М.ЦЭЭСҮРЭН : ӨВӨЛ 700 ХОС ГУТАЛ ЗАРЧИХДАГ

Энэ удаагийн буланд маань Гоодойн зусланд үйлдвэр эрхэлж буй өрх Цээсүрэн гуайнх орж байна. Цээсүрэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон хөгшнийхөө хамт гэрээрээ монгол дээл, хувцас хийж бусдаас дутахааргүй сайхан амьдарч байна. Тэднийд очиход 100 гаруй хос гутал, төрөл бүрийн загвартай дээл олныг хийж өлгөсөн нь тэдний хөдөлмөр бүтээлийг илтгэнэ. Ингээд түүнтэй ярилцлаа.

-Өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нэг бэрхшээл нь бүтээгдэхүүнээ борлуулах байдаг. Таны хувьд бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулдаг вэ. Ялангуяа хотоос зайдуу зусланд байгаа болохоор бүтээгдэхүүнээ борлуулахад бүр ч бэрхшээлтэй байдаг байх?
-Хөгшин маань гутал, дээлээ бариад сургууль, зах, дэлгүүрээр явж зардаг. Худалдан авагчдаа бараг ихэнхийг нь таньдаг болсон доо. Хамгийн гол нь бүтээгдэхүүнээ чанартай хийх хэрэгтэй. Эхлээд тухайн барааг худалдан авахад чанартай, эдэлгээ сайтай байх юм бол дараа нь дахиад л авна. Бас түүний найз нөхөд, ах дүү гээд шинэ худалдан авагч гарч ирдэг. Би худалдан авагч нараа өөртөө ингэж л татсан. Янз бүрийн үзэсгэлэн арга хэмжээнд оролцоход захиалга улам л нэмэгддэг. Гэхдээ бид бараг урдах захиалгаа дийлэхгүй байгаа болохоор тэр бүр үзэсгэлэн худалдаанд оролцоод байдаггүй. Одоо арай залуу байсан бол гэх үе зөндөө гарах юм. Залуу байсан бол бүгдийг нь хийчих юмсан гэж бодогддог.
-Захиалга ихтэй үед хүн хүч нэмж ажиллуулдаг уу?
-Эсгий ултай гутал, дээл, хантааз гээд монгол үндэстнийхээ хувцасыг хийдэг болохоор Цагаан сар, Наадмын үеэр захиалгад дарагддаг. Тэр үед ойр хавийнхаа хүмүүст хөлсийг нь өгөөд ажиллуулдаг даа.
-Лангуу түрээсэлж бүтээгдэхүүнээ борлуулбал илүү ашигтай юм биш үү. Энэ талаар бодож байв уу?
-Лангууны эзэд түрээсийн мөнгө өндөр нэхэх юм билээ. Бас худалдагч нарт өгөөд заруулж үзсэн. Гэтэл бараа зарагдсан ч зарагдаагүй гээд мөнгийг минь өгдөггүй. Би бараг сая төгрөгийн бараагаа ингэж алдаад одоо болтол мөнгийг нь олж авч чадаагүй. Ингэхээр өөрсдөө л барьж яваад зарсан нь дээр. Гэвч сүүлийн үед зах, худалдааны төвүүдээр заруулахгүй байгаа. Бусад наймаачид болон захын байцаагч нар гар дээрээс бараа заруулахгүй гээд хөөдөг. Энэ нь биднийг лангуу түрээслүүлж өөрсдөдөө орлого оруулах гэсэн үүднээс л боомилж байгаа хэрэг л дээ.
-Оёж урласан бүтээгдэхүүнүүд чинь үнэ өртгийн хувьд хэр байдаг юм бэ. Тухайлбал энэ хүүхдийн монгол гутал?
-Үнийн хувьд хийж байгаа материал болон том жижгээсээ хамаараад янз бүр байгаа. Найман сартай хүүхдийнхээс эхлээд 80 настай хөгшний гутал хийдэг. Хамгийн багадаа 15 мянгаас 180 мянган төгрөгийн хооронд зардаг юм. Дээлээ 150-500 мянган төгрөгөөр борлуулна. Хүний амьдрал эрээнтэй бараантай юм. Зарим нь бүр сая төгрөгийн материалаар дээл хийлгэнэ гээд авч ирж байхад нөгөө хэсэг нь 50, 80 мянган төгрөгөнд багтаагаад хийгээд өгөөч гэдэг. Бас хүүхэд маань монгол гутлаас өөр гутал өмсөхөө байчихлаа гэх хүмүүс ч бий. Бодвол хөлд нь их эвтэйхэн байдаг байх. Монгол гутал хамгийн гол нь чийг татдаггүй тул хүүхдийн эрүүл мэндэд тустай.
-Үнэ уг нь боломжийн л юм байна. Гэхдээ монгол гутал хөлд эвтэйхэн дулаахан гэдэг ч өндөр үнэтэй гэдэг?
-Наймаачид биднээс бөөндөөд хямд авдаг. Түүнийгээ өндөр үнэ хүргэдэг. Тэд бол хүний хөдөлмөрийг мөлжиж амьдардаг мэрэгчид. Тиймээс бид наймаачдад бөөнөөр нь зарахаа урьтал болгодоггүй. Биднээс авсан гутлаа бараг нэг нугалаад зардаг юм билээ. Бидний 15 мянгаар зарж байгаа гутлыг үйлдвэрлэгчдээс гуйсаар байгаад 5-7 мянган төгрөг өөр аваад цааш нь 20, 30 мянга хүргэж байна. Хүний хөдөлмөрийг ерөөсөө үнэлдэггүй. Сүүлд нь жинхэнэ өөрийнхөө нөр их хөдөлмөрийг шингээж урласан үйлдвэрлэгчид л бүтээгдэхүүнээ хэтэрхий үнэтэй зардаг гэсэн муу нэртэй хоцордог.
-Таныг харахад олон жил юм оёсон хүн шиг харагдаж байна. Ер нь та хэзээнээс өрхийн үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн бэ?
-Социализмын үед би оёдлын үйлдвэрт ажилладаг байлаа. Тэгээд засаг солигдоод ажилгүй болсноос хойш гэрээрээ оёх болсон. Өнөөдрийн бидний авч байгаа тэтгэвэр тэтгэмж амьдралд хүрэлцэхгүй болохоор гар урлалын бүтээгдэхүүнийхээ үр шимээр сүүний мөнгөөр тасрахгүй сайхан л амьдарч байна. Анх хөгшин бид хоёр “Нарантуул” ОУХТ-өөр өвлийн хүйтэнд гутлаа бариад явдаг байлаа. Одоо тэр түүх болон үлдэж дээ. Ер нь монголд амьдрах бэрх байна гэдэг. Олон сайхан залуус ажилгүй байгаа. Харин тэдэнд өөрсдөд нь ямар нэгэн юм хийе гэсэн хүсэл зорилго байх юм бол юу ч хийсэн болдог гэдгийг л хэлмээр байна.
-Та өдөрт хэдэн цаг хөдөлмөрлөж байна вэ. Ядардаг уу?
-Манайхан бүгд л өдөрт хийх ажлын хуваарьтай. Өглөө 7: 00 цагт босоод цайгаа уучихаад л ажлаа бариад сууна даа. Хүүхдээрээ хоол цайгаа хийлгэнэ бас хувцас эсгүүлдэг. Өвгөн гутлын ул наах, үрэлгээний машин ажиллуулах хуваарьтай. Одоо хөгшрөөд ирэхээр бие үнэндээ дийлэхээ байх нь.
-Дээл хувцас хийх давуу үнэд ороод байгаа. Материалаа хаанаас авдаг вэ. Нэг дээл оёход хэр хугацаа зарцуулж байна?
-Барин тавин хийхэд хоёр хонодог. Заримдаа сар ч хийх үе гарна . Уг нь баяр ёслолоор захиалга их орж ирдэг үед хэдэн төгрөг хийх санаа байдаг ч ах дүү, хамаатан садныхаа дээлийг оёоод л таардаг. /Инээв/. Гэхдээ ч бас гайгүй ээ зун гутлаа хийж хураасаар байгаад өвөл 500-700 хосыг зарчихдаг. Харин материал хүнд болоод байна. Өдөр ирэх бүр матералын үнэ нэмэгдээд чанар нь муудаад байдаг. Тэгэхээр гутлынхаа үнийг нэмэх бас хэцүү боллоо. Ер нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг ихээр хийвэл л ашиг олдог юм.
-Цаашдаа үйлдвэрлэлээ ингэж өргөжүүлье, тэгж хөгжүүлье гэсэн юм байна уу. Банкууд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зээл нэлээд гаргаж байгаа. Үүнийг хөөцөлдөж үзэв үү. Мөн хороон дээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн зээл очиж байгаа шүү дээ?
-Үнэнийг хэлэхэд төрөл бүрийн зээл хөөцөлдөхөөр хөгшин гээд хүн бүр цааргалдаг. Хороонд ямар нэгэн зээл тусламж ирлээ гэхэд ах дүүс, мөнгө авлига өгсөн хүмүүст л очдог байх. Жишээлбэл нэг сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээл хороонд ирлээ гэхэд хэнд өгөх гэсэн нэрс нь цаанаасаа хүрээд ирдэг.
-Өнөөдөр яг энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Би бол яахав хөгшин хүн. Үүнийгээ том үйлдвэр болгож чадахгүй. Харин энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлж буй уран бүсгүйчүүд зөндөө байна. Тэр дотроо бас ихэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд харагдаад байгаа. Иймээс борлуулах зах зээлийг улсаас нэгдсэн зохион байгуулалтад оруулаад түрээсийн үнийг нь хөнгөлсөн тогтолцоо хэрэгтэй. Мөн хэн дуртай нь оёсон бүтээгдэхүүнээ аваачаад бага хэмжээний төлбөр төлөөд зардаг газартай болмоор байна. Тэр газрыг нь жуулчид сайн мэддэг байвал бас зүгээр. Ажил хийвэл ам тосодно гэдэг шүү дээ. Бид хөгширсөн ч гэсэн юм оёод өөрсдийнхөө хэрэгцээг хангаад амьдраад болоод байна. Гэхдээ энэ дээр төрийн зүгээс жаахан дэмжлэг байсан бол гэж бодох үе надад зөндөө гардаг. Харин одоо засаг төр солигдлоо. Цаашдаа ажил хийх болон хийж байгаа иргэдээ төр дэмжих байх гэж найдаж сууна.
-Хүмүүс дээл, хувцас оёход сайн оёдлын машин хэрэгтэй гэдэг. Таны хувьд ?
-Насаараа гар машиндаа педал тавьж байгаад оёод дасчихаж дээ. Би гуталнуудаа гараар оёдог. Бүрээсний бор эсгий гурав давхарлаад цоохорлож оёно шүү дээ. Зах дээр наамал ултай гутлыг гараар оёсон гутал гээд зарж харагдах юм билээ.

ARDCHILAL


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих