Оюу толгойг ойлгомжтой болгох нь л чухал
Өнөөдрийн байдлаар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх саналтай УИХ-ын гишүүдийн тоо 27-д хүрээд байгаа ч санал зөрөлдөөнтэй асуудлаар Засгийн газар, “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээнд суух хэмжээнд хүртэл байдал хурцдаагүй байгаа.
Тэгвэл өнгөрсөн даваа гарагт хуучнаар “Айвенхоу Майнз” буюу одоогийн “Turguoise Hiil Resources” компанийн захирлуудын зөвлөлийн Кай Престлин “Ройтерс” агентлагт мэдэгдэхдээ “2010 оны гуравдугаар сард хүчин төгөлдөр болсон Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын улстөрийн тодорхой хүчин, хувь улстөрчид дахин хэлэлцэж, засвар оруулахыг хүсэмжлэх болсон нь хэзээ мөдгүй үйлдвэрлэлээ эхлэх гэж байгаа одоогийн нөхцөлд хүлээж авах боломжгүй хувилбар юм.
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноороо Монгол Улс цаашид гаднаас хөрөнгө оруулалт хүлээж авах найдвартай орон болох үндсийг тавьсан” гэсэн байна.
Түүнчлэн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүүлийн үед байнга шахам цацагдах болсон Оюу толгой төслөөс монголчуудын хүртэлх нийт хувь хэмжээг 71, харин хөрөнгө оруулагчдын ашгийг 29 хувь гэсэн тооцоог Олон улсын валютын сангийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар, нарийн тооцоо судалгааны үндсэн дээр 2010 онд хийгдсэн бодит тоо баримт гэдгийг дурджээ.
Оюу толгойн баялгийг ухаж авах Канад эздийн нэг нь ийнхүү мэдэгдсэн байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Уянга “Оюу толгойн ордын зэсийн нөөц нь Эрдэнэтийн нийт нөөцөөс долоо дахин их. Алт нь Бороогийн алтны нөөцөөс дөрөв дахин их. Гэтэл ийм их баялгаа хөрөнгө оруулагчдад 30 жил хөнгөлөлттэй ухуулах зөвшөөрөл өгчихөөд сууж байна. Үндсэндээ монголчууд Оюу толгойгоос 25 жил ямар ч ашгийн татвар авч чадахгүй болчихоод байгаа” гэсэн хатуу байр суурьтай байгаа.
Харин УИХ-ын ги-шүүн С.Ганбаатар “Хөрөнгө оруулагчид өнөөдрийн байдлаар зургаан тэрбум ам.доллараар бүтээн босголтын ажил хийсэн гээд байгаа. Тэгэхээр тэр мөнгөний 34 хувийг монголчууд төлөхөөр болчихоод байна. Ийм байдлаар явбал монголчууд Оюу толгойгоос овоолсон хар нүх л хүлээж авна. Өөр ямар ч гарц байхгүй” гэсэн тун ч хатуу үзэл бодол дээрээ гуйвшгүй зогсохоо мэдэгдсэн.
Өнөөдрийн байдлаар монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх горьдлого итгэл, бас харуусал, цөхрөл дагуулсан Оюу толгойг тойрсон эсрэг тэсрэг байр суурь иймэрхүү л мэдээллүүдэд тулж ирээд таг зогсчихоод байгаа. Одоохондоо яаж ч ухаж төнхөж гадаад, дотоодын аль ч мэдээллээс шүүрдэж хөөгөөд УИХ-ын гишүүд ч олигтой үр дүнд хүрэх найдваргүй байхад Монгол Улсын жирийн иргэн хэн бугай ч Оюу толгойн талаар цэгцтэй ойлголтонд хүрэх ямар ч боломжгүй, хаалттай бүс юм. Ямартай ч тун удахгүй анхны хүдрээ баяжуулж эхлэх алт эрдэнэсийн авдар Оюу толгойд ахиухан монгол иргэд ажиллаж, тэр хэрээр айл өрх болгонд орж ирэх бодит орлого өсч л байвал Монголын амьдралд оруулах өнөөдрийн хамгийн чухал хөрөнгө оруулалт болох юм.
Сургалтын хөтөлбөрүүдэд 125 сая ам.доллар
зарцуулсан
Оюу толгой төслийн Сургалтын хэлтсийн ерөнхий менежер Канадын иргэн Терн Ван Хегн, ахлах ажилтан Д.Анхчимэг нар “Оюу толгой төсөл одоогийн байдлаар сургалт хөтөлбөрүүдийнхээ хүрээнд 3300 гаруй мэргэжилтэй ажилчин бэлтгэж, уурхайн ашиглалтын ажилд ажиллуулж байгаа” гэж мэдэгдлээ.
БШУЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Шинэ төгсөгч хөтөлбөр” нь 2011 оноос хэрэгжсэн бөгөөд хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалт нь өнөөдрөөс эхэлж байгаа ажээ.
Энэ удаа их дээд сургуулийг уул уурхай, хими технологи, мэдээллийн технологи, санхүү маркетингийн чиглэлээр бакалавр, магистрийн зэрэгтэй төгссөн төгсөгчдийн дунд сонгон шалгаруулалт хийж, 42 төгсөгчийг “Шинэ төгсөгч” хөтөлбөрт хамруулах гэнэ.
Сонгон шалгаруулалт арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд тэнцсэн төгсөгч эхний нэг жил Оюу толгойн уурхайд ажиллаад дараагийн жил нь “Рио Тинто”-гийн харьяа уурхайнуудад дадлага хийж дэлхийн стандартад тэнцэхүйц мэргэжилтнүүд болох ажээ.
Өнөөдрийн байдлаар 2011 оны “Шинэ төгсөгч” хөтөлбөрт хамрагдсан төгсөгчдөөс 17 нь АНУ-д, зургаа нь Авсралид, нэг төгсөгч Сингапурт мэргэжлээрээ ажиллаж байгаа гэнэ.
Оюу толгой төслөөс хэрэгжүүлж байгаа сургалт хөтөлбөрүүдийн гол зорилго нь компанийн ирээдүйг авч явах чадварлаг монгол мэргэжилтнүүүдийг бэлтгэх явдал гэдгийг Оюу толгой төслийн Сургалтын хэлтсийн мэргэжилтнүүд онцолж байлаа.
2011,2012 онд их дээд сургуулийг 3.2-оос дээш голч дүнтэй бакалавр, магистрийн зэрэгтэй төгсөгчдийг уралдаант сонгон шалгаруулалт хүлээж байна. Тэнцсэн тохиолдолд саяас дээш цалинтай уурхайн инженер, санхүү-гийн ажилтан, хими, технологийн мэргэжилтнүүд болж өнөөдөр монгол хүн бүрийн амны уншлага, мөрөөдөл болоод байгаа Оюу толгойн ажилтан гэгдэх алтан боломж цаана чинь байна шүү, залуус аа.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: