Тамсаг Монгол (XIX)» ХХК-ийн хувьцааг худалдаж авснаар Дорнод аймгийн нутаг, Тамсагийн орд газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Үүний тулд «CNPC» корпораци «СОКО Тамсаг Монгол» ХХК-ийн 94.4 хувийг 93 сая ам.доллараар худалдан авсан байна.

875.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулж, 12 тэрбум 871 сая ам.долларын ашиг олсон гэсэн үг
«Петрочайна дачин Тамсаг» ХХК манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Тамсагийн орд газар дахь Тосон уулын XIX талбайд нийт 532 цооног өрөмдөн 875.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэнэ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар 7.08 сая баррель /945.765 мянган тонн/ түүхий тос олборлож, 6.91 сая баррель буюу /923.056 мянган тонн/ газрын тос БНХАУ руу зөөсөн байна.

Газрын тосны зах зээл дээр өчигдрийн байдлаар нэг баррель нефтийн үнэ 91.6 ам.доллар болж буурчээ. Тэгвэл нэг баррель нефтийг дунджаар 92 ам.доллар гэж тооцвол өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар «Петрочайна дачин Тамсаг» ХХК Тосон уулын XIX талбайгаас 651.38 сая ам.долларын газрын тос олборлож, 635.72 сая ам.долларын газрын тосыг өмнөд хөрш рүү зөөжээ. Ингэхээр тус компани 875.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 12 тэрбум 871 сая ам.долларын ашиг олсон гэсэн үг. Мэдээж энэ цэвэр ашиг биш. Гэхдээ л хөрөнгө оруулалтаа бараг гурав дахин нугалах хэмжээний ашиг олсон болж таарах гээд байгаа юм.
Газрын тосны төлөө гадаад ертөнц яаж дайтаж, алалцаж байгааг монголчууд бишгүй харлаа. Харамсалтай нь хүний нутгийн хөгжлийг хий дэмий л гайхахаас биш Дорнодын талд булаастай байсан тэр их эрдэнэсийг яаж сорж, яаж зөөж байгааг тэр бүр анзаарахгүй юм.

Дорнод аймгаас Матад сум руу явах зам эл хуль. Чойбалсан хотоос урагшаа шороон замаар 170 км давхиулаад Матад суманд хүрнэ. Матад сумын барааг харах үед л эрс тэс ертөнцөнд ирчихсэн юм шиг мэдрэмж төрж билээ. Хэдхэн байшин, тал тал тийшээ тарсан гэр хороолол. Энэ суманд сургуулиас нь өөр хоёр давхар байшин тэнд алга аа. Халаас нь нимгэрээд ирэхээр жилдээ ганц нэг удаа «Петрочайна дачин Тамсаг» ХХК-ийг эргэдэг сайд, дарга нарыг эс тооцвол Дорнодын тал эл хуль байдаг гэдгийг нутгийн иргэд хэлж байсан. Ерөөсөө хаягдмал ертөнц шиг аж амьдрал тэнд л байдаг юм билээ.

Зах хязгаар нутгийн сум бүр иймэрхүү байдаг л даа. Гэхдээ бид Матад сумыг дэлхийн зах зээл дээр мөнгөөр бороо оруулдаг газрын тосыг хэвлийдээ тээж буй эх булаг гэдэг талаас нь харах ёстой. Угтаа бол өнгөрсөн 10-аад жилд Дорнод аймаг, тэр дундаа Матад сум Улаанбаатараас ч илүү хөгжих боломжтой байлаа. Яагаад гэвэл Матад сум дэлхийн зах зээлд үнээ хэзээ ч алддаггүй газрын үнэт баялгийн эх булаг шүү дээ.

Газрын тос Арабын ертөнцөд ач тусаа өгсөн байдлыг Монголтой зүйрлэх юм бол Матад суманд газрын тосны том том үйлдвэртэй, тэнд нь ажиллах гэж ойролцоо аймгаас хүмүүс шавдаг, цаанаас нь хятадууд ажил олгооч гэж гуйдаг ийм л байх ёстой байв. Онгоцны буудал бол энүүхэнд. Матад сумынхан гэхээр л Монголын баячууд байдаг ч юм уу. Иймэрхүү хөгжилтэй байдлаар төсөөлөөд байвал дуусахгүй. Гэтэл одоо хэн ядуу байна Матад сум л ядуу байна. Онгоцны буудалтай байх ёстой Матад сумын иргэдийн ихэнх нь онгоцонд сууж үзээгүй л явна. Засгийн газар газрын тосны экспортыг ном журмаар нь хөгжүүлсэн бол Матад сум хот шиг биш юм аа гэхэд аймгийн төвийн дайтай хөгжих л байж.

Харамсалтай нь тэнд аж үйлдвэрийн ч суурь алга. Матад суманд очиж үзсэн хүмүүс «Элэнцгийн чинь аж үйлдвэр» гэх байх л даа. Арга ч үгүй биз. Үйлдвэр байтугай ороод хоол идчих цайны газар, зочид буудал ч байдаггүй юм билээ. Тэр хаягдмал ертөнцөд том үйлчилгээний төв бариад яах ч юм. Тийм зүйл барих хэмжээний хөрөнгөтэй хүн ч алга.

XXI зуунд гэрэл, цахилгаангүй цөөхөн сум байгаагийн нэг нь энэ газрын тосны эх булаг болсон Дорнод аймгийн Матад сум юм шүү дээ. Гайхмаар байгаа биз. Матад сум өнгөрсөн оны арванхоёрдугаар сард арай гэж цахилгаантай болсон гэсэн. Энэ гэрэл цахилгааныг «Петрочайна дачин Тамсаг» ч шийдээд өгчихсөн юм биш. Хөгжих гэж ядаж буй улс орны өндөр хүчдэлийн шугам урсгалаараа явсаар захын сумдадаа хүрч байгаа нь тэр. Энд бас шатахуун хамгийн үнэтэй. Улаанбаатар хотод шатахуун 1800-тай байхад тэнд 1900 төгрөгөөр зарагдаж байна лээ. Хамгийн сонирхолтой нь Матад сум гар аргаар эргүүлдэг ганцхан шатахуун түгээх станцтай гээд бод. Аль 1990-ээд оны үед суганы булчирхайгаа цочтол эргүүлдэг байсан хуучны орос шатахуун шахагч шүү дээ.

Энэ нөөц нь дэлхийн 97 орноос 39-д жагсдаг
Матад сумын шатахуун түгээх станцаас 100 хүрэхгүй км-ийн цаана 119.2 сая тоннын газрын тосны нөөц бий. Энэ нөөц нь дэлхийн 97 орноос 39-д жагсдаг гээд бод л доо. Тэр их нөөцөө монголчууд БНХАУ-д «бэлэглэчихсэн» учраас тэр нь наашаа биш цаашаа хил даван урссаар. Юутай эмгэнэл вэ. Гэхдээ «Петрочайна дачин Тамсаг» ХХК-ийн тайланд тусгаснаар бол өнгөрсөн хугацаанд 119.2 сая тонн нөөцөөс 1.8 сая тонныг нь олборлож, хил давуулан зөөжээ. Тэгэхээр үлдсэн 118 сая тонн газрын тосыг зөв менежментээр олборлож чадвал бас ч гэж цаг хугацаа, нөөц, боломж Монгол Улсад байгаа бололтой.

Матад сумаас цаашаа 85 км яваад «Петрочайна дачин Тамсаг» ХХК-д хүрнэ. Манай сурважлах хэсэг сумын төвөөс орой гарсан болохоор «Петрочайна дачин Тамсаг» ХХК-ийн кэмпэд шөнө хүрсэн юм. Шөнө 50 орчим км-ийн цаанаас хот шиг нүсэр гэрэл, цахилгаан гялалзах юм билээ. Ийм их гэрэл цахилгаан болсон газар юм чинь «Петрочайна дачин Тамсаг» ХХК-ийнхан тэндээ сумын төвийн дайтай суурин босгочихсон байлгүй дээ гэсэн бодол тээсээр очлоо. Гэтэл бас үгүй юм аа.

Эдний туслан гүйцэтгэгчид нь тус тусдаа бригад болчихдог аж. Хоорондоо 10- аад км-ийн зайтай. Хятадууд нь контейнерт халуун хүйтэн устай өрөөнд тухалж байхад Монгол ажилчид нь навсгар бор гэртэй, хятад бригадын үүдэнд харуул, манаахан хийсэн шиг л байдаг юм билээ. Цалин мэдээж эрс тэс ялгаатай. Хар ажил хийдэг монголчууд нь 300 мянга орчим төгрөгөөр цалинжиж байхад хятадуудынх нэг сая. Ийм эрс тэс байдал хаа газрын жишиг болчихсон доо.

Нэг зүйл онцолж хэлэхэд тэнд очсон даруйдаа бид лав л монгол үсгээр бичсэн хаяг олж харсангүй. «Гадны хүн орж болохгүй» гээд хаалган дээрээ балын харандаагаар бичсэн монгол ажилчдын байрнаас өөр газарт нэг ч «Монгол» гээд хэлчих бичиг, үсэг үзэгдсэнгүй. Хятадын хил давчихсан юм уу гэлтэй санагдсан.

Тэнд дизель түлшээр харин ч нэг тоглож байна аа. Нөгөө дутагдалд ороод байсан дизель түлшээр хятадууд гараа угаах аж. Тэр суурин дотор давхилдаж байгаа. жолооч нар дотор машинаа унтраагаад гэртээ ордог хүн гэж алга. Өглөөний цай, үдийн хоолондоо орохдоо жижиг тэрэгнүүдээ асаалттай чигээр нь орхичихож байна

Үргэлжлэл бий…

Б.Даваахүү

Газрын тосыг нь соруулснаас болж Дорнодын тал суулт өгч эхэллээ

…Үргэлжлэл

«Петрочайна дачин Тамсаг» ХХК Дорнодын талыг тэр чигт нь тамгалчихсан, гэхдээ их муухайгаар. Одоогийн байдлаар Матад сумаас хил орчмын зайд газрын тосны судлыг дагуулж 400-500 ширхэг морин толгой зоочихсон байна лээ. Нэг захаас нь нөгөө зах хүрэхийн тулд 100 гаруй км газар явах шаардлагатай хэмээн нутгийн иргэд ярьж байв. Албан бус мэдээллээр «Петрочайна дачин Тамсаг» ХХК Дорнодын тал нутагт 25 мянган га газар эзэмшдэг аж. Энэ бол Бельги улсын газар нутагтай тэнцэх хэмжээний талбай. 25 мянган га газар эзэмшчихээд түүнийгээ чинээнд нь тултал хөгжүүлж байгаа бол өөр нүдээр харах байлаа. Гэвч газар доорх тосыг сорж аваад л хоосон хаях нь ойлгомжтой.

Хамгийн гол нь, асар олон цооног суурилуулж, газар доорх тосыг соруулж байгаа учраас Тамсагийн тал доошоо суулт өгсөн тухай хачирхалтай мэдээлэл сонсогдсон юм. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар заримдаа газар хөдөлж байгаа юм шиг гэнэт доргидог гэсэн. Энэ нь Дорнодын тал газар сорогдсон тосныхоо хоосон зай руу суулт өгч байгаагийн нэг хэлбэр аж.

«Петрочайна дачин Тамсаг» ХХК-ийн энэ үйлдэл геополитикийн хувьд Дорнодын тал нутагт асар том өөрчлөлт оруулж байна. Бүс нутгийн газрын тогтоц, байгаль экологийг тэр чигт нь өөрчилчхөөд байгаль орчин сүйтгээгүй, хор хохирол учруулаагүй гэж гүрийх хэрэггүй. Тиймээс үүнийг дахин судлах хэрэгтэй болж байгаа юм. Магадгүй Тамсагийн орд газарт өөрчлөлт оруулсан нь тогтоогдвол хэдэн зуун сая ам.доллар нэхэмжилсэн ч багадна. Үнэндээ энэ асуудал мөнгөөр хэмжигдэх зүйл даанч биш.

Манай сурвалжлах хэсэг эдний кэмпээр шөнөжин «тэнэсэн» юм. Өдөр нь нааш, цааш явах гэхээр харуул, манаа нь шалгаад явуулахгүй. Тэгээд ч 24 цагийн амьдралтай энэ кэмпэд шөнө л но-той асуудал нь гарч ирдэг бололтой.

Яг түүхий газрын тос зөөдөг цэг нь ажилчдын бригадуудаас нэлээд хол. Бараг 20 орчим км явж байж хүрнэ. Тэндээ орчин үеийн технологи, нүсэр техник хэрэгсэл зоосон ч үүнийгээ зөвхөн газрын тос зөөхөд л зориулж босгосон. Нөөц дууслаа л бол буцаагаад зөөхөд бэлэн. Нөгөө ашигт малтмал олборлогчид тухайн орон нутагт нь үр өгөөжөө өгөх үйлдвэр, бүтээн байгуулалт хийнэ гэх мэт асуудал сураг ч алга.

Энэ газрын тосны ачилтын цэг дээр нь 30-40 тоннын даацтай том, том машинууд хэдэн зуугаараа дугаарлаж зогсоно. Энд 10-аад машин зэрэгцүүлэн зогоож байгаад тосоо шахаж байна лээ. Өдөр шөнөгүй, 24 цагийн турш газрын тос зөөдөг боловч цаг үргэлж ийнхүү дугаарлаж байдаг гэсэн. Ямар ч байсан нэг өдөрт 40-50 машин газрын тос ачаад хил давдаг аж.

Олборлолтын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа учраас нэмж 30 машинаар зөөхөөр болжээ. Тэгэх^эр мөдхөн 70 гаруй машинаар газрын тос зөөнө гэсэн үг. Нэг машин нь 30-40 тоннын даацтай гэхээр өдөрт дунджаар 2800 тонн түүхий газрын тос БНХАУ-ын хил даван урсаж байна. Орой гарсан машинууд шөнөжин давхиж хил давчхаад өглөө нь дахиад эргэдэг. Ерөөсөө л 24 цагийн турш зогсолтгүй ачилт хийдэг гэсэн.

Ингээд бид ачилтын байгууламжаас хөдөлж, хог хаягдлын цэгийг зорьсон юм. Хатуу, шингэн хог хаягдлын цэг нь тусдаа. Бас л 20-30 км явж байж хүрнэ. Шингэн хог хаягдлаа технологи, горимын дагуу булдаг гэж хэлэхэд хэцүү. Энэ цэг нь хааш, хаашаа киллометр газрыг хамардаг. Ийм нэлээд хэдэн цэг байгаа гэсэн. Үүн дотроо хэсэгчилж нүх ухаад пилонк буюу зориулалтын хар гялгар цаас дэвсчээ. Уг нь энэ цаас шингэн хог хаягдлыг газрын хөрсөнд нэвчүүлэхгүй байх зорилготой. Гэвч эдний хар цааснууд урагдаж, сэмрээд газрын хөрсийг хамгаалж чадахааргүй болсон байна лээ. Шингэн хаягдал ачиж ирсэн машин нь тэр цэг рүү асгасан болоод л хөдөлнө. Нөгөө шингэн хаягдал нь мэлтэлзээд үлддэг аж. Угтаа бол үүнийг саарамагжуулж шороогоор булах ёстой юм байна.

Хатуу хог хаягдлынхаа асуудлыг яаж шийддэг нь анхаарал татсан. Биднийг очиход хогноос бүтсэн уул шиг юм босчихсон байв. Тэндээс элдэв хог тал руу хийснэ. Энэ бол байгаль орчныг бохирдуулж байгаа бас нэг хэлбэр.

Хог хаягдлын цэгээс гадна морин толгойг зөөхөд маш том хар нүх үлддэг юм билээ. Уртаараа 30 орчим метр, өргөн нь 10 орчим метр талбайг эгц доош нь 30-40 метр гүн өрөмддөг бололтой. Гэхдээ өрөмдлөгийн гүний хэмжээ газрын тосныхоо судлыг дагаад янз бүр байдаг аж. Морин толгойг зөөсний дараа ийм гүн хар нүх л үлддэг юм билээ. Тос, ус холилдсон энэ хар нүх рүү хүн унах юм бол гарч ирэх талаар бодох ч хэрэггүй. Мал, зээр зэрэг амьтан энд унаж үхэх нь хэвийн үзэгдэл.

Харин компанийн нөхөн сэргээгчид морин толгойг зөөсний дараа тосон дээр нь шууд шороогоор дарчихдаг аж. Гэр хорооллын айлууд жорлонгийнхоо нүхийг бөглөж байгаа юм шиг шороо асгаад булчихдаг гэсэн. Газрын тос хөрсөнд шингэж, агаарт уусч алга болдоггүй онцлогтой тул шороогоор булсан ч бамбалзаж байдаг юм билээ. Намаг дээр явж байгаа юм шиг л…

Хамгийн гол нь энэ хэсэгт дахиж хэзээ ч өвс ногоо ургахгүй, овоолсон шороо чигээрээ үлдэнэ. Яагаад гэвэл энэ компанийнхан зориулалтын дагуу нөхөн сэргээлт хийгээгүй шүү дээ. Хог хаягдлын цэг болон морин толгойн үлдээсэн нүхийг үзээд «Петрочайна дачин Тамсаг» ХХК-ийн олборлолт дууссаны дараа монголчууд бид овоолоостой хог, намаг шиг бамбалзаж, энд тэнд нь цоолж, өрөмдүүлсөн хагархай газар сахиад хоцрох юм байна даа гэж бодогдсон. Өөрөөр хэлбэл, идээ батганаас болж яр шархандаа баригдсан хүний нүүр шиг тал дээр л үлдэх бололтой.

Тос зөөдөг хүнд даацын машинуудын хувьд газрын хөрсийг харин ч нэг эргүүлж байна лээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сард «Петрочайна дачин Тамсаг» ХХК-ийн ачилтын талбайгаас Бичигтийн боомт хүртэлх замын асуудал нэлээд хүчтэй яригдсан. Компанийн зүгээс боомт хүртэлх 110 км замыг сайжруулсан шороон зам болгож тээвэрлэлт хийнэ гэж гэрээ байгуулсан боловч замаа тавиагүйгээс байгаль орчныг ноцтой сүйтгэсэн. Зориулалтын замаар тээвэр хийгээгүйн улмаас 20 гаруй салаа зам үүсч, зарим хэсэгтээ 60 см хүртэл гүн ховил гарсан байв.

Иймээс авто тээврийн газрын байцаагч нар «Петрочайна дачин Тамсаг» ХХК-ийн тээвэрлэлтийг долоо хоног зогсоож шуугиан тарьж билээ. Энэ бол авто тээврийн байцаагч нарын сүүлийн хэдэн жил хийгээгүй томоохон акт байсан юм. Харамсалтай нь «Петрочайна дачин Тамсаг» ХХК-ийн тээвэрлэлтийг долоохон хоног зогсооход улс орон, сайд дарга нар яаж үймж, шуугиж барьц алдсан билээ дээ. МХЕГ-ын дарга асан Р.Содхүүгийн хувьд бүр цагаандаа гарч, акт тавьсан байцаагч нарын эрхийг цуцалж, «нохойтсон» юмдаг. Тэгэхээр энэ компанийн ард ямаршуу том улстөрийн нөлөө, хүчин зүйл байдаг нь илэрхий байгаа биз.

Авто тээврийн газрын байцаагч нар акт тавихаас ч аргагүй байсан юм билээ. Бид акт тавьснаас хойш яг нэг жилийн дараа очиход замууд нь салаалчихсан, гүн ховил үүссэн бахь байдгаараа л байсан. Дорнодын тал нутаг угаасаа эмзэг хөрстэйг ч хэлэх үү. Эрүүл газраар 30-40 тоннын даацтай машин ганц явахад л шаварт шигдчихсэн юм шиг гүн ховил үүсчихдэг байна.

Уг нь хэл ам болж байж сайжруулсан шороон замаа тавьсан юм билээ. Гэхдээ хятад жолооч нарт манай хууль үйлчлэх биш. Тоос манаргаад л замын хажуугийн эрүүл хөрсөн дээгүүр давхиж байсан. Өмнөговийн нүүрсний замыг бид гайхдаг. Дорнодын талд бас л нэг иймэрхүү тоос шороо манарч байдаг юм билээ. Өдөр бүр, цаг үргэлж хил давуулан зөөсөн ч барагддагүй, үнэхээр арвин баялаг ашигт малтмалын нөөцтэй ард түмэн юм аа, бид. Даанч энэ их баялгийг улс орондоо, ард түмэндээ хүргэж чаддаггүй нь дэндүү харамсалтай. Дэлхий нийтийн арааны шүлс асгаруулсан их баялаг ямар ч үнэ цэнэгүй хил даван урссаар л байна.

Зарим түүхчийн ярьснаар бол 1939 оны Халх голын дайн угтаа бол газрын тосны энэ их баялгаас болж үүссэн гэх нь бий. Хэдийгээр япончууд газар нутагт санаархсан ч яагаад заавал Дорнодын талаас эхэлж хил давсан гэж бодож байна. Монгол, Хятадын хилийг дамнан газар доогуур урсаж байдаг газрын тосны эх булаг нь Халх гол орчмын сав газарт байсан болоод тэр аж. Иймээс япончууд Монгол Улсын хилд халдахаасаа өмнө ашигт малтмалын орд бүхий газруудад нэлээд судалгаа хийсэн гэдэг. Эцэст нь хоёр улсын хил дамнасан тогтоц бүхий газрын тосны эх булаг руу дайрсан гэж түүхчид үздэг байна.

Нээрээ ч бодоод үзэхээр япончуудын халдлага цаанаа ийм учиртай байсан юм шиг санагдсан. Япончуудын онилсон энэ газарт ямар их баялаг хөглөрч байна вэ. Хилийн даана ч, наана ч газрын тос оргилсоор байгаа. Харамсалтай нь энэ бүхнийг ганцхан «Петр дачин Тамсаг» ХХК буюу Хятадын тал бүрэн эзэмшиж байна.

Үргэлжлэл бий..
Б.Даваахүү

 

 


URL:

Нэр: За болиод өгдөө сэтгүүлчээ Огноо: 28 September 2015

Суулт өгдөг бол Араб гээч улс газар дор орохгүй юу гаа хийж байгаа юм бэ

Нэр: Anonymous Огноо: 30 September 2015

dalaigaas olborlosoor baigaad ih guyehen bolj baigaa gesen kk

Нэр: Anonymous Огноо: 28 September 2016

Даан ч харанхуй юмаа. Сэтгуулч хун заавал ийм харанхуй тэнэг байх естой юм уу

Сэтгэгдэл бичих