НАСАНД ХҮРЭЭГҮЙЧҮҮДИЙН 7.2 ХУВЬД НЬ ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЖЭЭ
Шүүхээс насанд хүрээгүй хүүхдүүдэд ял оногдуулахдаа шийтгэн цээрлүүлэхийг урьтал болгох бус харин тэдгээрийг хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаардаг. Тухайлбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй 288 хүүхэд ял шийтгүүлсэн байна.
Үүнээс 230 хүүхдэд хорих ял оногдуулж, 52 хүүхдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, үлдсэн 6 хүүхдэд бусад төрлийн ялыг оногдуулжээ. Хорих ял шийтгүүлсэн нийт хүүхдийн 209-ийнх нь ялыг хуульд зааснаар хойшлуулсан байна.
Харин 21 хүүхдэд буюу 7.2 хувьд нь л хорих ялыг биечлэн эдлүүлсэн бөгөөд тэдгээр нь онц хүнд буюу хүнд гэмт хэрэг үйлдсэн эсвэл давтан гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд аж.
Сүүлийн 3 жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхэд ял шийтгүүлэх тохиолдол харьцангуй өсч байгаа бөгөөд 2009 онд 386, 2010 онд 451, 2011 онд 542 хүүхэд шүүхээс ял шийтгүүлжээ. Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн улмаас ял шийтгүүлсэн насанд хүрээгүй хүүхдийн тоо 48-аар буюу 16.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдох тохиолдол харьцангуй их байгааг харуулж байгаа юм.
Н.Туяа
URL: