“WINDOWS 8″-ЫН СУРТАЛЧИЛГААНД 1,5 ТЭРБУМ ДОЛЛАР ЗОРИУЛНА
Хэрэглэгчдийг байлдан дагуулахын төлөөх тэмцэл ирэх амралтын өдрүүдэд эхлэх гэж байна. “Майкрософт” корпораци персонал компьютерт зориулсан үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох “Windows 8″ программыг зах зээлд гаргахад 1,5 тэрбум доллар зарцуулахаар болжээ. Энэ тухай Британийн “Гардиан” сонинд мэдээлсэн байна.
Тэрбумтан Билл Гейтсийн үүсгэн байгуулсан корпорациас гадна “Эппл”, “Самсунг” компаниуд бас сурталчилгааны кампанит ажилд бэлтгэж эхэлжээ. Өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ сурталчлахад эдгээр гурван компанийн гаргаж байгаа нийт хөрөнгийн хэмжээ нь 5 тэрбум доллар болж байгаа юм.
Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар “Майкрософт” компани үйлдлийн шинэ системийнхээ сурталчилгаанд хоёр жилийн өмнө гар утсанд зориулсан “Windows Phone 7″ үйлдлийн системээ гаргаж байх үед зарцуулж байснаас гурав дахин их хөрөнгө хаяж байгаа аж.
“”Windows 8″-ын рекламд 1,5 тэрбум доллар зориулна гэдэг санаанд багтамгүй сонсогдож байгаа боловч сурталчилгааны зах зээлд “Эппл”, “Самсунг” зэрэг томоохон өрсөлдөгч байгааг харгалзан үзвээс ийм хэмжээний хөрөнгө зарцуулах нь боломжийн гэж хэлж болно” гэж дүн шинжилгээний “Enders Analysis” төвийн мэргэжилтэн Бенедикт Эванс ярьсан байна.
“Эппл” компани тэртээ тэргүй алдартай болсон бүтээгдэхүүнээ сурталчлахад 933 сая доллар зарцуулжээ. Тус компани “iPhone5″ смартфон болон “iPad” таблетынхаа шинэ хувилбар болон уг төхөөрөмжийн жижгэрүүлсэн хувилбар болох “iPad mini” загварыг оны эцсээр зах зээлд гаргахаар төлөвлөсөн байна.
Харин хэдийгээр гол өрсөлдөгч болох “Эппл” компанитай шүүхээр заргалдаж байгаа боловч “Самсунг” компани “Galaxy” гар утасныхаа загваруудыг сурталчлахад 2,7 тэрбум доллар зарцуулжээ. Тус компани “Эппл” компанийн патентын эрхийг зөрчсөнийхөө төлөө 1 тэрбум доллар төлсөн юм.
Өнгөрсөн оны хугацаанд “Майкрософт”, “Самсунг”, “Нокиа”, “Гүүгл”, “Эппл”, “Сони” корпорациуд зар сурталчилгаанд нийтдээ 15 тэрбум доллар зарцуулжээ.
Д.Жаргал
URL: