Буруу тактиктай “тулаан”

Эрт урьдын цагаас арай сүүлд, энэ манай үеэс арай өм­нө Улаан­баатар хотод амьдарч бай­гаа иргэд цэвэр агаа­раар амьс­галж, зам дээрээ түгжрэх­гүй, гэр хорооллын гудамжинд нь угаадас “үер­лэдэггүй”, үнс манардаггүй бай­­лаа. Утаа бол бүр сураггүй.

Гэ­тэл ши­нэ мянган эхэлснээс хойш нийс­лэл утаа хэмээх “ман­гас”-д бүрэн эзлэгдэж, Монголчууд өвөл­дөө гамшиг болсон бүсэд амьдарч эхэлсэн. Энэ бол түүх. Гэхдээ гашуун түүх. Дахин дахин ярьж, сануулж, өвлийн улирал хаяанд ирэхээр “утаа айсуй” гэж бүгд хашгирах ёстой нь үнэн.

Нэг хэсэг бид утааны ту­­хай ярихаас биш дорвитой ар­га хэм­жээ авч эхлээгүй. Тэгж яв­саар өнөөдөртэй золгов. Харин азаар 2011 онд “Цэвэр агаар” сан байгуулагдаж, утаатай хийх тэмцэл, бослого жинхэнэ утгаа­раа эхэлсэн. Өмнө нь агаарын бохирдолттой, утаатай тэмцэхийн тулд төрөөс 500 сая төгрөг тө­сөвлөж, энд тэнд бохирдлын хэм­жээг хянах самбар энэ тэрхэн бай­гуулж байсан.

Одоо бол 30 тэр­бум төгрөг жилдээ төсөвлөж, нэн түрүүнд агаарын бохирдлыг гамш­гийн хэмжээнээс гаргахын тулд ажиллаж эхэллээ. 500 сая төг­рөгөөр самбар байгуулж байс­ныг бод­вол ахиц. Гэхдээ л утаатай хийх, агаарын бохирд­лын эсрэг тэм­цэх “тулаан”-ы тактик нэг л бу­руу болоод байх шиг. Хэрвээ энэ янзаараа удаан үргэлжилбэл бид утаа, агаарын бохирдолд ялаг­дах шинжтэй. Ялагддаггүй юм аа гэхэд, зөв тактик хэрэглэж, агаа­рын бо­хирдлоос салах гэ­сээр бай­тал маш их хохирол ам­сах гээд байна. Асуудлыг арай эн­гийнээр тайлбарлах гээд үзье. Улаанбаатарыг эзлээд бай­гаа утаа­ны “арми”-ийг 100 мян­ган “цэрэг”-тэй гэж үзвэл гэр хо­роол­лынхны үйлдвэрлэж бай­гаа нь 60 мянга болж байгаа юм.

Харин нийслэлийн зам дээр багтахаа больсон автомашины үйлдвэрлэж байгаа нь 20 мянга. Уурын зуухнуудын үйлдвэрлэж байгаа утааны армийн цэрэг зургаан мянга. Үлдсэн 20 мянга нь бусад холбоотон, хамсаатаных нь цэрэг байна. Гэтэл агаарын бохирдолтой тэмцэх арми хүчээ буруу хуваарилчихаад байна, энэ жилийн байдлаар. Учир нь агаарын бохирдолтой хийх тэмцэлд үндсэндээ 130 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ мөнгөний 100 тэрбумыг нь эрчим хүчний болон бусад холбогдолтой ажил хийхэд зарцуулахаар болсон. Үндсэндээ утаа үйлдвэрлэлийн зургаан хувийг эзэлж байгаа жижиг уурын зуухнуудыг сольж, гэр хорооллын айлуудыг үндсэн шугамд холбох энэ тэр гээд томоохон ажилд зарцуулж байгаа юм билээ.

Харин 30 тэрбумыг нь  агаарыг бүрхэж байгаа утааны 60 хувийг үйлдвэрлэж байгаа гэр хорооллын “арми”-тай тэмцэхэд зарцуулна. Уурын зуухнуудаас даруй 10 дахин их утаа үйлдвэрлэж байгаа гэр хорооллыг “даран сөнөөхөд” 30-хан тэрбумыг өгсөн хэр нь хэтийн төлвийг харж хийж буй ажилдаа 100 тэрбумыг зараад байгаа нь ямар учир юм бүү мэд. Дээр дурьдсантай адил бид утаанаас салах нь сална, гэхдээ их хохирол амсана.

Цэрэг, дайнтайгаа зүйрлүүлж хэлбэл, 130 мянган цэрэгтэй армитай манай төр засаг  60 мянган цэргийн өмнөөс 30 мянган цэргээ явуулчихаж байгаа байхгүй юу. Тэгсэн хэр нь дайсны хамгийн сул хүч болох зургаан мянган цэрэгтэй дайсан руу 100 мянган цэрэгтэй үндсэн армиа илгээгээд байна. 100 мянган цэрэг зургаахан мянган цэргийг нэг их хохирол амсахгүйгээр даран сөнөөж, устгаж чадна. Гэтэл 60 мянган цэргийн өөдөөс хоёр дахин бага хүчээр тэмцэхээр хэзээ ялалтын мэдээ дуулах вэ. Ёстой нөгөө Спартанчууд шиг юм болох байлгүй. Сайндаа л 60 мянган цэргийн талыг нь үгүй хийлээ гэхэд цаана нь тал нь үлдэнэ. Дээрээс хөдөөнөөс жилд 10 мянган өрх нэмэгдэж ирж байгааг тооцоод үзвэл дайсны арми түргэн хугацаанд хүчээ сэлбэж байгаатай ялгаа алга. 100 мянган цэрэг дайнд ялж, дархан цолоо мандуулж ирчихээд, дайсны үлдсэн, хүч сэлбэсэн армитай тулалдах гэсээр байтал олон цэргээ алдаж, хүнд хохирол амссан байх вий. Манай төрийн утаатай хийж байгаа тэмцэл яг ийм байна.

Түүний оронд энэ жилдээ хөрөнгө оруулалтаа солиод үзэх байсан юм. “Цэвэр агаар” санд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт өгөөд, утааны 60 хувийг үйлдвэрлээд байгаа гэр хорооллынхонтой дорвитойхон тэмцсэн бол бид энэ өвөл “утаа буурсан байна шүү. Илт мэдрэгдэж байна” гэж ярих ч байсан юм бил үү, хэн мэдлээ.

Утааг бууруулахын тулд гэр хорооллын 180-200 мянган өрхийг шууд орон сууцанд оруулж чадахгүй. Хэрвээ тэгдэг бол утаа өргөс авсан юм шиг арилж таарна. Нэг л өдөр бүх гэр хорооллын айлуудыг төвийн шугамд холбоод, бүгд хаустай болчихвол утаа ор мөргүй арилах нь үнэн. Гэхдээ эрх баригчдын гар тэнийгээд, гэр хорооллынхон төвийн шугамд холбогдож, ядаж дөрөвний нэг нь байранд орох гэсээр байтал “дэлхий сөнөх” байлгүй.

Уг нь гэр хорооллын айлуудыг төвийн шугамд холбох боломж бол байгаа. Түүний тулд хөл гарын хэдэн хуруунд багтахгүй их тэрбум төгрөг хэрэгтэй. Дээрээс нь тавдугаар цахилгаан станц нээлтээ хийсэн байх шаардлагатай. Тэгээд дараа нь айлуудын гудамжинд болон хашаан дотор нь шугам тавина гээд заваарсан их ажил бий. 100 мянган айлын орон сууц барихын тулд ч хугацаа хэрэгтэй. Барьсны дараа орж чадах хүн хэд байх нь уу гэдэг сонин. Төр хэдэн хувийн хүүтэй зарж, ард түмнээ “мөлжих”  вэ гэдэг ч сонирхолтой. Тэр хугацаанд агаарын бохирдолттой хэрхэн тэмцэх ёстой вэ гэдэг чинь л тулааны зөв тактик. Жил бүр 30 тэрбум төгрөг төсөвлөөд, бага багаар багасгах гэж үзсээр 10-аад жилийн нүүрийг үзэх үү.

Эсвэл нэг жил зориглоод, 100, магадгүй 200 тэрбум төгрөг төсөвлөөд, гэр хорооллын бүх айлын зуухыг сольж, давхар автомашины утаатай, уурын зуухнуудтай, шатахуун түгээх станц, үнс, угаадас гээд агаарыг бохирдуулж байгаа бүх зүйлтэй 1-2 жилийн дотор цогцоор нь тэмцэж, иргэдээ гамшгаас аврах уу гэдэг нэг өөр. Миний бодлоор дайсны 60 мянган цэрэг рүү 100 мянган цэрэг илгээж, бут цохьчихвол үлдсэн 40 орчим мянган цэрэг нь аяндаа буугаад өгчих байх гэж сэтгэх юм. Дайны урлаг  гэдэг ч уг нь нарийн байдагсан даа, төр засгийнхан минь.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих