Н.Энхбаярын үсийг Америк руу шинжилгээнд явуулжээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хордуулсан гэж гэргий О.Цолмон нь үзсэн тул үснээс нь дээж аван сарын өмнө Өмнөд Солонгос руу шинжилгээнд явуулсан байна.

Шинжилгээгээр экс Ерөнхийлөгчийг Хордуулсан нь үнэн. Харин яг ямар хороор хордуулсан нь одоогоор тодорхойгүй гэсэн хариу гарсан гэнэ. Гэвч энэ талаар одоогоор Н.Энхбаярын гэр бүлийнхэн ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа бөгөөд хариуг нь тодорхой болгох зорилгоор экс Ерөнхийлөгчийн үснээс дахин дээж авч 10 хоногийн өмнө АНУ-руу шинжилгээнд явуулсан аж. Одоогоор шинжилгээний хариу ирээгүй гэнэ.

Энэ мэдээллийн мөрөөр Клиникийн нэгдсэн II эмнэлгийн захирал Г.Баясгалантай уулзаж энэ талаар тодруулах гэсэн боловч тэрбээр ээлжийн амралтаа авсан гэх юм. Мөн тус эмнэлгийн Эмчилгээний тасгийн эмч нартай уулзаж энэ талаар тодруулах гэсэн боловч “Өвчтөнийхөө талаар мэдээлэл өгөх хориотой байдаг юм” гэсэн хариу өгөв.

Ингээд МАХН-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас зарим асуултад хариулт авлаа.

-Сүүлийн үед Н.Энхбаяр даргыг хордуулсан гэх мэдээлэл ихээр гарах боллоо. Та намын дарга гэдэг үүднээс нь бус Монгол Улсын иргэн, тэр дундаа төрд зүтгэж явсан төрийн зүтгэлтэн хүн талаас нь түүнийг хордуулсан гэдэг хариу баталгаатай эсэхэд тайлбар өгөхгүй юу?
-Хордуулсан гэдэг нь яг одоогоор тогтоогдоогүй гэж бодож байна. Хордуулсан хордуулаагүйг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан эрүүл мэндийнх нь байдал ноцтой үр дагавартай хүнд байгаа. Амархан зүгээр болохооргүй нөхцөл байдалд ороод байгаа юм. Харин хордсоныг нь оношлогоогоор л тогтооно. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын анагаах ухаанд Н.Энхбаяр дарга тийм хоронд хордсон байна гэж тодорхойлж гаргах хүчин чадал алга байна.

-Н.Энхбаяр даргыг баривчлах үедээ хордуулсан гэсэн таамаг гараад байсан. Та хувь хүнийхээ хувьд өөрийн бодлыг хэлэхгүй юу?
-Яг энэ тэр гээд оноод хэлчих зүйл одоогоор алга байна. Тэндээс хордуулсан гээд заагаад өгчихөөр зүйл одоогоор бидэнд байхгүй байна. Ерөнхий биеийн байдлыг нь ямар байгааг л бид одоогоор мэдэж байгаа.

-Н.Энхбаяр даргын үснээс авч Өмнөд Солонгос руу шинжилгээнд өгч явуулсан гэсэн тэндээс ямар хариу ирсэн бэ?

-Ар гэрийнхэн нь үсийг нь шинжилгээнд явуулсан гэж би сонссон. Яг одоогоор эрүүл мэндийн хувьд баттай хэлэх юм бидэнд алга байна. Гар хөл нь мэдээ алдаад байгаа нь юунаасаа болоод байгаа гэдэг талаар их болгоомжтой хандаж байгаа гэсэн. Одоо болтол хоол идэх дуршил нь сэргээгүй байгаа. Хоол боловсруулах эрхтнийх нь салт бүрхэвч гэж байдаг юм. Түүнээс нь ялгарах фермэнтүүд нь ялгарахгүй байгаа гэсэн. Иймээс түүний ходоодыг дурандаж харахад маш хүндрэлтэй байгаа. Мөн захын мэдрэлийн системүүд нь гараад байгаа өөрчлөлтүүд байна. Түүнийг нь яг ямар шалтгаан нөхцөлөөс болоод байгаа вэ гэдэг оношийг бүрэн тавихад хэцүү байгаа юм. Тийм учраас үүнээс илүү тусламж үзүүлэх боломж бидэнд хараахан алга байна.

-Хэрэв хордсон гэдэг нь тогтоогдсон тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ. Энэ зүйлд Клиникийн II эмнэлгийн эмч нар буруутай болж таарвал яах вэ?

-Эмнэлгийн зүгээс хордуулсан гэх ямар ч үндэслэл байхгүй. Эмнэлэгт хүн хордох ямар ч нөхцөл байхгүй гэж болно. Эмнэлэгт одоогоор хүнд нөхцлөөс аварч, хордлого гаргах эмчилгээ үйлчилгээг нь сайн хийх сэргээн засах тийм л үйлчилгээг хийж байгаа. Эмнэлгийн зүгээс ямар нэгэн тийм хордуулсан үйл ажиллагаа байхгүй гэдгийг 100 хувь баталгаатай хэлнэ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хордуулсан гэх мэдээлэл одоогоор нотлогдоогүй байгаа аж. Түүнд эмчилгээ хийж байгаа бөгөөд нөхөн сэргээх эрчимт эмчилгээ хийж байгаа гэнэ. Харин түүний биеийн байдал хэзээ сайжрах нь тодорхойгүй байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээлэв.

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих