IX/11-НИЙ ХАЛДЛАГЫН СЭЖИГТНҮҮДИЙГ ШҮҮХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
Олон жил завсарласны эцэст Кубын Гуантанамо дахь АНУ-ын цэргийн баазад 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын хэрэгт сэжиглэгдэж байгаа Халид Шейх Мохаммед болон түүний дөрвөн хамсаатны хэргийг хянан хэлэлцэх ажиллагаа эхэллээ.
Энэ оны тавдугаар сард болсон цэргийн тусгай комиссын хуралдааны үеэр сэжигтнүүдийг террорист ажиллагаа явуулсан, онгоц булаасан, хуйвалдсан, хүний амь хөнөөсөн, хууль зөрчсөн хэрэгт буруутгажээ. Тухайн үед 13 цагийн турш үргэлжилсэн хэргийг нь хянан хэлэлцэх ажиллагаанд сэжигтнүүд оролцохоос татгалзсан бөгөөд амандаа залбирал уншиж шүүх ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, араб хэл дээрх орчуулгыг сонсоогүй байна.
Харин өнгөрсөн даваа гарагт болсон ажиллагааны үеэр хэрэгтнүүд шүүх ажиллагааг даргалан явуулсан АНУ-ын Хуурай замын цэргийн хурандаа Жеймс Полыг анхааралтай сонсч, түүний асуултад хариулж байжээ. Шүүгдэгчдэд өөрийн үзэмжээр хувцаслахыг зөвшөөрсөн байна. Эрүүний сахлаа улбар шар өнгөөр будсан байсан Мохаммед хар өнгийн хантааз, толгойн алчууртай байжээ.
Энэ хэргийн гол сэжигтэн нь Халид Шейх Мохаммед юм. Тэрбээр буруугаа хүлээгээд зогсохгүй есдүгээр сарын 11-ний халдлагын хариуцлагыг шууд хүлээсэн юм. Террорист “Аль-Каида” байгууллагын гол гишүүдийн нэгд тооцогддог Мохаммедыг 2003 онд Америкийн тусгай албаныхан Пакистаны тусгайгийнхантай хамтран явуулсан ажиллагааны үеэр Пакистанд баривчилжээ.
Түүнээс гадна халдлагыг үйлдэгчид мөнгө дамжуулсан болон уг хэргийг зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа түүний үеэл дүү Али Абдул Азиз Али, халдлагыг зохион байгуулах ажиллагаанд оролцсон Валид бен Атташ, “Аль-Каида”-гийн толгойлогч нартай холбоотой байсан бөгөөд халдлагыг үйлдэхэд оролцсон Рамзи бен аш-Шибх, мөн санхүүгийн асуудлыг зохицуулагч Мустафа Ахмед аль-Хаусауи нарын хэргийг хянан хэлэлцэж байгаа юм.
Харин шүүх ажиллагаа жилийн дараа эхэлж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Цэргийн прокурор сэжигтнүүдэд цаазаар авах ял оноохыг шаардах болно. Хянан хэлэцэх ажиллагааг есдүгээр сарын 11-ний халдлагад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн ажиглаж болох юм. Тэдэнд зориулж шууд нэвтрүүлгийг АНУ-ын цэргийн баазаас хийж байгаа ажээ.
Д.Жаргал
URL: