Цөмийн хаягдал булах ажлыг санаачилсан “хэргийн эзэн” энэ Засгийн Газрын “толгойд” байгаа юу?
Норовын Алтанхуягийн толгойлсон Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан 2013 оны төсвийн төсөлд уран олборлох үйлдвэр, цөмийн эрчим хүчний эх үүсвэр барих, станцын технологийг сонгох зэрэг асуудал хэрэгжүүлэхээр тусгасан билээ.
Ингэснээр бараг жил гаруйн өмнөөс хардлага, сэрдлэгийн шинжтэй явсан зүйлийг шинэчлэлийн гэх Засгийн Газар албан ёсоор ажил болгохоо зарласан нь энэ юм.
Үүнтэй холбогдуулан өчигдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Я.Содбаатар, Ж.Эрдэнэбат нар хэвлэлийн бага хурал хийлгэн, уг төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
” Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд энэ асуудлын талаар Ерөнхий сайдаас асуусан. Гэтэл Н.Алтанхуяг “Манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ураныг шар нунтгаар нь олборлоно гэж орсон” гэдгээс өөр тодорхой зүйл яриагүй. Тэгэхээр нь би таны 50 тэрбум төгрөг чинь энэ рүү орох гээд байгаа юм биш үү. Ард түмэндээ хэлж чадахгүй нууцаар мөнгө авч үлдэх гээд байгаа чинь уран олборлоход зарцуулагдах гээд байгаа юм биш биз. Цөмийн хаягдал булшлах, уран олборлох, атомын цахилгаан станц барих асуудлаар сүүлийн хоёр жилд олон нийтийн дунд хүчтэй хэлэлцүүлэг өрнөсөн. Энэ бүхнийг судалж үзсэн үү” гэхэд ч тодорхой хариулт өгч чадаагүй л дээ.
Ер нь цөмийн хаягдал булшлах асуудлаар сүүлийн хоёр жил Монголчуудын дунд хардлага их явсан. Анх Японы “Майничи” сонинд бичсэнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус гэрээг хэн хийв гэдгийг хайж эхэлсэн. Харин эзэн нь одоо олдох шиг боллоо. Шуугиан дэгдэх үеийн өмнөх Засгийн газарт шадар сайд байсан Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсны дараах Засгийн Газрын УИХ-д өргөн барьсан төсвийн тухай хуульд олборлох орд газар, нэр устайгаа тодорхой орж ирж байна. Тэгэхээр Монголд цөмийн хаягдал булшлах талаар хаанаас ярьсан, хэн очиж гэрээ хэлцэл хийсэн гэдэг нь одоо , нэлээн тодорхой болж байгаа болов уу? Жинхэнэ эзэн нь одоо гарч ирж байна гэж бодож байна. Яахав Н.Алтанхуяг зөвхөн шар нунтаг гэж тайлбарлаад байгаа л даа. Гэтэл манай улс ураныг шар нунтгаар нь боловсрууллаа гэхэд түүнийг аль нэгэн орон худалдаж аваад түлш хийнэ. Түлшээ атомын цахилгаан стандуудад зардаг. Харин тэр түлшийг авахдаа атомын цахилгаан станцууд хаягдлыг нь та нар буцааж авна шүү гэж гэрээ хийдэг олон улсын жишиг бий. Өөрөөр хэлбэл бид ямар нэг байдлаар уран олборлох л юм бол хэзээ нэгэн цагт түүнийхээ хаягдлыг нь бид авч булшлах үүрэг хүлээнэ.” хэмээсэн юм.
Иргэдийн саналыг шууд хүлээн авч, нээлттэй ажиллана хэмээн зарлаж буй Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн сошиал хуудас болон 111 дугаарт ирсэн уран олборлохын эсрэг иргэдийн саналд огт хариу өгөхгүй байгаа төдийгүй туслах н.Тамир гэгч нь тэдгээр хүмүүсийг “Тагнуулын газарт өгнө” хэмээн сүрдүүлж буй юм.
Б.Дөлгөөн
URL: